Skip to main content

Хоосон цаас

Дээр үед хоосон цаас ширээн дээгүүр найган хэвтдэг сэн. Энд тэнд нь эрээчсэн хэдэн үгс хөглөрөөд нүдэнд нэг л таатай агаад зовлонтой. Уйдсан үедээ ирмэгээс нь сэмээр гэтэн, гэтэн авна. Тэгээд одоо бодоод байх нь ээ, тэр үед нэг л тийм залуухан зүрх сэтгэлдээ хөтлөгдсөн хүүхэд байж. Өдөржин хий гиюүрч суугаад л. Түүндээ баясан өөрийгөө дэвэргээд шөнөжин сууж мянган үг холбоод л. Одоо тэгтэл цахилгаан хэлбэрт шилжээд ширээ минь өвөл мэт. Гадаргуу нь сааралтаад уйтай харагдана. Намайг бичээч, намайг шивнээч хэмээх түүхүүд хүртэл уйтгарт дарагдаад гуниглах шиг.

Би ч эмх цэгцтэй ширээгээ гөлийн гараа ширтэн сууна. Хуучин цагийн арван хуруугаа бус хэдэн арван товчлууртай арзгар хар гар царайчлангуй харна. Урдын адил намайг урхидаач хэмээн тормолзоно. Толгой эргэлдэх зүйл луунаас цаашгүй. <<Цасан луу тэнгэрт дүүлэн нисээд үүлэнд сэлнэ. Луун ангууч арга эс олоод гэрийн зүг буцлаа.>> Ингээд л болоо. Ердөө л хоёр өгүүлбэр. Хэрхэн өрнөсөн, хэрхэн төгсөх талаар юу ч байхгүй. Өө тийн <<Цасан луу>> ны талаар жоохон ярьж өгий. Хэрвээ <<Унгадаг баатар>>-ыг уншсан бол тэнд Мөсөн луу гардаг гэдгийг санаж байж болох юм. Цасан луу түүнтэй холбоотой зүйл бараг л байхгүй. Хоёулаа бага байхдаа хоорондоо нэг л удаа тулалдаж байсан түүхтэй. Нэг нь бороонд дуртай гээд нөгөөх нь цасанд дуртай гээд маргалдаад эцэст нь зодолдсон гэдэг. Харин эцэс сүүлд нь хэн нь цасанд, хэн нь бороонд дуртайгаа мартсанаас болж тулаанаа цааш үргэлжлүүлэх аргагүй болжээ. Сүүлд Мөсөн луу Үүлэн хотхонд амьдарч байхад Цасан луу дайрч өнгөрсөн боловч мөн л маргалдсаны улмаас тэр даруй нисэн оджээ. Унана, Могой гүнж, Алд сэлэмт дархан гурав Мөсөн луунд хууртагдан мөсөн тамд хоригдох үед Цасан луу алс холын оронд дарс шимэн суусан гэдэг. Ингээд хаачна вэ? шинэ үлгэр эхэлнэ үү? Үгүй дээ, зүгээр л уйдсан толгой шулганаж бай нь тэр.

Дэрэн доор унтдаг байсан нойрмог номд хүртэл алга болжээ. Зүүрмэглэн сэрэхэд минь толгой нухан босоорой, босоорой хэмээн дуудах тэдгээр номууд тавиур өөд яаран одоцгоож. Зурвас ирлээ гэсэн дуу утсанд хангинана. Утасны мобикомоос ирж буй сурталчилгаа. Хэрэггүй хоршоо үгс. Бүх юм цахилгаан болжээ. Ном маань, дэвтэр маань. Би өөрөө ... Би өөрөө цахилгаан хүн болчихсон байж. Одоо л ойлголоо. Өдөр тутмын амьдрал юунд ингэж хурдан өнгөрнө вэ? хэмээн гайхах шалтгаан хэрэггүй аж. Би чинь цахилгаан хүн болчхоод мансууран суугаа юм байна. Оюун ухаан минь харин бодит юм болов уу? хиймэл оюун ухаан юм болов уу?

