Skip to main content

Магадлал, статистик, эдийн засаг

Гудамжинд бөмбөг шидэх хоёр жаал маргалдана. Миний бөмбөг оруулах магадлал 50%. Би бөмбөг шидэх бүрд бөмбөг орно, орохгүй гэсэн хоёр л боломж буй. Нөгөө жаал нь нусаа арчин хамраа үрчийлгээд хэлэх үгээ бэлдэнэ. Чи муу нусаак ямар тоглож чадах биш арав шидэж азаар нэг хийвэл их юм. Тэгж бодох юм бол чиний бөмбөг хийх магадлал ердөө 10%. 50% -тай жаал мөчөөгөө өгөхийг хүссэнгүй. Тэгвэл хоёулаа мөрийцье. Би хоёр шидээд аль нэгийг нь оруулбал чи надад юу өгөх юм? Хоёр дараалж шидвэл хэн ч хийнэ шүү дээ!

Хоёр хүн тутмын нэг нь эмэгтэй тэгтэл надад найз охин олдохгүй байна хэмээн хоёр найз хундага тулган сууна. Хотын нөгөө захад хоёр хүүхэн хов ярих уу, залуу ярих уу? гэдгээ мэдэхгүй хоёуланг нь ярина. Хоёр хөөрхний яриаг чагнах нь ээ. Хотын хүн ам нэг сая гарсан нь асуудал биш боловч улсын гуравны нэгээс их тул яах аргагүй зовлон болоод байгаа аж. Зарим нэг хүмүүс ганц нийслэлдээ гурван саяулаа шахцалдаад үлдсэн газраа малтаж зараад гэдсээ илэн жаргах боломж байгаа аж. Алтан өргөө барьж, алтан аяганаас ус уух агаад үүнийгээ нүүрс, зэсээр төлөхөөр шийджээ. Даанч болсонгүй, дэлхий биднийг сайхан амьдрахыг үзэж чадсангүй. Нүүрс авч, зэс хэрэглэхээ больчихов.

Ерөнхийлөгч, ерөнхий сайдаас асууна.
Е(ээ): Ерөнхийдөө хүмүүс юу хүсээд байна вэ?
Е(эс): Ердөө л сайхан машин, сайн хань, дажгүй байр, давгүй цалин.
Е(ээ): Еэс, бид нар тэр боломжийг өгч чадах юм байна тэ?
Е(эс): Еэ халаг, яаж тэгж болох билээ. Өөр юм хүсээд эхэлнэ шүү дээ.
Е(ээ): Елцин минь, Ленин минь нүгэл үйлдэх шахаж дээ, би. Одоо тэгвэл яалтай билээ?
Е(эс): Ер нь бол ерөнхийлөгчөө та ерөнхийдөө зөв асуултаа асуух хэрэгтэй байгаа юм.
Е(ээ): Еэ за тэр нь юу билээ.
Е(эс): Ердөө л дараа дахин яаж сонгогдох вэ шүү дээ.
Е(ээ): Еэ тэрийг чинь тэгээд яаж хийх билээ?
Е(ээ): Ер нь бол амархан мөнгө өгч, молиго үмхүүлэхэд л болно.
Е(ээ): Е(эс).

Өчигдрийн хоёр жаал өнөөдөр бөглөө тоглоно. 50%-тай жаал өнөөдөр бас 50% - аа ярина. Би энэ бөглөөг дээшээ шидээд шүүрч авах бүрд гадна, дотор талаараа буух магадлал адилхан 50%. Өчигдөр ялагдсан жаал өнөөдөр ялагдчихгүйг хичээнэ. Үгүй наадах чинь эхлээд гадна талаараа буусан бол хоёр дахь дээр нь гадна талаараа буух магадлал 25% болно. Мөрийцөх дуртай 50% асуудлыг шийдэх санал гаргалаа. Хоёулаа мөрийцье. Гэхдээ мөрийгөө үе болгон дээр тавина шүү. Ялагдана гэдгээ мэдсэн эсэргүүцэгч. Хамгийн сүүлд мөрийгөө тавихаар зөрүүдлэв.

Шөнөжин архидсан хоёр өглөө шартсаар босож ирэв. Тавуулаа байсан бол хоёулаа архичин нь болох байлаа. Аз болж хоёулаа тул энэ өрөөнд архичин алгадаа гэсээр бантангаа зуурч идэв. Ахиад нэг хүнтэй унтвал тэмбүү тусаж магадгүй тул дараагийнх дээр нь хамгаалалт хэрэглэнэ ээ гэсээр хоёр гар хичээлдээ яарлаа. Зам зуур такси дотор радио явна. Хөх тэнгэр хүрээлэнгийн судлаачийн үүднээс бол хэдийгээр түүхийн эдийн үнэ буурч байгаа боловч Чингисийн нэр худалдаж идэгчдийг тэнгэр ивээгч он гэхэд эргүүлэн өсгөх аж. Худлаа гэвэл өнгөрсөн судалгааг хар бүгд бууж байгаад эргээд өсдөг юм билээ.

