Skip to main content

Posts

Showing posts from 2023

2023.11.05

Цас оров. Бороо оров. Тэгсэн онгод оров. Ороо бусгаа зантай албин оргож зугтаад сар болж. Гомдоо юм байх даа гэж бодож амжаагүй байтал хорвоо дэлхий намайг цасаар бүрхээд авлаа. Цонхоор харсан ч цагаан, алхаад явсан ч цагаан. Хол дээр нэг, нэгээрээ чийхраад цэцэг, навчтай өрсөлдөх аж. Бага байхад нэг дүгээр хорооллын арын дэнж нэлийсэн цас болдог байсан сан. Одоо ч хашаа хороогоор дүүрсэн биз. Тэгээд л би дүү нартай нийлээд цасаар хашаа босгоно. Эргээд наашаа чаргаар гулгана. Даанч маардаггүй байсан юм уу хаашаа юм. Жаргалтай л байсан байх даа. Одоо ч дурсамж л болоод үлдэж дээ. Цас орохдоо утаа тортог өвөртлөөд унтчихсан болохоор утаа байсангүй. Хүйтэн агаар хамар үнсээд цасан ширхгүүд өөрсдөө ирж наалдаад болсонгүй. Хот хүртэл цас ширтээд дуугаа хураан зогсох шиг. Маргааш харин хүйтэн байх, байх даа. Халтирч унахгүй гэж хөл гартаа анхаарлаа хандуулж алхсаар ухаан минь доройтох биз. Хэзээ цэцэг ногоо ургана даа. Өвөл ч бас хэцүү шүү хэмээн бодлоо. Ирж байхад нь хөөрхийг арай л гомдоо...

Маргааш

Маргааш, маргааш гэсээр арваад өдөр өнгөрчээ. Хойшоо суугаад байна уу гэвэл толгой өвдөөд байх аж. Тэгэвч хүсэж байсан бол хүчлээд бичиж болох л байсан биз ээ. Сар тал болчхоод толгой дээр гэрэлтэнэ. Хэн ч байсан мэдэж болох зүйлийг бичээд юу хийнэ вэ? Хэн ч уншихгүй байж магадгүй зүйлийг тэмдэглэж үлдээгээд өөр нэг өдөр өөрөө эргэж харж магадгүй юм. Тэр үед сар өөр нэг хэлбэр дүрстэй байх нь гарцаагүй. Монголд толгой, тархи хөдөлсөн гээд хэд бариулаад л зүгээр болчхоод байдаг. Гадаадад аль нэгийг нь аваачиж байгаад спорт эмчилгээнд нь оруулаад нэг, хоёр бариад л зүгээр болгочихдог аргаа хэрэглэвэл ч уул нь нэлээд хөлжих болов уу. Бага байхад барьдаг гээд л хөгшин өвөө нар байдаг байсан санагдах юм. Одоо болохоор хайгаад олддоггүй. Хүүхэдгүй хүнээс нуугдаж амьдардаг юм болов уу. Дүнхүүргэн л хүн явна би. Намар болоод цаг агаар сэрүүсэж байгаа болохоор уншиж буй та амар байна уу? Эрүүл мэнддээ анхаарна шүү. Ажил дээр ханиадтай хүмүүс нэмэгдээд байх юм. Тоонд нь орчихгүй юм сан. Би гэдэг...

