Skip to main content

Сохор мэргэн

Юм бичихийг хичээн хэрэгтэй, хэрэггүй цонхнуудаа хаачхаад салхи орог гэж цонхоо нээлээ. Өчигдөр өнөөдөр хоёр жоохон сэрүүхэн байх шиг. Би цаг уурч шиг л цаг агаарын талаар бичих юм гэж бодсон боловч ирээдүйг биш өнгөрснийг бичээд байгаа болохоор тэрэндээ итгэлтэй биш болов. Олон жилийн дараа өөрөө эргэж уншаад ямар өдөр яаж мэдэрч байсан гэдгээ санах юм болов уу гэж бодно. 2023 оны 6н сарын 28 шүү. Гурав дахь өдөр. Өөр тодотгочихоор юм алга. Дурдатгалдаа чимэг зүүчихээр ч зүйл тохиолдоогүй юм шиг санагдана. 6н сарын 21-нээс ялгаатай зүйл нь юу байсан бэ? гээд асуувал мэдэхгүй л гэх байх даа.

Ирэх лхагва гараг харин өмнөхөөс өөр байх нь. Одоо дассан нөхцөл байдлаа өөрчилж байгаа юм. Магадгүй тэр үедээ илүү тодруулан бичих л байх. Хэрвээ олон ангит кино байсан бол хадны ирмэг дээр зогсож байгаа юм даа. Ууртай хүн бол уурлах л байх. Олон жилийн өмнөх 6н саруудаа бодлоо. Бусдаас ялгарах зун нь хаана эхлэв. Хэдэн он байсан бэ гэдгээ санадаггүй. Хөгширч байгаа юм болов уу. Хөөрхий хүмүүс бид бүгд л адилхан юм болов уу. Зарим хүмүүсийн амралт зугаалга эхэлж байгаа байх даа. Би ямар амарч чадах биш. Мөн л дэлгэцээ ширтээд л суух юм уу даа. Амрана гэхээр л яаж, яагаад гэсэн бодлууд орж ирнэ. Магадгүй өвгөн болсон хойно оо юунд тэгтэлээ ихээр би шаналж байсан юм бэ гээд харамсах байх даа. Одоо бол өнгөрч байгаа ч юм биш, атаархаж байгаа ч юм биш. Байдгаараа л байгаа нь.

Өдөр болгон нэг шинэ юм бичихийг хүсэх боловч бараг бүтэхгүй дээ гэж бодно. Арай л их цаг, хөдөлмөр хэрэгтэй байх даа. Одоо тэгээд юуны ч тухай бичих билээ. Ядаж өдөр бүр өөрийнхөө хуучин зүйлсийг засаж янзлаад оруулаад байвал бас зүгээр ч юм шиг. Тэгэвч тэрнээс ямар үр дүн хүснэ вэ? Номтой болох юм болов уу. Үгүй л байх даа. Ноорог л үүсэх биз. Бусдад магтагдмаар байгаа юм шиг. Тэгсэн атлаа тэрнээсээ ичих. Ичсэн мөртөө тэрийгээ хаа сайгүй холбоосыг нь оруулна. Оруулсан хойно оо тэд нарт зориулж юм бичих ёстой юм шиг мэдэрнэ. Мундаг болмоор байгаа атлаа мундаг болж мэдэхгүй байгаа юм даг уу. Сургуулиа төгсөөд л ажилд оров. Ороод л өөрөө бүгдийг нь шийдээд хийнэ. Тэгнэ ингэнэ, тэр энэ нь сайн гэж заачихаар хүн байгаагүй юм шиг. Бүгд л надтай адилхан сураад, надаас зарим нь илүү, зарим нь дутуу мэднэ. Би донтоод байдаг юм шиг байгаа юм. Болохгүй бол зүтгээд л байна. Зүхээд л нухаад байна. Тэгээд одоо болохоор хөгширчихсөн. Намайг л мэдэх ёстой гэнэ. Би тэгтэл мэдэхгүй. Мэдэхгүй болохоороо мэдэхгүй нь ээ л гэнэ.

Ментортой бол л гэнэ. Бодигийн ментор, боловсролын ментор, бизнес ментор, болзооны ментор гээд л бүх зүйл дээр ментор хэрэгтэй юм шиг байх юм. Магадгүй ментор олдог апп хийвэл өөрөө сайхан ашиглах юм болов уу. Би яахав мөнгө төгрөг гэхгүй ээ. Эндээс санаа яваад хийгээд баяжих юм бол надад үнэгүй эрх өгөхөд л болно.

Чаддаггүй зүйлээ хүн чаддаг болчихлоо гээд баярладаг байх даа. Би болохоор зөв байгаа даа гээд л санаа зовно. Цаана нь хүмүүс хэрэглээд ашиглаад байгаа болохоор болоод л байгаа юм байх даа гэж гайхна. Хааяа нэг онгирч би мэдэхгүй бол хэн мэдэх юм гэж хэнхэглэнэ. Чадахгүй л дээ цаадах чинь толгойгоо гашилгаж шөнөжин суугаад жоохон болох шинжтэй юм шиг болохоор нь хүнд үзүүлж гайхуулж байгаа царай нь. Нойр муутайдаа мансуурсан байгаа төрх нь. Унтаад сэрэхээрээ ээ! гээд л дуу алдана буй за. Гэхдээ яахав ээ би бас өөрөөсөө арай илүү болсон юм шиг байгаа юм. Хорьтойдоо бол юугаа ч мэдэхгүй дайраад л зүтгэдэг байлаа. Одоо бол арай өөр байх шиг. За ингэж хийвэл арай болохгүй дээ. Алдаад бол үзчихсэн байгаа юм. Оноод нэг үзэх хэрэгтэй юм шиг. Онч мэргэн болчхоод орчлон хорвоогоор нэг зарлана аа.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....