Skip to main content

Epik High

Epik High гээд дуртай хамтлаг минь өнгөрсөн жил шинэ цомог гаргасан байсныг мэдээгүй явж. Өмнө нь Epik High Is Here гээд 2021 он гаргаж байсан цомгийнх нь үргэлжлэл юм байна.  Epik High Is Here, Part 2. Их гоё болжээ. Дууг нь алгасахгүй яг дарааллаар нь тасралтгүй таван хоног сонсож байна. Одоо л дуунууд дундаас нь жоохон тиймхнүүд нь алгасаж байх шиг. Цомгийн нүүр зургаас л хоёр өөр мэдрэмж нь харагдаж байх шиг.


Epik High хамтлаг Tablo, Mithra Jin, DJ Tukutz гээд гурван гишүүнтэй. Нөгөө хоёрыг нь сайн мэдэхгүй. Tablo нь бол мундаг гар. Stanford University -ийн магистрын зэрэгтэй. Дуугаа зохионо, дуулна гээд л авьяастай. Сүүлд HIGHGRND гээд байгуулсан нь надад таалагддаг Hyukoh бас The Black Skirts хамтлагуудыг агуулдаг. Гэхдээ энэ бүхэндээ хүрэх гэж зовсон л доо энэ гурав. Мундаг авьяастай боловч мөнгөгүй их л удаан явсан байх. Tablo  -ийн өөрийнх нь цомгууд ч гэсэн таалагддаг. Сүүлд өөрөө бас The Tablo Podcast хөтөлж байсан юм.

Миний бодлоор Epik High Is Here, Part 2 цомог нь илүү гэгээлэг байх шалтгаан нь Tablo -ийн охин Haru юм шиг санагдав. Зүгээр л охинтой болоод охин нь том болоод тэр нь Tablo -д илүү эергээр нөлөөлсөн юм шиг.

Олон жилийн өмнө дөнгөж сургуулиа төгсөөд ажиллаж эхэлж байсан үе. Хүмүүс гаднаас дуртай дууныхаа CD -г худалдаж авна. Гаднаас авдаг байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Би ерөөсөө авч байгаагүй. Одоо ч гэсэн авсан аа санахгүй байна. Youtube дээрээс сонсдог болохоор тэр юм болов уу? Уул нь худалдаж аваад дэмжих л хэрэгтэй байх даа. Үерхэж байсан охин маань гадаад сургуульд явлаа. Тэгээд анх удаа 1$ -р хөгжмийн ая авсан гээд надад их л догдлонгуй хэлэв. Би ч ойлгосонгүй. Үнэгүй сонсож болох байсан зүйлд яагаад мөнгө үрнэ вэ!? гээд л. Би анх удаа өөрийнхөө мөнгөөр боломжийнхоо хэрээр дуртай зүйлээ хууль ёсоор нь хэрэглэж байна гээд надад гомдож билээ. Одоо ч гэсэн сайн ойлгодоггүй юм. Магадгүй зохиогчийнх нь эрх дуусаагүй дуу байсан бол өөр хэрэг юм шиг санагдана. Гэхдээ миний буруу л даа. Надад зүгээр миний мөнгө яг уран бүтээлчид нь очдоггүй юм шиг санагдаад байдаг юм. Баахан илүү юм ярив. Гол хэлэх гэсэн санаа минь мөнгө яг цомгийг нь өөрсдөөс нь авмаар байдаг цөөхөн хамтлагийн нэг нь бол Epik High л гэх гэсэн юм.

Хамгийн их таалагдсан дуунууд гэвэл дунд хэсэгт нь байсан I Hated Myself болон хамгийн сүүлийн Champagne хоёр. Гэхдээ  I Hated Myself - г сонсохын өмнө BRB дууг нь сонсох хэрэгтэй байх. Цомог нь явсаар байгаад хундага өргөөд дуусаж байгаа юм шиг санагдав. Tablo бол өөрөө хоёр цомгоо дууны дарааллаар нь үргэлжлүүлээд сонсоорой л гэдэг юм. Дууны нэрс нь ч гэсэн хоорондоо холбоотой. Part 1 нь Lesson Zero -р эхлээд WIsh You Were -р дуусаж байхад Part 2 нь Here -р эхлээд Champagne -р дуусдаг.