Гүнж ба Хун

Эртээ урдын цагт нэг бяцхан гүнж байжээ. Нэг өдөр тэнгэрт хун шувуу нисэж байгааг хараад гүнж "Цагаахан хөөрхөн хун шувуу минь намайг аваад нисээч." гэж ээ. Тэгтэл хун шувуу ордон дээгүүр нь гурав эргэлдээд цонхон дээр нь суугаад хүний хэлээр "Үзэсгэлэнт гүнж минь би чамайг аваад нисэж болж байна. Гэхдээ тэгвэл чи нэг жил эргэж гэртээ ирж чадахгүй шүү." гэвэл гүнж "За" гээд ээж аавдаа захидал үлдээгээд хун шувууны нуруун дээр суун хөөрөн нисэж гэнэ. Тэгээд нисээд л байж гэнэ. Ингэж нисэж явж байгаад нэгэн цэцэгт нуга дээгүүр нисэж өнгөрөхөд нь гүнж хунгаас "Цагаахан хун минь хоёулаа энэ цэцэгт нугаар дайраад гаръя тэгэх үү? цэцгүүд үзэсгэлэнтэй биш гэж үү?" хэмээн гуйхад нь хун "Би ч гэсэн амраад авъя даа." гээд нугад газарджээ. Гүнж охин ийшээ ч нэг гүйгээд тийшээ ч нэг гүйгээд тоглож байтал гэнэт тас шувуу тэнгэр дээрээс шунхдан ирээд гүнжийг шүүрээд нисчихлээ. Гүнж "Цагаахан хун минь. цагаахан хун минь намайг авраач!" хэмээ...

Авралт

Цагаан зээр : Говийн нар уул манханд халхлагдалгүй шууд нүүрэн дээр тусан мандана. Ёох ойрдоо би ямар их ядарч байна вэ? Бие минь хэтэрхий сульдсанаас болж сүргээ гүйцэж явах ч бэрхтэй боллоо. Сүүлийн хэдэн өдөр унахыг минь хүлээн буй тэр өлөн чоно дагаж буйг мэдсэнээс хойш сүргийнхэн минь улам хурдлах болсон нь намайг зөнд минь орхиж байна уу? гэлтэй. За гэхдээ яах вэ! тэгж л бай, усны эрэгт очиж амарч тэнхэрч аваад тоосондоо булна даа. Сүргийнх нь бараа тэртээд сүүмийн үзэгдэнэ, өнчин хоцорсон зээр араас нь мөр даган, сөгдөж унах аль эсвэл эцэж цуцахыг нь хүсэн буй хөгшин чононд баригдчихгүйн тулд байдгаараа хичээн давхина. Ижилдэн дассан сүрэг нь ингээд хаяж одсонд сэтгэл нь өвдөн нүдийг нь даган усан бөмбөлгүүд урсах нь хачирхалтай. Өвгөн : Адуучин хүү нь цэрэгт явж амь үрэгдээд хоёр жил болжээ. Ганц хань ижил болсон хүүгээ эсэн мэнд ирэх болов уу!? гэж хэчнээн их хүлээлээ. Өвгөнийг айл саахалтынхан бүгд өрөвдөж бас хүндэлцгээнэ. Харин өвгөн аль болох ганцаараа байхыг хичээх бөгөөд...

Өнчин эрвээхэй

Хэдэн өдрийн өмнө ажилдаа орох гээд талбай дээр буулаа. Зам товчилж барилга дундуур сүлжээд явж байтал модон шатан дээр эрвээхэй үзэгдэв. Харь газар ирсэн хөөрхий эрвээхэй учраа олохгүй байгаа юм шиг санагдав. Үргээхгүй гэж хэдий хичээвч нисээд явчихлаа тэр. Сэтгэлд минь бага ч гэсэн жаргал шургуулчхаад нар чиглээд одов. Яана даа, хэд хоног л тэсэх байх даа гэж ажилдаа ирэв. Шөнөжин шоудаад харьж явсан эрвээхэй ч юм уу гэж бодлоо. Бал бурмын амтанд бялуурсан тэр ийнхүү их хотын хөлд дэрвэж яваа ч юм билүү. Өөр хараагүй зүйл дээ сэтгэл сэргэсэн би тэр өдөртөө баясгалантай явав. Өчигдөр тэгтэл нүдний өмнүүр алаг эрээн өнгө өөрийгөө гайхуулав. Сайн харвал өнөөх эрвээхэй байх шиг. Адилхан өнгө төрхтэй, нэг газар ойролцоо нисэх хоёр өөр эрвээхэй байна гэж бараг л байхгүй байх даа гэж бодоод түүнийг амьд буйд нь баярлав. Тэр ч намайг тоосон шинж алга нар дагасаар найгаад одлоо. Нэг л хаягдсан юм шиг мэдрэгдэнэ. Үл тоох түүнийг барьж аваад базчихмаар юм шиг. Амьдрал ийм шүү дээ! энд юу хийж я...

