Skip to main content

Гурван анд

Өнчин хүү хээр талаар хэсүүчилсээр их мөрний өмнө ирлээ. Өлсөж, ядарсан нүдээр эргэн тойрно харав. Бараан дайтай газар баахан хүн уйлалдах атлаа хурим найр мэт их хөг эгшиглүүлнэ. Хүний гар тосож, хоёр гурван боорцог түүх жаал өлөн гөлгөө дагуулсаар олон хөлийг зүглэв.

Их сүйхний өмнө үзэсгэлэнт охин үзэгдэнэ. Царай төрх нь эхийн санагдуулж, үзэмж төрх нь сэтгэлийг булаав. Олс хүлээс хөл гарын ороогоод үзэмж зохисгүй харагдана. Хүү хэрэгт дурлан асууруун. Их хурим найр атлаа уйлж майлах учир юун?

Цовоо нүдтэй, жижиг бор охин хурганы ташуураа эргэлдүүлэн "Хур бороо оролгүй ган гачиг болох нь, лус савдаг хилэгнэн худаг усаа хаах нь. Жил бүр өргөх цусан амиа өргөж байна." хэмээв ээ. Өнчин хүүгийн сэтгэл үл түвдэн, өлөн гэдэс нь хоржигнов. Ингэж амьдрахаар үхье хэмээн шийдээд өрвөгөр гөлгөө цовоо охин үлдээн, уйлж дуулах буурал дээр очин, тохойноос нь өргөн, хормойг нь засан өгүүлрүүн:

Өнчин би бээр хээр талаар хэснэ, хоног өдрийг элээнэ. Араас уйлах эхгүй, угтаад авах эцэггүй тул би явсугай. Буурал та охинтойгоо аж төрөн суутугай хэмээн өргөн их мөрөн өөд үсрэв. Бараа сураг нь тасран, ор мөргүй болов. Ирсэн хүмүүс цугаар хөөр баяр болон, элэг эмтрэх шаардлага үгүй, өрх бүтэн боллоо хэмээн хөгжөөн, баясалтай буцав аа. Өлбөгөр шар гөлөг эзнээ хайн гол өөд хуцна, яахаа мэдэхгүй бор охиныг бороолно. Бяцхан жаал охин хүний хүү ийм их эр зоригтой, элбэрэл ачлалтай атал би яахан дутах билээ хэмээн өрвөгөр гөлгийг тэврэн их мөрөнд шумбав аа. Хөөрхий охин хүртэл харж хандах хүнгүй, хүний гарт зарагдаж, хонины хотонд унтдаг байжээ.

Цовоо бор охин сая нэг сэхээ орвол өнчин хүү, өрвөгөр гөлөг хоёр дэргэд нь унтах ажээ. Цовоо охин би үхээд эрлэгийн оронд ирж үү? хурмастын ордон ирж үү? хэмээн эргэн тойрноо үзвэл тэртээгээс үй түмэн загас туусан могой биетэй, хүн цээжтэй өвгөн ирж үзэгдэнэ. Айж сандран уулга алдвал өнчин хүү нүдээ нуухалсаар босож ирлээ. Өнчин хүү би зүүдэлж байна уу? хэмээн цовоо бор охиноос асуув. Үгүй, хэмээвэл тэгвэл бид лусад иржээ. Үг асууж газар мэдье хэмээн өрвөгөр гөлгөө тэвэрсээр загасчин өвгөнийг зорилоо.

Зээ! Өвгөн ах минь сайн уу? Би газар дээрээс ирсэн болой. Лусын оронд хэрхэн очих билээ?

Өвгөн сэрээгээ нуруулдан зогсоод балчир, булцар байж нэр усаа хэлдэггүй яасан задарсан хүүхдүүд вэ? хэмээн зандрав.

Цовоо бор охин өнчин хүүгийн өмнүүр орж өвгөн ах минь өршөө. Нас залуу цус шингэн бид ёсыг үл мэдэв. Усыг уух тул ёсыг дагах нь зүй. Миний алдар болбоос Бийрэн хэмээвэл өнчин жаал Өөдөсхөн хэмээн зантайв. Алсаас яст мэлхий хөлөглөсөн хоёр этгээд айсуй. Эрээ цээргүй лусын оронд ирсэн газрын этгээдүүд хаана байна хэмээн өвгөн өөд зандарлаа. Өвгөн сэрээгээ чичилбэл Бийрэн, Өөдөсхөн хоёрыг сая нэг үзэв. Яст мэлхий дээр суулган, үг дуугүй авч одлоо.
Явсаар нэг их өргөөний өмнө ирээд Бийрэн, Өөдөсхөн хоёрыг буулгав. Үүдэнд зогсох цурхай урт сахлаа ирмэн, урт бийр атгаад нэрээ мэдүүл хэмээв. Бийрэн, Өөдөсхөн хэмээвэл нохойн нэр юу вэ? бушуул, түргэл хэмээн гулжганав. Шар хэмээн Өөдөсхөн бувтналаа. Тэндээс явсаар тэр гурав нэг их танхимын өмнө ирэв. Өргөөний хойморт шар эрээн могой, хар эрээн могой хоёр цагариглалдана. Тэр гурвыг үзээд шар торгон дээлтэй могой биетэй хүн цээжтэй эр, хар торгон дээлтэй могой биетэй хүн цээжтэй бүсгүй болон хувирав. Лусын хатан эелдэг намуун харцтай, хараад хараад ханамгүй үзэсгэлэн төгөлдөр ажээ.

