Skip to main content

Доголон тулаанч

Бага насны үлгэрүүд сэтгэлээс гарна гэж үгүй. Доголон тулаанч тийм л үлгэрүүдийн нэг. Харамсалтай нь би энэ үлгэрийг дуустал нь сонсож байгаагүй юм. Гүнжийг луу аваад явах хүртэл л би тэсдэг байлаа. Тэгээд л нэг мэдэхэд өөрөө доголон баатар болчхоод луутай тулалдах гээд хорвоо дэлхийгээр манарган давхидаг сан. Хэзээ ч үлгэрээ дуусгаж байгаагүйтэй адил зүүдэндээ хэзээ ч луу олж байгаагүй билээ. Заримдаа гүнж надаар биш доголон тулаанчаар авруулах гээд өөрөө нуугдаад байх шиг санагддаг сан. Тэгээд энэ үлгэрийг дуустал нь уншихаар нас биед хүрсэн хойноо төв номын сан орлоо. Үнэндээ гүнжээс болоод найз охинтой болж чадахгүй байна гэсэн мухар сүсэг намайг эзэмдчихээд байсан юм. Аварга том хаалгыг татан харанхуй чулуун танхимд оров. Энэ үед яг л өөрөө доголон тулаанч болчхоод гүнжийг аврахаар явж буй мэт санагдаж байлаа. Тэгээд гэгээн цагаан өдөр мөрөөдөлдөө дэмийрэн зогсож байтал минь жижүүр авгай ууртай хашхиран сэрээв. Тэр доороо орох боломжгүй ажээ. Заавал үнэмлэх авч байж ордог аж. Тиймээс тэр орой гэртээ гар хоосон харив.

Гурван өдрийн дараа үнэмлэхээ авлаа. Энэ удаа жинхэнээсээ доголон тулаанч болоод гүнжийнхээ эрэлд гарахаар болж байндаа хэмээн сэрүүн зүүдэндээ автаж байтал номоо эхлээд захиалах хэрэгтэй шүү хэмээн жижүүр авгай зандрав. Тиймээ би эхлээд лууг олж толгойг нь тастах хэрэгтэй. Тэндээс ном захиалах өрөөнд орлоо. Хуучин баахан дэлгэцүүд байх аж. Тугдмын агуулахад орсон мэт санагдана. Үл мэдэгдэх эртний зэвсгүүдийг эргүүлж тойруулан хэсэг харж зогссоноо луугаа хайлаа. Тиймээ лууг олчихлоо. Санасныг бодвол амархан байв. Тэндээсээ гарсаар луугаа дарахаар шатар дээш өгсөв. Гишгүүрүүдийг нэг нэгээр өгсөн, амьсгаа даран алхана. Өөрийг нь дарах гэж байгааг мэдээд юу, юугүй шунхдан орж ирээд довтлох гэж буй мэт санагдана. Луу бол зальтай амьтан хаанаас ч галаар тургиж магадгүй. Заримдаа залхахдаа өөрийнхөө өрөө хүртэлх замыг урхиар бүтүүлсэн байх нь олон. Тэрийг ч доголон тулаанч сайн мэдэх тул болгоомжтой явж байлаа. Аажуухнаар, сэмээрхнээр.

Тугдмын дунд өргөөнд гарч ирлээ. Аанхаа хэмээн орилсоор үсрэн буувал чимээгүй байгаач хэмээн зандрах номын санчийн дуу доголон тулаанчийг цочиж орхилоо. Үнэмлэхээ үзүүлэн лууг дарах эрхээ олж авахыг хүсэн түүн дээр очив. Тэр ч төдөлгүй эрхийг минь өглөө. Би номоо аван хамгийн булангийн ширээнд суугаад доголон тулаанч хэрхэн гүнжийг аврахыг хүлээх үлдэв. Гэтэл болсонгүй. Танхим доторх чимээ шуугианд толгой минь эргээд тулалдаж чадсангүй. Луу зальтай гэдэг нь үнэн ажээ. Доголон тулаанчаас айгаад сарьсан шуламсуудыг илгээчхэж. Тэдгээр аймшигт шуламсуудын дуу хоолойг сонссон хүн мянган жил унтдаг гэдэг тул унтахаасаа урьтаж чихээ бөглөж амжлаа. Сарьсан шуламсууд ялагдсандаа аймшигтайгаар архиралдах нь мэдрэгдэнэ. Өргөөний шал чичирхийлэн хэзээ, хэзээгүй нурж унах гэж буй мэт. Сарьсан шуламсуудыг устгахгүй бол хэзээ ч лууг устгаж чадахгүйгээ доголон тулаанч мэдэж байлаа. Тийм болохоор сумаа онилон нумаа эвшээлгэн нэг нэгээр нь харваж эхлэв. Сум шунхтнан шуламсуудыг нэг нэгээр нь унагана. Зүгээр суугаач гэх урд суух ууртай охины ширүүн харцаар би эргэн ирлээ. Доголон тулаанч чихээ таглаагүй байсан бол золтой л мянган жил унтчихсангүй хэмээн бодон сарьсан шуламсуудыг дарсандаа сэтгэл ханамжтайгаар лууг дарахаар цааш явлаа.