Анахай

Анахай охинд дурлачих шиг бололтой Алгын чинээ зүрх минь Аянга шиг ниргээд болохгүй нь Атганд багтахаа байжээ. Эзэн нь болсон тэр Энгэртээ тэврээд алхдаг болов уу Энд, тэнд тавьчхаад Инээгээд л суужийдаг юм уу Надад олдохгүй байсан цаг Нэг, нэгээрээ нарнаас гэтнэ Намайг гэхгүй тэр цаг Нэрийн сонсоод л мөлхөөд ирнэ. Өөрөө би өгциймүү Өөрөө тэр авчхав уу Өөдөс л үлдсэн бололтой Өөр зүйлст хангалттай, энэ!

2023.09.12

Сүүлийн долоо хоног ямар аймаар хурдан өнгөрчхөв өө. Хурдан ч гэж дээ ачаалал ихтэй гэх юм уу. Орой орж ирээд л блог дээрээ юм бичье гэж бодовч өөрийн эрхгүй хөнжилдөө эрхэлсээр байгаад таарлаа. Нэг л мэдтэл шинэ долоо хоног эхэлчхэж. Ингэж ч бас арай болохгүй дээ. Долоо, долоо хоногоор алгасаад байх юм бол хөөрхий блог минь өнчрөх буй за. Эргээд бодохоор нээх их ажил байгаагүй юм шиг. Тухайн үед хийж байхад овоорсон л баахан ажил байсан. Жижиг, жижиг мөртөө цаг хэтэрхий хумсалсан ажлууд байсан бололтой. Дээр нь бас арай олон удаа сагс тоглосон байх юм. Хамаг бие хөндүүр бас өвчин. Тэгсэн атлаа олигтой үр дүнд хүрсэнгүй. Магадгүй амралт дутаад байгаа юм болов уу? Цаг агаар ядаж байхад дээрээс нь хүйтэрчих юм. Өнөөдөр лав даарлаа. Хамаг юм аа болгочихлоо гээд зааландаа гарав. Сэтгэл санаа тавгүй байсан тул алхахаар шийдлээ. Нар өөдөөс ээгээд дулаахан л байх шиг атлаа жиндүү. Намар болж дээ. Заал дээрээ очиж баахан л гүйлээ. Арай ч их хүн загнаад байх шиг. Ердийн байдаг би сагс тоглохоор...

Сарны мандал

Залуу: Хөөх тэр сарыг хараа. Бүсгүй: үгүй ээ! чамайг л хармаар байна. З: Намайг зөндөө л харна шдээ. Харин энэ сар ахиж хэзээ ингэж гоё харагдахыг мэдэхгүй шдээ. Б: Чи сартайгаа суух юм уу? З: Заза, зүгээр л хэлсэн шдээ. Мэдээж чамтай л сууна шдээ. Б: Би чамтай суухгүй ээ. З: ... Яагаад? Б: Чи гоё албан ёсоор гуйгаагүй юм чинь З: Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Би ч мангар шүү. Б: Тийх чи мангар, тэнэг, мулгуу ... З: За одоо болно шдээ. Б: Тэгээд. З: Би мэднэ ээ мэднэ! мангар гэдгээ Б: Тээр хараа мангар гэдэг нь хүн чамд гоё юм хэлэх гэж байхад. З: Тийм үү!? за хэлээрэй. Юу ийн. Б: Хэлэхгүй ээ! одоо өнгөрчихсөн. З: За хэлчих л дээ. Хэлэхгүй бол гижигдлээ шүү. Б: Хнн, тэрүүнээс чинь айна гэж бодоо юу!? З: Тэгвэл үнслээ шүү! Б: Паах далимдуулчих юмаа. Тэгвэл бүүр хэлэхгүй. З: Тэгвэл үнсэхээ болилоо. Б: Тэр сарыгаа үнсэх нь үү? З: Болдог бол сарыгаа үнсье гэхдээ одоо сарандаа үнсэлт илгээчихье. Б: Сар та хоёр сонин байгаа шүү. З: Хөөрхөн шдээ сар чинь гэхдээ чамайг яаж гүйцэх билээ. Б: Ху...