Бодож байвал оршин буйн шинж мөн үү? Тэгвэл мөн ч цөөхөн хүн оршин байдаг мэт. Гүн ухаан нойргүй толгойд эргэлдэнэ. Эртний суутнуудын сүнс сүг зогсоо зайгүй эргэлдээ хий юм сонсож, харав уу? гэлтэй санагдана. Уянгын дуу чихэнд чийртэйгээр эгшиглэнэ. Сонсоход тээртэй ч сонсохгүй байхын аргагүй дуу гэж байдаг болов уу? Аль эсвэл утга учиргүй дараалуулан сонссон учраас тэгдэг юм болов уу? Миний нэг сул тул нэг л дуугаа дахин, дахин, ахин , ахин сонсоод байдагт байдаг хэмээн үнэн сэтгэлээсээ би бодно. Тэгээд сарын дараа эсвэл хоёр сарын дараа өнөө дуугаа үнэн сэтгэлээсээ үзэн ядна. Тэр л дууны хөг болгон хар дарсан зүүд болон хувирах шиг. Яг л хайр дурлалтай адилхан биш гэж үү?

Бодлоо ийнхүү хөврүүлэн бичвээс хичээн амар хэчнээн сайхан? Даанч хэнд сонирхолтой байх билээ? Ямар үнэ, цэнэ үүнд оноогдох билээ?

Гэрэлтэй харагдах цонхнуудыг тооллоо. Гурван цонх нүдний өмнө зурайна. Юу хийгээд яах гээд унтаагүй байна билээ. За би ч яахав тэгж ингэж байгаад унтах гэж байгаа хүн. Хамгийн цаад талын алын гэрэл шаргалтана. Эхнэр, нөхөр хоёр нэгнээ тэвэрч зүүгээд зурагт үзэж байгаа юм шиг санагдана. Хайр сэтгэл нь ундраад ийнхүү гэрэл сацруулж буй ажээ.

Түүний наана цагаан гэрэл сүүмийнэ. Гоонь эр унтаж эс чадаад ном шагайн сууж буй нь энэ ажээ. Уран номдоо автаад унтахаа умартаж. Ахиад зуун хуудас үлдчихээд байдаг. Уншаад дуусчихмаар байдаг гэтэл нойр нь ч хүрээд байх шиг. Өдөр тааралдсан бүсгүйг бодлоо. Хуралд оролцох гэж буй мэт хослолоор гангарч. Тэгэвч энэ айлын залуу юу ч хэлж чадсангүй. Хэлээ залгиад харцаараа баяртай гээд үджээ.

Хамгийн наад талд асаалттай байсан гэрэл унтарчихлаа. Амьдралыг нь ярьж байна гээд нуугдаж байх шиг. Ичимхий охин амьдарч байна уу? Өөр, өөрийгөө амьдралаас нуух гэсэн дээ, хэн нэгэнд харагдахгүй гэсэн дээ зохиомж, бодлоос хүртэл зайлсхийн амьдарна. Маргааш ажилдаа яаж явна даа. Чөлөө авч амардаг юм билүү хэмээн бодсоор нойрондоо дарагдан унтах буй за.

Багийн явдал дадал болсон байж магадгүй гээд хоосон дэвтэр дэлгэн суулаа. Үзэг гарт эвлэсэнгүй.

Цагаан цаасан дээр
Хар цэцэг ургана.
Дэлбээлж эс чадаад
Хатаж гандана.

гээд зогслоо. Зуд болж байхад би яаж чадах билээ. Дэвтрээ хаагаад замаар жирэлзэх машинуудыг бодлоо. Өрсөлдөх хүн үгүй болсон тул бүгд хурд мэдэн давхина. Эргэн тойронд нь тавтай нойрсох тэргүүд маргааш чи ядарна даа гэх шиг дуугай хэвтэнэ. Нэг машин яг нүдний өмнө зогсов. Хэсэг зогсоод үл таних хүн буулаа. Эмэгтэй, эрэгтэй нь ялгагдахгүй этгээд гуйвж дайвсаар CU орчхов. Манай урд 24н цагийн CU байдаг юм. Шөнийн элжинд нь жоохон охин ганцаараа ажиллана. Эрчүүд нь шөнө ажилладаггүй юм байх даа. Цалин нь илүү биш юм бол уу хэмээн гайхав. Монгол залуу юм болохоор харанхуй болов уу, үгүй юу архи уучихдаг юм байх даа. Би уухгүй болохоор миний хувийг уугаад зовдог болов уу? Бусдыг бодох сайхан сэтгэл байх аваас нормоо биелүүлж уух л хэрэгтэй байгаа юм даа.