I Hated Myself дуу нь гунигтай юм шиг атлаа миний бодлоор Tablo -н өөрийнх нь өнгөрсөнд мэдэрсэн мэдрэмж юм болов уу? Магадгүй одоо тэрийгээ илэрхийлээд гаргасан болохоор бага ч гэсэн тэр нь үгүй болсон биз ээ. 2019 онд өгсөн нэг ярилцлагадаа.

Q: Your family moved around a lot when you were younger. How did that affect your childhood?

A: ... So, my childhood was a constant loop of saying teary goodbyes to old friends and awkward hellos to new ones. Eventually, I stopped myself from making too many friends, because I knew I would have to say goodbye to them and I hated that. Wow, this sounds really depressing when I word it out like this. Well, it was.

гэж хариулж байсан юм. Магадгүй би бас өөрөө аймаар их сургууль сольсон болохоор тэр байх. Арван жил сурах ёстой байтал 3р ангиа үсрээд тэгсэн атлаа нийт 8н сургууль дамжсан байгаа юм. Хамгийн бага байсан нь 7 хоног 9н сарийн 1-нд шинэ ангид ороод тэр долоо хоногоо дуусгаад л өөр сургуульд орсон байдаг. 4р ангидаа болохоор өглөө нь нэг сургууль тараад өдөр нь өөр нэг сургууль гээд 2 сургуульд зэрэг нэг улирал сурчихсан. Амарчхаад эргээд очиход нь зүгээр л өдрийн сургуульдаа очихоо больчихсон. Тэр үед сүүлдээ хүнтэй танилцах, хүний нэр цээжлэх утгагүй юм шиг санагдаж байсан гэх юм уу. Угаасаа л дараа жил байхгүй юм чинь надад ямар хамаатай юм гэсэн байдлаар хандана. 7р ангидаа 1р сургуульд ороод л магадгүй сайн багшийн буянаар тэндээ төгсөн байх даа. Эсвэл зүгээр л 1р сургууль байсан болохоор нь ч тэр байж магадгүй. Тэр үеэс болсныг мэдэхгүй эсвэл ном уншихаараа хүний нэгийг уншиж дуудлагаар нь биш хэлбэрээр нь цээжилдэг болохоороо тэр үү хүний нэг тогтоохдоо аймаар муу. Зөндөө удаан байсан мөртөө нэрийг нь буруу дуудаад байгаа юм шиг санагдана. Тэгээд толгой дотроо нэрийн дүрсийг нь төсөөлөөд тэндээс бодож байгаа нэрээ зөв эсэхийг нь шийднэ. Арай л буруу цээжлээд байдаг юм шиг. Дуртай номынхоо гол дүрийн хүмүүсийн нэрийг нь мартчихна. Ийм хэлбэртэй гэж л мэднэ. Жоохон гажигдуу юм даа.