Есөн сарын нэгэн

Бага байхад есөн сарын нэгэн гоё байсан юм шиг санагдана. Үнэндээ нээх сайн санахгүй л байна шүү. Формоо индүүдэж бэлдүүл гээд үглэдэг байсан ээж нэг мэдэхэд индүүдээрэй болсон байсан. Дараа нь огт форм өмсөх шаардлагагүй болчихсон. Тэгээд л намайг төгстөл эргээд өмсдөг болсон доо. Аль, аль үеийг нь мэдэхийн хувьд гээд өөрийн бодлоо хэлмээр байсан боловч тэр үеийн дурсамжид форм хувцас чухал биш байсан бололтой. Одоо сайн санадаггүй. Цагаан цамцаа өдөр болгон угаах гэж зовдог байсан аа санана. Өөрөө хүүхэд биш, өөрөө хүүхэдгүй мөртөө есөн сарын нэгэн гэсэн чинь арай өөр юм шиг мэдрэгдэв. Хотын гудамжаар шулганалдах бацаанууд зугаатай харагдана. Баахан жоохон хүүхэд хэдтэй гэдэг нь мэдэгдэхгүй шамбааралдана. Зарим нь дуртай, зарим нь дургүй байсан байх даа. Би бол нээх дуртай байсан гэдгээ санахгүй байна. Угаасаа хичээл орохгүй байхад хар өглөө босоод гадаа зогсох гэж ядаргаа байсан даа. Энэ үед нүдний өмнүүр сонин дүр зургууд зөрж өнгөрч байлаа. Охид 4,4өөрөө тойрч зогсох юм. Яагаад ч ...

Шинэ өглөө

Гэрийн тооноор нар тусаад унтуулахгүй. Хөнжилд салхи шургалах гээд босгохгүй байлаа. Өглөөний жаварт нүүр хайрагдан шатаж буй модны дууг өөрийн эрхгүй мөрөөснө. Бага ахуйд гал өөрөө бадран сэрэх үед гэр дулаахан байдаг байж билээ. Боргилон байх данхтай цай уурлаж байх шиг санагдах тул залхуурангуй орноосоо өндийн хажуу тийш нь авч тавиад дүүгээ сэрээдэг сэн. Хөнжлийг нь хуу татаад атийн урваганах түүнийг шоолон өдрийг эхлүүлнэ. Хэдэн боорцог цайнд дэвтээн бурхан мэт "Tа нар ингээд живэх тавилантай байж! Юунд хүний ертөнцөд ирэн миний цайг булаах гэв?" хэмээн тоглоно. Ховорхон ёотон байх үед ширхгийг унагаан ингээд та нарын аврагч баатрыг хамгийн эхэнд живүүлэн хорооё хэмээн ганцаараа хөхөрдөг сөн. Энэ үед утас хангинан аав залгана. Та хоёр гарсан уу? Сургуулиасаа хоцорлоошд одоо гарцгаа хэмээн зандарна. Утсаа авахгүй дэрээрээ дарчхаад өдөржингөө утмаар санагдах ч цаанаа л нэг ааваас айна. Оройн хоолон дээр зурагт ширтэн суугаад өнөөдөр юу хийв хэмээн асуух харцнаас нь сүр ба...