Зурагт үзэж байсан хос хоёр орондоо оржээ. Хайр нь мэдрэгдэж байсан цэгт түнэр харанхуй ноёлно. Ганц бие залуу л над шиг гөлийгөөд гэрэлтэйгээ. Магад миний тухай бичиж байгаа биз ээ. Хөшиггүй болохоор би харагдаж байгаа байлгүй. Амьдрал гэж мэдэхгүй залуу ажлаа хийж сууна. Шөнө орой болсныг умартаад умгар гэрээ томсгохыг хичээн ажиллана гээд л авч өгч байвал яана. Би энд нь худлаа яриад л. За тэгээд юу ч биччихэв мэдэхгүй дээ. Нойр минь хүрээд байх юм. Тэгсэн мөртөө унтахгүй. Худлаа дэмий юм эрээчээд л. Хэнд хэрэгтэйн.

Оройжин хоол болохоор цуг иднэ дээ гэж бодож байсан личо маань хөгцөрчихсөн байх юм. Хөргөгчид байж яахаараа тэгдэг байна вэ? Эрчим хүч хэмнэж байна гээд арай бага дээр тавиад байгаа юм байх даа. Тэгсэн атлаа дотроос нь ундаа аваад уух гэхээр аймаар хүйтэн. Өмнө нь тэгж личо этэр хөгцөрч байхыг харж байсангүй. Шилтэй, таглаатай эд атлаа яасан юм бол. Хоол идэж байсан халбагаараа хусчихсан юм байх даа. Тэгээ л биз дээ. Өөр яав гэж. Дургүй хүрээд хаячхаад хадгалсан байсан кимчигээ нээв. Бас л сонин болчхож. Тэрийг ч гэсэн хаялаа. Сэтгэлд сэвтэй юм идчихвэл өвдөх гэж лай юм даа. Арай л үрэлгэн байгаа юм шиг гэмтэй санагдана. Тэгэвч өвдчихвөл бүүр их мөнгө. Хаягдаад байгаа болохоор юм авахаас ч дургүй хүрэх юм. Юм авахгүй болохоор орой ирэхээр идэх юм ч олдохгүй. Хэд ч хоносон юм мэдэхгүй талх үнэрлэж үзээд идэв. Гайгүй л юм шиг байна. Магадгүй авсан юм дээрээ он сар наах хэрэгтэй юм болов уу. Одоо бүүр ногоо бол авахаа байсан. Идэж барна гэж гонж.

Тэгж байтал дүүгийн авчирч тавьсан цэцэг нүдэнд өртлөө. Хэзээ ч усалсан юм хөөрхий. Үхчихгүй тэгээд байгаад байх юм. Урд насандаа ямар нүгэл үйлдээд манайд цэцэг болж ургаж байгаа юм. Бодвол гол горхи бузарлаан байлгүй. Нүгэлтэй нь үнэн бол тэрийг нь хэлээсэн. Услахгүй хатааж алах юм сан. Арай ч өс хонзонтой харгис уу? Өрөвч сэтгэлтэй байх хэрэгтэй байх даа тэ? Тийм болохоор ус нэмээд хийлээ. Шүүлтүүртэй савны ус хийсэн болохоор хорлоод ч байх шиг. Ингээд ус уу гээд ямар ч эрдэс бодисгүй ус гудруулна. Арга барсан цэцэг өмнө минь мөхийгөөд аврал эрэн найгана. Би тэрийг нь эс ухаараад эргээд ширээн дээрээ суулаа.

Ингэж элийрч байхаар унтаж амраач гээд загнах хүн байгаа л байх. Тэгээд л ажил дээрээ оччихоод л зүүрмэглээд. Худлаа хэцүү зүйл хийж байгаа юм шиг шанаагаа тулж суугаад л.