Манай нэг найз байдаг юм. Бага байхын л хүн болгонтой мэндэлнэ. Инээж ирээд л сайн уу? сайн байна уу? гэнэ. Хэн ч байсан мэнд устай. Арван жилд байхад орц болгон жижүүртэй болж байлаа. Би ямар хүн ч гэдгийг нь мэдэхгүй байхад өнөөх минь нэрийг нь мэднэ. Өдөр болгон мэндэлнэ. Тэгээд би өөрөө тэгж чадахгүй юм шиг тэрэнд атаархдаг байлаа. Тэгээд л тэрнээс асууна. Чи яаж ингэдэг юм бэ? гээд. Тэр ч миний асуултыг ойлгохгүй. Зүгээр л сайн байна уу? гээд л болоо шүү дээ гэнэ. Ядаж байхад би өөрөө сул дуутай. Хүн сонсохгүй байх вий гэсэндээ юм уу, хүн сонсчих вий гэсэн дээ юм уу. Эхнийх нь байсан бол хамаг чангаараа л ярих ёстой юм шиг. Зүс үзсэн хүнтэй тааралдах болгонд тэр санаанд орно. Тэгээд л аль болох тэр шиг байхыг хичээгээд мэнд мэдэх гэж оролдоно. Тэгэвч үргэлж чадахгүй заримдаа амандаа үглээд л зөрнө. Заримдаа санаа зовоод л зөрнө. Тэрэнтэй тэгээд өчнөөн олон жил найзалчхаад заалгах л хэрэгтэй байсан байх даа. Тэгэвч тэрэнд ийм л байдаг гэсэн бодол байгаа болохоор зааж чадахгүй.

Таньдаггүй хүн байхгүй хоёр найз бас байна аа. Тэр хоёртой явж байхаар хаана ч байсан таньдаг хүн бараг заавал тааралдана. Холбоо сүлбээг нь яривал уул нь би бас таних ёстой л хүн юм шиг байгаа юм. Гадаа явж байгаад л хүртэл хүнтэй таараад л бараг яриад зогсчихно. Би тэрэнтэй нь гар бариад л танилцана. Нэр нь надаас даанч зугтчихна. Гар барих хэлбэр нь л санаанд үлдэх шиг. Дараа нь гар барихгүй бол санахгүй байх аа тэр хүнийг. Тэгээд л би бас тэр хоёрт атаархана. Яаж ингээд байна аа гээд гайхна. Магадгүй би тэдгээр хүмүүсийн амьдралыг сонирхох хэрэгтэй байх даа. Тэгээд тэндээсээ ямар нэг холбоос үүсгээд тэр холбоосоо баталгаажуулах хэрэгтэй юм болов уу? Мөн л тэр хүн яагаад юм аа ярих гэж би гайхна. Би амьдралд нь хошуу дүрээд байгаа юм шиг. Магадгүй зүгээр л би өөрөө санаа зовохгүй хүн болгоны амьдралд дайрч орох хэрэгтэй байх аа. Саяхан хэдэн хүнтэй өдрийн хоолонд орчхоод гарлаа. Явж байх хооронд лав тэр хүний таньдаг хэдэн ч хүнтэй зөрөв. Өнөөх хүн маань таньдаг мөртөө над шиг чимээгүйхэн зөрөхгүй бүгдтэй нь мэндлээд л өнгөрлөө. Мэдээж мэндлээгүй бол би мэдэхгүй байх л даа. Гэхдээ тэр нь өмнөх шиг л таалагдав. Зарим хүмүүс гэхдээ тэгээд төрчихдөг юм болов уу?

Epik High ярьж байтал миний амьдрал уруу орчихсон байх юм. За яахав миний л блог юм даа. Тэгээд яахав одоо л нэг гайгүй сул мөнгөтэй болж байна гэж бодоод энэ цомог нь таалагдсан болохоор худалдаад авчий гэж бодлоо. Epik High вэбсайт уруу нь оров. Тэгсэн дуугаа зардаггүй юм шиг. Хувцаснуудаас нь авъя гэтэл Монголд хүргэдэггүй байх юм. Жижиг улсын зовлон юм даг уу даа. Эсвэл миний шалтаг юм болов уу. За тэгээд надад таалагдсан хоёр дуу танд таалагдахгүй ч байж мэднэ. Гэхдээ энд тэндээс нь өөр, өөр дуунуудыг нь сонирхоод үзээрэй. Дууны үгийн орчуулга нь интернэтээр дүүрэн байгаа байх гэж бодоод оруулсангүй. Сонсоод уйдаж дуусвал оруулж ч магадгүй юм. Тавтай сайхан сонсоорой.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...