Нахиа

Өнөөдөр есөн сарын нэгэн хичээлдээ явна гэхээс нэг л залхуутай. Төгсөх анги байна даа жоохон хүүхэд шиг догдолж хөөрөөд байлтай биш. Тэгэвч энэ мөчийг хэчнээн их хүлээлээ дээ, анги танхимаа мөн ч их санаж дээ гэж бодсоор охин гэрээс гаран алхаж байтал хэн нэгний намуухан зөөлхөн тэгсэн мөртөө түргэн алхлах сонсогдвол сониучирхан эргэж хартал нэг банди доошоо харж явсаар хүүе гэхийн завдалгүй ирээд мөргөчихлөө. Охин духаа барин яаяа яадаг мэдрэл вэ! гэсээр өнгийн харвал өнөөх банди "Өө уучлаарай би юм бодож байгаад." гээд гараа сунгалаа. Царайг нь сайн харвал нүдэнд дулаахан дажгүй банди байсанд ичсэндээ хнн наад гараар чинь яадын гэж гарыг нь алгадчихаад өөрөө өндийн боссон явахад нөгөө банди ахиж юу ч дуугарахгүй зогссоор хоцорлоо. Охин би яагаад муухай аашилчхав аа!? лаг дажгүй банди байсан шүү дээ танилцсан бол гэж дотроо бодсоноо тэр бодолдоо ичээд эргэж ч харалгүй бушуухан буудал руу алхлаа. Түрүүний болсон явдлыг бодон зогсож байтал нэг нэгний сайн уу? гэх сонсогдоход н...

Өв

Зутруухан өнгөрсөн сүүлийн хэдэн долоо хоногоос болж бие болоод сэтгэл нь эцэстээ хүрээд туйлдаж ядарчээ, мал сүрэг нь ч гэсэн эзнээ даган уруудаж өдөр бүр хэд хэдээрээ толгой гудайлган оочсон чигээрээ өнгөрөх ажээ. Одоо энэ бүхнийг эргээд бодвол бүхий л зүйл өөрөөс нь болсон нь яах аргагүй үнэн гэж бодохоос байж сууж эс чадаад хий дэмий л гэр дотроо нааш цааш эргэлдэнэ. Төрсөн цагаасаа эхлээд эцгийн хамт амьдарсан боловч өнгөрсөн жил эцэг нь цаг бусаар тэнгэрийн оронд очсоноос хойш өөрөөс нь өөр хэн нэгэн хамаатан садан гэгдэж өөрийг нь халуун дулаан элгэндээ тэврээд тайтгаруулах хүн үгүй тул өдийг хүртэл ганцаар энэ ханхар таван ханатай гэрийг дүүргэхийг хичээн амьдарч ирсэн боловч эцэстээ энэ л мөчид хамаг итгэл найдвар нь оргүй хоосон болж яахаа эс ухан дэмий л өөрийгөө зүхнэ. Эцгийн гал голомтыг бадраан залгуулж чадахгүй ингээд бөхөөх нь гэсэн бодол тархинд нь цаг тутам, минут бүр шунхан орж ирэх болсноос болоод унтаж чадахгүй тарчлан хэн нэгэн эмэгтэйг зүгээр л эхнэрээ болгон эцг...

Анахайн оршуулгын газар

Анахай нар мянга мянган жил амьдардаг ч нэгэн цагт хорвоог орхин оддог нь үнэн. Би бага байхын л анахайн оршуулгын газар хаана байдгийг хүсдэг байв. Тэгээд арван зургаан нас хүрээд л гэрээс явлаа. Ердөө л нэг том талх, нэг сав ус, бас бус юм үүргэвчиндээ хийгээд үлгэрт гардаг алс холын хойд нутгийг зорин одлоо. Эхний өдөр бүх юм сайхан байв. Тал газар цэлийн харагдаж нүд нээгдээд, сэрүүн салхи сэвэлзэн энгэр яраад сэтгэл гэгэлзүүлнэ. Үдэш нь нар уулын цаагуур бөгтийн, сар орой дээр мандах нь үзэсгэлэнтэй харагдана. Унтах газар олохгүй бол хээр хонох нь гэдгээ ухаарсан би эргэн тойрноо дурандсан боловч оддоос өөр бүрзийх ч гэрэл харагдсангүй. Хээр яаж хонох вэ!? гэсэндээ ойрхон харагдах цохиог зүглэв. Гадарга нь яг л усны мандал мэт толилзон, сар дээр нь тусна. Хальт харах аваас тэнгэр, газар хоёр нэг нэгнээсээ өрсөн гэрэлтэх мэт. Түдэлгүй хадны ёроолд ирлээ. Аз болж баруун тийшээ харсан цохио байв. Үгүй бол зүгийн муу зүүн хойшоо харж балрахгүй юу. Тэгээд хэвтчихээр газар хайн газар тэ...

