Skip to main content

Боломж

Зүүдний хүн шиг танил хоолой “ Зоригтой бай!” гээд тасрав. Залгасан дугаар харах гээд өөрийгөө алгадсандаа хараал тавин бослоо. Ухаалаг утастай болсон биш тэнэг болж гүйцлээ гэсэн бодол төрөхөд өөрийгөө шоолсоор шүршүүрт шургав. Үсээ хөөсрүүлэв үү, үгүй юу халуун ус тасарч баг алахад, хүйтэн усаар хирээ хутгахаас өөр арга байсангүй. Хоосон ходоодоо аргадах гэж хөргөгч зүглэн, юу идэх ээ бодон очивч, хоосон хөргөгчөөс горьдох зүйлгүй аж.

Хотын түгжээнд бөглөрч ядан явахдаа өнөөдөр л ажлаасаа гарах юм шүү, ахиж ингэж амьдарч чадахгүй хэмээн өөрийгөө хөөргөж байтал түс няс хийн, хүүе хаая гэхийн зуургүй нүд харанхуйлан, хөл хүйт оргиод харахын төдийд ухаан балартав. Манарсан толгойтой амьтан нүдээ нээн, нүүрээ үрчийлгэвэл царайлаг сувилагчийн инээмсэглэл доор хэвтэж байх юм. Ухаан орон сээтгэнэхээс минь зугтах сувилагч бараа сураггүй болоход эмгэн сувилагч, өвгөн эмчтэй ирж намайг тойрцгоов. Арай хийн онгойх нүд уруу гэрэл тусган зовлон болно. Нөхөр Болжмор нэрээ санаж байна уу?

Намайг дуудаад байна уу, дооглоод байна уу? ялгах сөхөө байсангүй. Энэ хэдэн хуруу байна? Зургаа гэхээс санаа зовлоо, хүний гарт таван л хуруу байдаг биз дээ хэмээн хэвтрийн бодол ятгана. Тав гэвэл аяа яагаад дутуу хараад байна аа? гээд духан дээр цохиод авав. Нүдээ нээж амжаагүй атал нойрондоо дийлдэн эргэн унтлаа. Зүүдэнд зургаан хуруутай эмч учир зүггүй араас хөөн, хөөрхөн сувилагчтай үнсэлцүүлэх гэж дайрна. Би ч гэсэн үнсмээр л байвч, хоёр хөл минь өөрсдөө зугтаад явчхав. Тасарсан бие ард нь чирэгдээд
тэнгэр ширтэн, од тоолоод хөөрхий хөлдөө санаа зовно. Ядарч байгаадаа хөл минь над шиг гарыг гучин хэдэн жил нуруун дээрээ тээж ирлээ. Өндөр өсгийттэй хөл болгон зугтаад явахад наддаа л үнэнч үлдсэн хөл юм шүү дээ.

Хар дарсан зүүднээсээ сэрж эргэн ухаан орохдоо харанхуй шөнө сэрсэндээ санаа зовон яах учраа олохгүй тааз ширнэ. Ам хатаад ус уумаар байдаг, гэдэс өлсөөд юм идмээр байдаг. Хэсэг хэвтээд тэсэхийн аргагүй болоход өөрийгөө хүчлэн өндийн суув. Босож хөлийн чилээгээ гаргамаар санагдан хажуу тийш эргэн орноос босвол тэр чигээрээ урагш годройтоод уначихлаа. Эрүү нүүрээ барьсаар өндийж ирээд хартал юу ч байсангүй. Хөлөө орон дээр мартчихаж гэсэн хачирхалтай бодол төрөхөд байдгаараа өлийн харвал бас л байдаггүй. Саяны зүүдэндээ л гэлдрээд байгаа юм байна хэмээн сэрэхээ хүлээж байтал өрөөний гэрэл асан өдрийн өхөөрдөм сувилагч өрөвдсөн харцаар намайг ширтэн хонгил уруу дохивол өөр нэг эрэгтэй сувилагч орж ирээд намайг өргөсөөр орон дээр суулгалаа. Царайлаг сувилагч байдгаараа инээмсэглэхийг оролдон бүх юм зүгээр болно оо! гэсээр гарч одов. Эрэгтэй сувилагч бид хоёр толгойгоо гилжийлгэн богино халаадны дэрвэлтийг ширтсээр хоцров.