Үнэндээ бол өдрийн хоол хаана, юу иднэ гэдэг толгойн өвчин байна шүү. Хүн болгон тэгж байх шиг. Энийг шийдсэн зүйл бүтээчихвэл баяжих нь тодорхой юу, үгүй юү. Монголчуудыг бол ширхгийн хоол, цуйван л тэжээж байх шиг байна дөө. Улс даяраа ууртай байх нь аргагүй шүү дээ. Өөр юм идэж амьдармаар байхын. Хүмүүс мөнгө идсэн л гээд байна. Арга ядаад л тэр байх даа. Хэдий болтол тостой цуйванд гулгиж суухын бээ. Мөнгө тэгээд амттай байдаг юм уу даа. Ногоон болохоор бас зүгээр л байх даа. Бага ч гэсэн эрдэс бодистой. Кофе харин хаа сайгүй харагдаж байна уу. Живээд л байх шиг байна. Цонх харвал бүгд л эрт унтаад байх шиг. Орондоо утсаа оролдоод байдымуу? Утас хүний нойрыг хамгийн их алж байх шиг байна даа. Хурц гэрлээрээ цавчиж хаяад л. Маргааш нь яах уу мөлхөөд ирж байгаа нойрыг нь кофе дэвсэлнэ. Авах юмгүй болтол нь балбана. Хөөрхий зүүд нүднээс нь уншиж зовхинд нь атиралдаад хэвтчихнэ. Тэгээд л сүүдэр татуулсан нүдтэй хүмүүс. Мөнгө бас байна аа байна. Идэж барснаас ууж барсан нь сайхан юм шиг. Өнгөөрөө хар, утгаараа хар хоёулаа урсаж байгаа юм даа. Буруу гэж юу байх вэ. Тэгэхгүй бол тэр чинь өөрөө урсаад алга болчхоод байгаа юм чинь. Хадгаламжид хоръё гэхээр эрх чөлөөг нь хязгаарлах болчхоод байдаг. Мөнгө танд би эрх чөлөө олгоё. Та өөрийн дураар үрэгдэнэ үү. Үнэндээ бол хорьж дийлэхгүй. Атгаад авъя гэхээр хуруун завсраар урсаад дуусчихна.

Мөнгөгүй байж л саяхан дөрвөн ном авчихлаа. Ядаж байхад яасан ч үнэтэй юм. Унших нь үнэн юм уу, даа л гэж сүүлдээ өөрөө бодов. Одоо авахгүй бол дараа олдохгүй ээ. Муусайн юмнууд архи, тамхиндаа л мөнгө үрэхгүй. Эрдэм ном гээд үнийг нь хөөргөдөөд байх юм. 40к гэдэг бас арай л чанга биш үү дундаж номд. Уншаасай л гэж залбиръя. Тэгсэн мөртөө бүүр гоё номууд нь олдохгүй юм. Тэрийг нь Монголд оруулж ирэхгүй юм. Сонин, сонин номууд үзэгдэнэ. Авдаг болоод л авчраа байлгүй гэж бодно. Хэн тэрийг аваад байна аа. Монгол хэл дээр ч шинэ номуудыг цаг алдалгүй орчуулж байх шиг үзэгдэнэ. Мундаг л даа.

За тэгээд бодоод байхад ном цуглуулна гэдэг нэг төрлийн ном юм уу даа. Хэрэгтэй гэж боддог болохоор л хүмүүс гоочилдоггүй байх. Хий дэмий хэвтэх номууд минь гөлийгөөд л байжийхаар намайг шаналгаж уншигдаач. Би жоохон үнд орж гуйлгамаар байх юм. Нийлүүлэлт чинь арай их, эрэлт чинь бага байгаа юм биш үү. Зах зээлийн гаргалгаа этэр чинь хаана байна вэ? Огтлолцож байгаа юм мэдрэгдэхгүй байна шүү. Та нар л намайг өөрсдөө урхидахгүй бол би ойлгохгүй, дүмбийгээд л байх шинжтэй дэг. Хоосон толгой юм даа би. Толгой минь хоосон болохоор өмнө минь дэлгээтэй цаас хоосон үзэгдэнэ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...