Хоосон цаас

Дээр үед хоосон цаас ширээн дээгүүр найган хэвтдэг сэн. Энд тэнд нь эрээчсэн хэдэн үгс хөглөрөөд нүдэнд нэг л таатай агаад зовлонтой. Уйдсан үедээ ирмэгээс нь сэмээр гэтэн, гэтэн авна. Тэгээд одоо бодоод байх нь ээ, тэр үед нэг л тийм залуухан зүрх сэтгэлдээ хөтлөгдсөн хүүхэд байж. Өдөржин хий гиюүрч суугаад л. Түүндээ баясан өөрийгөө дэвэргээд шөнөжин сууж мянган үг холбоод л. Одоо тэгтэл цахилгаан хэлбэрт шилжээд ширээ минь өвөл мэт. Гадаргуу нь сааралтаад уйтай харагдана. Намайг бичээч, намайг шивнээч хэмээх түүхүүд хүртэл уйтгарт дарагдаад гуниглах шиг. Би ч эмх цэгцтэй ширээгээ гөлийн гараа ширтэн сууна. Хуучин цагийн арван хуруугаа бус хэдэн арван товчлууртай арзгар хар гар царайчлангуй харна. Урдын адил намайг урхидаач хэмээн тормолзоно. Толгой эргэлдэх зүйл луунаас цаашгүй. <<Цасан луу тэнгэрт дүүлэн нисээд үүлэнд сэлнэ. Луун ангууч арга эс олоод гэрийн зүг буцлаа.>> Ингээд л болоо. Ердөө л хоёр өгүүлбэр. Хэрхэн өрнөсөн, хэрхэн төгсөх талаар юу ч байхгүй. Өө тийн ...

Нохой тэжээгч

Сургуулийн хотхонд эзэнтэй, эзэнгүй ноход олон. Золбин гэхэд хүзүүвчтэй, тэжээмэл гэхээр тэнэмэл тэдгээр ноход зам даган хэлээ унжуулан хэвтэнэ. Хэдэн жил болоход турж үхсэн нь үгүй. Хичээл орж байхад ч яахав оюутан сурагчдын үлдэгдэл хоолоор өлөн гэдсээ дүүргэдэг гэх сэн. Амралтаар анир чимээгүй сургуульд тэдгээр ноход яаж амьдардаг байна вэ? хэмээн гайхдаг сан. Урд шөнө хоолоо авчхаад харьж явлаа. Ноход нэгэн цуваагаар хаашаа ч юм бэ яаралдана. Сониуч зандаа хөтлөгдөн дагалаа. Гүүрэн доор бөөнөөрөө мод тойрон эргэлдэнэ. Мод гэтэл үгүй байж. Үл мэдэх хүн нохой бүрд юм хаяж өгнө. Хэсэг хачирхан зогсоод гэрийн зүг дугуйгаа жийлээ. Нүдний буланд даашинзны хормой дэрвэх үзэгдэв. Үл таних нохой тэжээгч шөнийн харанхуйд уусан алга боллоо. Унтахын өмнө зүүд нойрны эргэцүүлэлд нохой тэжээгч охин санаанд оров. Сар ч үгүй түнэр харанхуйд дэрвэлзсэн даашинз сэтгэл гэгэлзүүлнэ. Эр хүний л зан юм даа хэмээн бодсоор нойрслоо. Маргааш нь ахиад өнөөх бүсгүйтэй таарав. Өмнө нь анзаарч байгаагүй нохой ...

