Skip to main content

Ийм нэгэн зүүд

Үүнийг анхнаас нь л би зүүд гэдгийг нь мэдэж байсан. Хэдийгээр мэдэж байсан ч дурлачихсан. Дурлачихсан болохоор бичихээс өөр аргагүй болсон. Одоо та үүнийг уншиж байгаа болохоор нэг юм гуйхад битгий дурлаарай. Би өрсөлдөхөөс үхтлээ айтлаа дурлачихсан болохоор...

Хөгжмийн сүүлчийн ая тасрахад сэмээрхэн босож орондоо орлоо. Харанхуйд тааз ширтэн өдрийн явдлыг дурсахыг хичээнэ. Ахиад тэрэнтэй уулзах болов уу? гэсэн асуулт хамгийн түрүүнд толгойд орж ирэв. Харин хамгийн сүүлд уулзаж л таараа хэмээн өөртөө хэлснээ л санаж байна.

Цэцэг гэдэг ургамлыг судалж байгаагүй болохоор сарнай гэдгийг нэрлэхээс өөр юм мэдэхгүй болохоор ямар цэцэгс нүдний өмнө алаглан байсныг хэлж чадахгүй. Харин тэнд шар, ногоон, ягаан цэцэгс хамгаас илүүтэйгээр өнгө нэмэн үзэгдсэн. Тэгтэл цэцгийн өнгөнд шунасан түм буман эрвээхэйнүүд нүүрний өмнүүр эргэлдэж эхлэх үед зөөлхөн салхи нүүрийг илж өнгөрөөд тэр нүдний өмнө гараад ирлээ. Ямар нэг дугуй ширээний ард суусан үзэгдэнэ. Яг л бага байхад нэг удаа хүүхдийн паркт сууж үзсэн эргэдэг сандал хэмээх тоглоом шиг голдоо хүрдтэй ширээ. Би шууд л ширээнд суулаа. Тэгээд тэр эргүүлж гарав. Би ч хүч нэмэн эргүүлж гарлаа. Биднийг тойрон салхи эргэлдэнэ. Салхийг даган эрвээхэйнүүд нисэлдэнэ. Цэцэгс харин тэртээ доор өнгө алаглуулан найгацгаана. Бид хоёр нисэж байх юм. Яг үүлэн дээгүүр. Ширээнээс үсрээд л шууд газардчихмаар тийм оройхноор үүлэн дээгүүр нисэж байв. Үүл нэг тийм хөвсийсөн зөөлхөн харагдах аж. Уртаас урт үргэлжлэх нь далай мэт гүн хар мэдрэмж төрүүлнэ.

Аажуухан доошилж эхэлсэн нь хөлийн шагайг даван буй хүйтнээр мэдрэгдэж байлаа. Үүл яагаад ч юм мөс мэт хүйтэн мэдрэмж төрүүлэх нь аймшигтай ч юм шиг. Яг л усанд живж буй мэт.

Нэг мэдэхэд үүлнээс доогуур газар руу тэмүүлэн хурдалж байлаа. Уулын цаагуур жаргах шахсан нарны гэрэл таатайгаар ээнэ. Харин бид хоёр ухаан жолоогүй ширээн дээрх хүрдийг эргүүлсээр л. Тэгсэн атлаа хэнийхэн ч нүдэнд айдас, гуниг, гүн харанхуй байсангүй. Гагцхүү өнөөх нар адил оч гялалзана. Эргэн тойрон чулуун хана сүрлийн үзэгдэнэ. Ханыг үзэмжит хээ угалзаар гар гарган чимэглэжээ. Харин хүмүүс энэ бүхнийг бахдан харах зав чөлөө өгөхгүй эргэлдэн бүжиглэнэ. Гүнж нар ханхүү нартай, хатад хаад, ноёд үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй хос хос болоод ордны танхимыг тойрон эргэлдэнэ. Уянгат вальсын ая дотроос гижигдэнэ өөрийн эрхгүй бүжиглэх хүсэл төрүүлэх юм. Тиймээс ч бид хоёр бүжиглэж эхэллээ. Ширээн дээрх хүрдээ нааш цааш эргэлдүүлэн бүжиглэнэ.

Өдрийн байсан үүл ор сураггүй алга болоод шөнийн тэнгэрийг сар, ододтой хамт чимжээ. Одоо бид хоёр пуужин адил тэнгэр өөд тэмүүлнэ. Энэ бүх хурдны өмнө даанч хүний нүд хүчин мөхсөдөх үед нүдээ аниад нээхэд сая л тэртээд үзэгдэж байсан одод дэргэд ирээд харин дээр нь байсан дэлхий оддын нэг болчхоод алсад гялалзана. Яагаад ч юм бэ!? дэлхий гэдэг од бусдаас өөрөөр гялалзах юм. Харах бүрийд сэтгэл түг түг хийгээд. Эргэн тойрон хуурай шороо элс мэт шаргалтан үзэгдэнэ. Хуучин сэтгүүлийн нүүрэн дээрээс харж байсан яг л тэр Ангараг гаригийн хөрс мэт үзэгдэнэ. Эргэн тойрон ямар ч чимээ аниргүй болоод тэр бид хоёроос өөр хэн ч энэ хорвоо ертөнц дээр байхгүй болчхов. Одоо л би түүнийг хамаг анхаарлаа хандуулан ажлаа. Гэтэл зүрх нь түг түг хэмээн сонсогдож хамаг бодол сарниулж орхив. Чимээ аниргүйд уйдсандаа биш ийм чангаар бөмбөрдөн буй зүрхний минь цохилтыг сонсчих вий гэсэндээ байдаг чадлаараа ширээний хүрдийг эргүүлж эхэлтэл тэр ч гэсэн өнөөх инээмсэглэлээ үзүүлсээр эргүүлж гарав. Яг л би сонсчихсон шүү гэх мэт нүд нь намайг цоо ширтээд шоолох мэт инээмсэглэнэ.

Хад чулуу сугарч унан гүн хар тэнгисийн ёроолд унахын өмнөх ёолоон мэт цүл хийх чимээ чихэнд хадахад сая л нэг ухаан орж харвал далайн ёроолд шумбаж байв. Наргүй энэ гүн харанхуй ёроолд яаж харж байна хэмээн бодож байгаа байх. Тийм биш шүү. Далайд ч гэсэн нар байдаг юм байна лээ. Яг л тэнгэрийн нар шиг үзэсгэлэнтэй тийм л нар далайн ёроолд манддаг юм байна лээ. Харин зүүд л байсан нь харамсалтай. Эхлээд загаснууд бид хоёрыг тойрон эргэлдэж байснаа аажмаар лусын хүмүүс уянгат дунгаа уянгалуулан бид хоёрыг сониучирхан эргэлдэнэ. Зарим нь ч бүүр гар даллацгаана. Бид хоёр ч гар даллалаа. Тэгээд дотор сонин болох үед явах цаг болсныг мэдэцгээн хүрдээ эргүүлж эхлэв.

Өглөөний хурц нар нүд гялбуулахад онийн байж нүдээ нээлээ. Би сэрчихжээ.

_______________________________

Hanper

2010 оны 09-р сарын 29

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...