Лусын эзэн эзэн ноёны дүртэй, баргил сайхан хоолойтой ажгуу. Учир явдлаа мэдүүл хэмээвэл өнчин хүү Өөдөсхөн өөрийн явдлаа учирлав, цовоо охин Бийрэн учир явдлыг тайлбарлав. Лусын хаа шүүрс алдан. Цусан өргөл авахгүй гэж л ган гачиг явуулсан юм сан. Амь золиос авахгүй гэж хур бороо оруулсан юм сан. Буцааж явуулсан хүмүүс очоогүй болов уу? хэмээв. Иргэж ирсэн нь үгүй хэмээн Бийрэн хариуллаа. Аяа, тийм ажгуу. Хүссэн хэмжээгээрээ амарч, алжаа юугаа тайлах тун. Чадлын хэрээр эндээс алт эрдэнэс авсугай. Эргэж очоод цусан өргөл, амь золиос авахгүй хэмээн дамжуулж өгч үзээрэй хэмээв.

Лусын хатан өдий болтол үг эс дуугарав. Лусын эзэн шар эрээн могой болон хувирах төдийд элий халай, ядраа байлгүй. Эвий минь өлсөж ундаасаа байлгүй намайг дагаад яв. Унд хоол зоогло, унтаж амарч ав гээд гараар даллан гарч одлоо. Бийрэн, Өөдөсхөн хоёр араас дагах гэтэл өрвөгөр гөлөг нь хөмхийгөө зуун, архирч бархирав. Урд хойно нь орж, хөл гарт нь тээгэлдэнэ. Өөдөсхөн "Шар минь ингэдгүй л юм сан. Бушуу түргэн явсугай." хэмээн Бийрэний гараас атган урд хаалгаар гарч дутаалаа.

Бараан зайтай зугтаж явтал. Архирч бархирсан дуу ар зоонд нь хадав. Эргэж харвал ард нь арван таван толгойтой атгаалжийн хар мангас, түмэн олон тэмтрүүлтэй түнтгэр хар наймаалж хөлөглөн элдэх ажээ. Бийрэн, Өөдөсхөн хоёр зугтсаар өглөө тааралдсан өвгөнтэй таарав. Үй олон загасанд нь орон нуугдлаа. Атгаалжин хар мангас өвгөний дэргэд ирээд хүний хүү, хүний охин үзэв үү? хэмээвэл өвгөн ёс мэддэггүй, ёр дагуулсан хүүр вэ! хэмээн сэрээ юугаа далайн учир зүггүй балбаж гарав. Арван таван толгойтой атгаалжин хар мангас, түмэн олон тэмтрүүлтэй түнтгэр хар наймалжийн хамтаар элбэж хамжаад барсангүй. Амьтай голтой дээрээ зугтсугай хэмээн зам буруулан дутаав. Сүүдэр нь үгүй болоход. Өвгөн засаг өгүүлрүүн:

Амар мэдсэн хүний хүү Өөдөсхөн, алдар солилцсон хүний охин Бийрэн миний нэр болбоос Бууралжин болой. Ёс сахиж, гэмээ мэдсэн тул миний хүү, миний охиноос ялгаа юу байх билээ. Лусын хатан ирэхээс өмнө бушуу түргэн газар дээр гар. Миний сайхан хүлэг, цахилгаан загасыг минь ав.

Өөдөсхөн үй олон загаснаас гарч өвгөн ахын ачид талархъя хэмээн мэхийв. Бийрэн үсэрч наалдан хацар дээр нь үнсээд буурал ахын буянд талархъя. Энэ яваа насандаа ачийг тань мартахгүй. Ирэх, ирэх төрөлдөө таарах аваас ачийг тань хариулъя хэмээгээд цахилгаан загасан хөлгийг нь унаад усны мандал дээр нүд ирмэхийн зуур гарч ирлээ.
Тэндээс Өөдөсхөн, Бийрэн, Шар гурав аз жаргалтай амар сайхандаа жаргаагүй боловч. Бие, биеэ олсонд баярлан, баяр хөөртэй хэрэн хэсүүчилжээ.

________________________

Hanper
2014 оны 03-р сарын 07

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...