Би дарангуйлагч байсан бол

Ёо, хэрвээ би дарангуйлагч байсан бол засгийн газрын ордноо аваад хотоос зайлах сан. Зам нь бөглөрөхгүй амар. Тэгээд бодохлоор би дарангуйлагч биш болчих гээд байх шиг байна аа. Ард иргэд бөглөрч байхад дээр нь нисдэг тэргээр сүр дуулиантай явбал зүгээр ч юм уу? Хангалттай дарангуйлагч биш юм шиг болоод явчихлаа. Бөглөрч байхад нь онгироод л хажуугаар нь сүнгэнээд яваад байх хэрэгтэй юм байна. Яая, би дарангуйлагч байсан бол та бүхнийг загнаж байгаад л хотод метро байгуулаад Налайхтай холбочих байсан юм. Тэгээд л та нар уурлаад босоод, жагсангуут метрогоор цэргүүдээ зөөж авчирч загнаад л. Ёстой сайхан байх сан даа. Сэтгэхгүй байна даа, энэ одоо үеийн хүүхдүүд. Хэрвээ би дарангуйлагч байсан бол хотыг тэр чигээр нь хамарсан үнэгүй вайфай цацаж өгөөд л та муу сайнуудыг хянаж байхгүй юу. Юу хийж байна, хаана явна гээд л. Дайснаасаа сурч байж сайн дарангуйлагч болдог юм гэдгийг санах хэрэгтэй л дээ. Америк, Хятадыг хар. Ёо би та нарыг жаргааж байгаа юм шиг болоод л араас чинь хутга шаах сан...

Доголон тулаанч

Бага насны үлгэрүүд сэтгэлээс гарна гэж үгүй. Доголон тулаанч тийм л үлгэрүүдийн нэг. Харамсалтай нь би энэ үлгэрийг дуустал нь сонсож байгаагүй юм. Гүнжийг луу аваад явах хүртэл л би тэсдэг байлаа. Тэгээд л нэг мэдэхэд өөрөө доголон баатар болчхоод луутай тулалдах гээд хорвоо дэлхийгээр манарган давхидаг сан. Хэзээ ч үлгэрээ дуусгаж байгаагүйтэй адил зүүдэндээ хэзээ ч луу олж байгаагүй билээ. Заримдаа гүнж надаар биш доголон тулаанчаар авруулах гээд өөрөө нуугдаад байх шиг санагддаг сан. Тэгээд энэ үлгэрийг дуустал нь уншихаар нас биед хүрсэн хойноо төв номын сан орлоо. Үнэндээ гүнжээс болоод найз охинтой болж чадахгүй байна гэсэн мухар сүсэг намайг эзэмдчихээд байсан юм. Аварга том хаалгыг татан харанхуй чулуун танхимд оров. Энэ үед яг л өөрөө доголон тулаанч болчхоод гүнжийг аврахаар явж буй мэт санагдаж байлаа. Тэгээд гэгээн цагаан өдөр мөрөөдөлдөө дэмийрэн зогсож байтал минь жижүүр авгай ууртай хашхиран сэрээв. Тэр доороо орох боломжгүй ажээ. Заавал үнэмлэх авч байж ордог аж. Тийм...

Epik High

Epik High гээд дуртай хамтлаг минь өнгөрсөн жил шинэ цомог гаргасан байсныг мэдээгүй явж. Өмнө нь Epik High Is Here гээд 2021 он гаргаж байсан цомгийнх нь үргэлжлэл юм байна.  Epik High Is Here, Part 2. Их гоё болжээ. Дууг нь алгасахгүй яг дарааллаар нь тасралтгүй таван хоног сонсож байна. Одоо л дуунууд дундаас нь жоохон тиймхнүүд нь алгасаж байх шиг. Цомгийн нүүр зургаас л хоёр өөр мэдрэмж нь харагдаж байх шиг. Epik High хамтлаг Tablo, Mithra Jin, DJ Tukutz гээд гурван гишүүнтэй. Нөгөө хоёрыг нь сайн мэдэхгүй. Tablo нь бол мундаг гар. Stanford University -ийн магистрын зэрэгтэй. Дуугаа зохионо, дуулна гээд л авьяастай. Сүүлд HIGHGRND гээд байгуулсан нь надад таалагддаг Hyukoh бас The Black Skirts хамтлагуудыг агуулдаг. Гэхдээ энэ бүхэндээ хүрэх гэж зовсон л доо энэ гурав. Мундаг авьяастай боловч мөнгөгүй их л удаан явсан байх. Tablo  -ийн өөрийнх нь цомгууд ч гэсэн таалагддаг. Сүүлд өөрөө бас The Tablo Podcast хөтөлж байсан юм. Миний бодлоор Epik High Is Here, Part 2 цомог н...