Ерөнхийлөгч ерөнхий сайдын өрөөнд гүйн орж ирлээ. Хөөе, хөөе би гоё юм сурлаа. Эрэлт ихсэхээр нийлүүлэлт ихэсдэг гэж байна. Тэнэг хүмүүсийн эрэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Ерөнхий сайд мулзан эрүүгээ илэн далан зургааг зуу болгох арга байгаа билүү хэмээн бувтнав. Ерөнхийлөгчийн царай баран хошуугаа унжуулан буланд очоод суучхав. Ажлаа хийх аргагүй болсон ерөнхий сайд зээлийн төсөл нүдний өмнүүр гүйлгэн юунд урвайцгаав? гэвэл цуг ажилдаг найз нараа битгий тэгж байлдаа хэмээн унжганав, тэгсэн ч овоо хэдэн сая долларын өрийн бичиг хараад нүд нь гялалзана.

Хонх дуугарч шалгалт дуусав. Санаа алдаж, сэтгэл уужирсан хүүхдүүд хонгилоор гүйлдэж болоод өнгөрсөн аймшигт явдал болоогүй мэт аашилна. Ирээдүйд ажилд орж чадахгүй гэдгээ мэдвэл сэтгэлээр унан багшаа зодох буй заа. Энэ бүхнээс зайдуу тавин хувь, эсэргүү толгой хоёр зогсоно. Агуу театрт орж ирчхээд шүүмжлэгч мэт өмнөө тоглогдох амьдралыг шүүн зогсох аж. За шалгалт яав? Мэдэхгүй хог дажгүй харагдсан болгоноо дугуйлаад байлаа. Ээ чи их онол монол яриад байсан яасан!? мэдэхгүй бол бүгдийг нь адилхан дугуйлж бай! Ядаж 25% авна шүү дээ.

Шалгалтаар даллага авсан өдөр бололтой. Оюутан залуус хүртэл шалгалтад оров. Улс төр ярихаас өөргүй хоёр залуу яах билээ!? Улс төрийн шалгалт дээрээ онц авах нь гарцаагүй. Гагц улс төрийн багш эсрэг нам байсан тул муу авчихлаа. Хөөрхий хоёрыг зовж байхад хөөрхөн хоёр охин шалгалтаас гарч ирэн гэрийн зүг гэлдэрнэ. Яасан бүгдийг нь адилхан дугуйлчхав уу? Тэгсээн. Бүгдийг нь С дугуйлсан уу? үгүй А . Ээ чи судалгаа ёсоор С байх магадлал 27,5% гэж дуулаагүй юу. Дараа нь дандаа С - г дугуйлаарай. Ингэхэд С гэж байгаагүй шүү дээ. Дандаа А, В, С, хачин яйжгай О дөрөв л байсан биз дээ?

Ерөнхий сайдын утас зүүд нойрыг нь сарниулан пиржигнэв. Байна уу? Ерөнхий сайд аа, би хар дарж зүүдлээд. Нөхөр ерөнхийлөгчөө та хар дарсан тухайгаа надад заавал ярих хэрэг байсан юм уу? Үгүй үгүй, сонсож бай. Өдөр чиний яриад байсан хар гар хамаг хөрөнгийг минь хуу хамаад явчихлаа гэж би хар дарсан юм. Тэр үл үзэгдэгч гар чинь байдаггүй биз дээ. Та тайван амарч болно оо. Монголд байдаггүй юм. Монголд байдаггүй гэхээр гадаадад байдаг гэсэн үг үү? Яг одоо Монгол улсын хилийг хаа! Би ядуурмааргүй байна. Үгүй ээ, ерөнхийлөгч минь үл үзэгдэгч гар чинь зүгээр л нэг онол шүү дээ. Тэгвэл интернэт хаа! хүмүүс илүү дутуу юм үзэж, юм сураад байна. Яаж болох билээ дээ, хүмүүс бослого гаргана шүү дээ. Ямар хамаатай юм бэ! Чи нэг арга олоод интернэтийг хаагаадах. Хүүхдийг гаднын тархи угаалтаас хамгаалжийна гэсэн ч яадаг юм бэ, хамаагүй ямар ч байсан үл үзэгдэгч гарыг Монголоос зайлуулаадах. Ээ бурхан тэнгэр минь. Ум маани бадмий хум.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...