Ганцаараа байх аргагүй болсон тул эцэг эх дээрээ ирлээ. Өдөржин тооноор тэнгэр харуулдаж хонь малын дуунд уярна. Шууж байсан хаяагаа буулгалаа, дэлгэж байсан өрхөө татлаа. Малын дуу цасанд дарагдан хөдөө нутаг анир чимээгүй болоход шөнө бүр дэрээ норгон, бурхан эрнэ. Энэ бүх хугацаанд нэг л үг ахин дахин хэлэгдэнэ. “Зоригтой байгаарай.” Сүүл сүүлдээ салхи мэт энгэр яраад цээж сэвхийлгэхээс өөрцгүй болов. Миний ширтэх тэнгэрээс цас их унав, миний залбирсан бурхан чөтгөр байж таарав. Хамаг малаа цагаан зудад тууж тавиад цагаан сараар өрх гэрээр хот бараадав. Буурал эцэг, эхийн гарыг алин болгон харах билээ гэж ганц хоёр нийтлэл бичин сонин сэтгүүлд илгээх боллоо. Анхны ном хэвлэгдэв. Номын нээлтэд дээр уншигч болгонд таалагдах гэж, ахиад нэг уншигч олох гэж байдгаараа хичээн гарын үсэг зурж суутал дотно төрх номыг минь барьсаар инээмсэглэн ирэв. Өөрийгөө таних болов уу, гэж нүдээ бүлтийлгэн жуумалзана. Би яахан мартах билээ. Үзэсгэлэнт сувилагч бүсгүйг. Дуу алдан мэндлэлцээд утсыг нь аваад үлдэв. Тэр орой би хорвоо гэдэг хачин юм даа хэмээн бодож итгэл дүүрэн унтсан билээ. Хорвоо нээрээ л хачин ааштай хүүр байсан байгаа юм. Унтаад босоод ирэх хооронд хоёр буурлыг минь аваад одчихов.

Хөлгүй дээрээ, өнчин хоцорлоо. Холын хол одсон хоёрыгоо ингээд гүйцээрэй гэсэн шиг ертөнц надаар тохуурхана. Үхлийг амьдарч гүйцэхгүй болсон хойно ингэж амьдраад яах билээ гэсэн итгэл үнэмшлээр хааяа нэг уух өвчин намдаагчаа нэг амьсгаагаар дуустал нь залгичихад хачин хажиг амьдралыг ялсан мэт санагдана. Одоо би амарлаа, та бүхэн тавтай нойрсоорой.

Намайг тайван унтуулахгүй, хүүхэн хүний уйлах дуу зогсоо зайгүй үглэнэ. “Зоригтой бай! Зоригтой бай!”. Хүсэл хясаж, тавилан төөргөөрөө явдаг бололтой. Мансуурсан дүнхүү гар арай хийн сэрвэл энхрий зөөлөн гар гараас минь атган дэргэд минь дуг хийжээ. Энэ л хүүхэнтэй учруулах гэж амьдрал надаас ийм их зүй авлаа гэж үү!? гэж бодохоос уур бухимдал төрөх шиг. Улцайж хавдсан нүд, омголтож хатсан уруулын хараад хатсан зүрх минь нулимсанд автав. Одоо л нэг дэвтэж авъя гэсэн шиг эхэр татуулан уйлж гарлаа. Зовлон бүхнийг минь ойлгох мэт дуу шуу ч үгүй энгэртээ тэврэн, үсийг минь илбэсээр эрх намайг унтуулав. Зүүд нойр ч үгүй нам унтсаар өглөө сэрлээ.

Хурим найр хийж, ханхар сайхан хүүтэй болов. Хүү бид хоёр өдөржин хийх юмаа олж ядан цонхоор ширтэж, цаг хялайсаар хайрт бүсгүйгээ хүлээнэ. Орой гурвуул зурагт үзэж нэгэндээ эрхэлнэ. Цаг явсаар хүүгээ дүүтэй болгох мөч ирэв. Даанч диваажинд одох охиноо дагаад сайхан сэтгэлт ээж нь яваад өглөө. Эцсийн мөчөө хүртэл өөрийн зовлонг тоочилгүй уйланхай хоёр эрийг аргадан “Зоригтой бай!” гэсээр барав. Эцэг хүү хоёр өдөржин цонхоор ширтэнэ. Хаалга чагнана. Ингээд л ороод ирэх юм шиг долоон цаг хүлээнэ. Хүү ч өсөн том болов. Сургууль соёлд явсаар гэрт үзэгдэхээ болино. Эхнэр зүүдэнд ч ирэхээ байжээ. Ганц үлдсэн хүүгээ л хүлээн өдөржин гиюүрнэ. Айлын охин эргүүлж, эрхлүүлж яваадаа гэж бодохоос баярлах ч шиг, айх ч шиг.

Үс минь бууралтахад ачаа тэврэн сууна. Ухаан хурдан ороорой эмээгийн чинь талаар ярьж өгөх юм сан хэмээн бувтнана. Өвгөн миний үгийг ойлгож байгаа шинж ч алга. Тэр орой үхэл над дээр ирэв. Дэрвэгэр дээлээ нөмөрсөөр дэргэд ирэн суулаа. Яагаад одоо ирж байгаа юм бэ? гэвэл дуугүй толгой дохино. Өмнө нь ирж болох л байсан шүү дээ! гэвэл мөн л толгой дохив. Гэхдээ баярлалаа, амьдрал сайхан байсаан гэвэл толгой дохин инээмсэглэв. Боргил хоолойгоор сүүлчийн үгээ хэлэх хүн байна уу? хэмээн асуулаа. Хэнд ямар үг хэлэхээ мэдэж байлаа. Эхнэртэй хайртай, хүүдээ хайртай, ачдаа хайртай, өөртөө зоригтой бай. Утсаа авч дугаар цохив. “Зоригтой бай!”. Хэлэх төдийд үхэл түүнийг аваад явчхав. Хайртай үгсээ ч хэлж чадсангүй. Амьдрал гэдэг атаархуу амьтан юм даа.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...