Тэгтэл луу доголон тулаанчийг өөрт нь улам ойртож байгааг мэдээд мөсөн морийг илгээжээ. Мөсөн морь толгой дээгүүр салхи татуулан ниснэ. Доголон тулаанч мөнхийн зуны орноос ирсэн болохоор аймшигтай хүйтнийг тэсэхгүй бага багаар хөлдөж эхэллээ. Бие нь аажуухнаар царцан сүнс нь хүртэл зайрмагтах шиг. Доголон тулаанч эцсийн эцэст арга мухардан мөсөн моринд дийлдэн хөсөр ойчлоо. Энэ үед ширээ мөргөн сэрэ. Доголон тулаанч ордны чулуун шаланд унах үедээ гүнжийг харах шиг болов. Эцсийн хүчээ шавхан түүнийхээ бэлэглэсэн алчуурыг халааснаасаа гарган харав. Хайр сэтгэлдээ цус нь боргилон, зүрх нь булгилаад царцсан бие нь гэсэв. Хөлдсөн сүнс нь сулрав. Доголон тулаанч газраас өндийн нэг л харайлтаар мөсөн морийг цавчиж орхив. Хөөе халуун байна шдээ цонхоо нээлдээ гэж өрөөний нөгөө булангаас нэг залуу орилсноор би тохилог булангийн суудлаа солин өөр газар суун лууны эрэлд цааш мордлоо.

Луу энэ бүхэнд аймшигтайгаар хилэгнээн өвгөн шидтэнээ доголон тулаанчийг даруулахаар илгээв. Доголон тулаанчийн хуяг дуулга нь агшаад амьсгал нь боогдож эхэллээ. Өвгөн шидтэн хар арга хэрэглэж байгаа нь энэ ажээ. Доголон тулаанч хамаг чадлаараа хуяг дуулганаасаа сулрахыг хичээнэ. Арай хийн дуулгаа аван чулуудлаа. Тэгэвч хуягийн доод хэсэг нь нэгэнт гарахын аргагүй болжээ. Өвгөн шидтэн улам ихээр шившлэгээ уншина. Доголон тулаанчийн хуяг ч аажуухан агшина. Доголон тулаанчид өөр ямар ч арга байсангүй. Түүний хуяг дуулгыг устгаж чадах зүйл ганц лууны гал л байлаа. Доголон тулаанч өвгөн шидтэний хараал жатгыг байдаг чадлаараа тэвчин лууны байгаа газар луу гүйлээ. Хаалга үүдийг нь хага цавчин орвол луу уурласандаа галаар тургив. Доголон тулаанчийн бодсоноор ч болж түүний өмсгөл хувцас нь ор мөргүй алга болов. Өвгөн шидтэн гэнэтийн эсэргүүцэлд автан яаж ч чадалгүй хуяг дуулганы адил ор мөргүй боллоо. Номондоо автсан би номын сандлын хатууг ч мартаж орхив. Эцэс сүүлд нь луутай тулгарсан доголон тулаанч хамаг чадлаараа сэлмээ далайн лууны толгойг тасар татан хаяв. Тиймээ би лууг даран гүнжээ аварч чадлаа хэмээн уулга алдаж хараалаа арилгасан би сүүлчийн хуудсыг хаалаа. Гүнжээ аварсан болохоор амар сайхандаа жаргахаар аймшигт ордноос гарав. Цэнгэг агаар цээж дүүрнэ. Хүн бүхэн надад баяр хүргэн биширсэн харцаар харцгаана. Тиймээ би гүнжээ аварсан. Одоо аз жаргалтай амьдрах болно. Хачин ихээр өлсөж байсан тул хундага тавилгүй уудаг, хутга тавилгүй иддэг хурим найраа хийхээр гэрийн зүг алхлаа.

_________________________________________
Hanper би арай л догдолсон төсөөлөлтэй хүн үү, үгүй юу би. За яахав дээ, би ийм л хүн байгаа юм. :p

Comments

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...