Хатанд дурлав

Эртний хатанд дурласан залуу цаг хугацаагаар аялах гэж элдэв янзаар хичээнэ. Тэгэвч тэр ертөнцийн хуулиас хэрхэн зайлсхийх билээ. Одоо цагтаа л зунгааралдана. Уйлах ч биш, уурлах ч биш. Заяаны хань нь зам дээр биш он цагийн дэвсгэр дээр хуйлраатай. Яаж ийж байгаад учрыг нь олохыг хичээвч арга мухардана. Учраагүй байж яаж дурлачихдаг байна аа? хэмээн гайхаж болох юм. Бурхан тэрэн дээр ирээд шивнэчхэж. Чиний заяаны хань чинь Сорхог хатан гээд зүүд илгээж. Ядаж байхад Донров зүүдэндээ итгэнэ гэж. Муухай зүүд зүүдэлбэл тэр өдөр гэрээсээ гарахгүй. Цэлмэг тэнгэр үзэгдэвч тэнгэрийн хаягаар үүл хурна гээд гэртээ бүгчихнэ. Хаан биш түүнд хатан заяа ёслохгүй гэдгийг даанч тэр ухаарсангүй. Он цагийн уртад сэтгэл мохож, нуруу бөгтийнө. Тэгэвч зүүд нь түүнийг тавьсангүй. Чөдөрлөж орхиод оджээ. Гандсан зүрхээ дэвтээх гэж ном судар үзнэ. Тэгж явсаар түүний тухай бичив. Алдар цууг нь мандуулсан яруу туурь бүтээжээ. Сорхог хатанд түмэн олноороо дурлачхав. Очиж чадахгүй он цагаа өндөр тайзан дээрээс ч б...

Нохой

Нохой хуцаж байна "Хулгайч ирлээ! Хулгайч ирлээ!". Эзэн өндийн босож суугаад цагаа харвал гурав өнгөрч байв. Таавчгаа авч өрөөнийхөө хаалгаар чулуудчихаад эргэн орондоо оров. Энэ үед хотын нөгөө захад хоёр хос хайрын үгс шивнэлдэнэ. Салхи зөөлөн илбэн шатах зүрхсийг нь өдөөнө. Маргааш чи хэдэд ирэх юм? Би маргааш биш өглөө ирнээ! За тэгвэл өглөө хэдэд ирэх юм? Мэдэхгүй унтаж босож ирээд л хүрээд ирье. Болохгүй ээ! Яаж байгаа юм? Заавал өглөө эрт ирээ! хэмээн охин хошуугаа унжуулан эрхэлнэ. Залуу уруул дээр нь үнсчхээд, нэг юм хэлэх гэснээ эргэн шуналтайгаар нь уруулыг нь шимэв. Нохой хуцна. "Хуурамч дохио байж, уучлаарай! Хуурамч дохио байж, уучлаарай!" . Эзэн тоосонгүй гэтэл эхнэр нь гэдэс уруу нь нудран цаад мангар юм чинь юундаа хуцаад байгаа юм бэ? очиж үзээч гэв. Эзэн дуртай дургүй нүдээ нухалсаар нохойн дээрээ очлоо. Шөнийн харанхуйд бараантах дүрсийг харсан нохой ган хийлгэх гэснээ эзнийхээ үнэрт уяран сүүлээ шарвав. Нөхөр хөргөгчөөс үлдэгдэл хоол гарган идүү...