Skip to main content

Усан нүдэн

Усан нүдэн гүнж гэж үлгэр дээрээс л уншиж байсан болохоос өөрийгөө усан нүдэн байх юм гэж төсөөлж байсангүй. Уул нь уйлаад байдаггүй ч уйлах гэж байгаа юм шиг харцтай юм шиг байгаа юм. Уйлдаггүй болохоор нулимс минь унжаад тэгдэг байж ч мэднэ. Усан нүдтэй ч цусан зүрхтэй юм байх хэмээн сэтгэж байсан ч тийм биш бололтой. Бодоод байхаар зөөлөн сэтгэлтэй юм шиг үлгэр үзэж, уншиж нулимс дусгаатай.

Эр хүн чинь уйлдаггүй юм гээд л өргөж босгох дүр зураг харагдана. Адилхан хүн мөртөө эм нь уйлж болдог эр нь болдоггүй хорвоо гэж байгаа. Хүүхэн шиг шалчгар гээд шоолуулах нь тодорхой байсан. Одоо бол арай өөр болсон гэж найдах юм. Нулимс өөр өөр шалтгаанаас болоод унаж болно, урсаж болно. Хэн байх нь хамаагүй. Хатуужилтай бай гээд хахир ярдаг хөвгүүд өсгөөд байсан байж болох юм. Бүсгүйчүүд нь яахав уяан сайхан сэтгэлтэй. Хүн л болсон хойно муухай хүүхнүүд бас байна аа. Залуучууд байхгүй гэсэн үг биш. Бүгд л байгаа. Сайн хүн заримдаа муухай. Муу хүн хааяа сайхан.

Гоё нүдтэй, охин хүүхдэд баймаар гээд л бага байхад их хэлнэ. Магтаад байна гэж бодоод байсан усан нүдэн гэж байсан юм болов уу? Харахаар байдаг л нүд юм шиг. Өдөр бүр л хардаг болохоор өөр ямар байхыг нь төсөөлж чадахгүй болохоор сүртэй юм шиг санагдахгүй. Одоо тэгээд л заримдаа авах юм нь нүд л байна гэхээр магтаад байна уу, муулаад байна уу? мэдэхгүй юм. Шоолоогүй бол л болоо юм байх даа. Тэгээд намайг битгий тэгж хараа гэх юм. Уйланхай харцаар л хараад байдаг бололтой. Магадгүй би уйлчхаад нулимсаа дуусгах ёстой юм болов уу? Нүд ширгэнэ гэж байдаг л байх даа. Зовлондоо сөхөрсөн тийм болдоггүй гэж үү? Тэгээд бодох юм бол зовлон бага үзэж жаргалд үүрүүлсээр байгаад өдий хүрсэн ч юм шиг. Тийм болоод л нулимс нүдний минь ард цэлийгээд байдаг юм байхдаа. Өөрөө би магадгүй зүрхээ шархлуулж, сэтгэлээ эмтлүүлэх хэрэгтэй байх. Хагархай, цоорхойгоор минь нулимс урсаж дуслах жамтай юм болов уу?

Усан нүдэн гүнж галт луунд олзлогдож өндөр цамхгийн оройд өдөр шөнөгүй бүлтийн эрэлхэг баатраа хүлээдэг бол би эр хүн юм болохоор өндийж босоод нулимсаа нуугаад өдөр хоногийг үүрээд явах ёстой аж. Хүлээх ёсгүй булааж авах ёстой юм шиг. Учраа мэдэхгүй ч урагшаа л дайраад байх цадигтай. Урьдахаа харахгүй ч арагшаа харах цээртэй бололтой. Миний л бодол юм даа. Учраа олоогүй хүний төсөөлөл. Өөр хүн сонсвол загнана. Өөр тэгээд яах ёстой юм бэ? гэхээр өөрөө л мэднэ дээ гэнэ. Өөрөө мэддэг хүн хорвоо дэлхийд байдаг юм уу? Өөрөө мэдэхгүй болохоороо л өвдөглөж, тэмтэрч явдаггүй гэж үү? Таарсан болгоныгоо атгана. Тэртээд хэрэг болчих болов уу? гэж найдна. Хэрээ шиг гялалзсан болгоныг хадгална. Гялтганасан болгонд дурлана.

За би тэгээд эр хүн болохоор уйлдаггүй юм шүү. Энэ биедээ эзэн юм болохоор хичээдэг юм даа. Ээрч, муурч явсан ч амьдралын төгсгөлд ялгаагүй л очих байлгүй. Ээ дээ тэгэх минь яав даа гээд шүүрс алдах нь бага л байгаасай даа. Бүсгүй та өмнөөс минь уйлж өгөөрэй. Тэгэхдээ хааяа нэг
намайг дурсаад саначхаарай.

Comments

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Бороо

Би бороонд дуртай байв. Бага байхад бороо зөөлөн зөөлөн шивэрч ордог байлаа. Одоо гэтэл сар хийгээд л шаагих юм. Бороо хүртэл хотожсон бололтой. Шөнө хичээлээ хийж байх үед цонхоор бөмбөр тоглоод салхивч нээхээр зун дагуулаад л өрөөнд орж ирдэг сэн. За гэхдээ миний хичээл хийх гэж юу байх билээ. Компьютерынхоо ард л сууж байдаг байсан байх. Бүүр балчир байхад ус тулаад л гүйдэг байсан биз. Нэлээд том болсон хойноо бол айлын охиныг гэрт нь оруулж өгчхөөд л гиюүрнэ гэрийн зүг гэлдэрнэ. Тэр үед нь бороо орвол тэгээд л Цахиур Төмөр ойн төгөлд ингээд л сэтгэлт хүүхнээ санагалзаад л суудаг биз ээ хэмээн өөрийгөө өргөмжилнө. Үнэндээ бол тийм биш шүхэр барьж явахаас л залхуураа аж. Ном зохиолд уран сайхнаар өгүүлсэн болохоор дуртай байсан байж мэдэх юм. Гэхдээ би одоо бороонд ер нь дургүй болсон. Эсвэл бороонд биш нороход дургүй байж магадгүй. Нойтон мэдрэмж чийг даагаад цаана нэг зутруу. Шалтгаан нь гэвэл Тайван улсад магистрын зэрэг хамгаалахаар явав. Очиход цаг агаар таатай дулаахан байлаа....