Skip to main content

Улаан лооль

Аав, ээжийнд орж эрхлэнгээ алдаад гарав. Хоол идчихээд сэтгэл санаа өөдрөг байтал автобус ус цацчихаад яваад өглөө. Уурч хүрэх шиг. Хоосон замаар явж байж үхэх гэж байгаа юм шиг дайраад ус цацчих юм.

Замын хажууд ээж, охин хоёр зогсоно. Машин барих гэж байгаа бололтой. Хэрэгт дурлаад торыг нь харвал баахан ногоо, цагаа. Хүнсээ цуглуулаа юм болов уу. Зөрөөд өнгөрсний дараа нөгөө хоёр тороо дамжлаад алхав. Дундаа хийгээд дааж ядан алхана. Явах зүгт нь байрлах байрууд нэлээд зайтай, дааж байгаа юм болов уу? гэж бодов. Эргэн, эргэн харвал яваад л байх шиг. Гэрлэн дохио дээр зогслоо. Хажууд ирэх юм бол магадгүй тусалж болох юм. Үгүй ээ, хулгайч гэж бодох байх даа. Харанхуй шөнө малгайтай цамц өмсчхөөд ганцаараа алхаж байгаа эрэгтэйгээс хоёр эмэгтэй айх байлгүй дээ. Гэрлэн дээр ирсэнгүй. Эргэн харвал нэлээд ард гараа амраан зогсоно. За болох байлгүй дээ гэж бодоод зам гарлаа. Зам гарчхаад хойшоо эргэв. Нүдний буланд өнөөх хоёр гэрлээр амжих гэж гүйнэ. Ээж нь өөрөөсөө өндөр охин, тор хоёроо бараг чирээд л зам гарлаа. Байн, байн харсан даа санаа зовон урагш алхав. Хэд алхаад эргээд харвал өнөөх хоёр гэрлэн дохио доор зогссоор л. Хий дэмий байрандаа эргэв. Асуувал яах бол? айж бас ичнэ. Эрэгтэй хүүхэд байсан бол эр хүн болж байгаа юм даа гээд явах сан. Нөгөө хоёр зогссоор л. Малгайгаа буулгаад тэр хоёрыг зүглэв. Хөдлөөд явчих юм бол буцъя даа гэж бодно. Явчхаасай гэж хүснэ. Тэр хоёр зогссоор л. Өмнө нь очоод чихэвчээ аваад уучлаарай, өргөөд өгөх үү гэлээ. Жоохон охин уухайн тас тэг л дээ гэнэ. Ээж нь үгүй гэж хэлэхийг хүссэн боловч гар нь өвдсөн бололтой намайг ширтэнэ. Хаа хүрэх гэж байгаа юм магадгүй дөхүүлээд өгий гэвэл ээж нь сая л нэг ам нээж ашгүй дээ. Уул нь манайх энүүхэнд гээд газар заав. Торыг нь өргөвөл гайгүй юм шиг санагдлаа. Шинэ ногоо гарчхаж тэгээд баахан юм авчихсан чинь жоохон хүнд болчхож гэж байна. Охин аймаар хүнд байсан гээд ээждээ гомдоллоно. Ээж нь санаа зовсон бололтой уул нь жоохон юм л авсан юм гээд инээмсэглэв. Хэсэг явбал үнэхээр хүнд нь мэдрэгдэж байлаа. Нэрэлхсэндээ гараа сольж чадсангүй. Энд амрах уу гэж байна. Амарчихвал бүүр их санаа зовох болов уу гэсэн дээ, үгүй ээ зүгээр гайгүй юм байна гээд алхлаа. Үнэндээ бол жоохон амармаар л байв. Аз болж цаахна нь ус тогтчихсон нарийн замаар гарах хэрэгтэй болсон тул торыг нь хоёр гараараа тэврээд явлаа.

Таныг хэн гэдэг вэ гэж охин асуув. Т ... гээд нэрээ хэлбэл. Баярлаа, Т ... ах гэж байна. Мундаг хүүхэд байна даа гэж бодлоо. Зүгээр баярлалаа гэхгүй нэр ус мэдээд нэрээр нь баярлалаа гэж хэлэх ховор байх даа. Мундаг хүмүүжүүлсэн бололтой. Орцны нь үүдэнд хүргэж өгөөд эргэх гэтэл ээж нь гараас бариад баярлалаа, хүү минь хүлээж байгаарай гээд торноосоо улаан лооль гаргаж өгөв. Баярлалаа гээд явах гэсэн боловч байжий, байжий гээд охиныхоо барьж явсан торноос өргөст хэмх гаргах гэж самгардана. Яахын гэсэн боловч үг авсангүй. Үгүй ээ, би зүгээр л туслах гэсэн болохоор улаан лооль л хангалттай гээд зугтах шахам явав. Явж байхдаа улаан лоолийг гартаа эргүүлнэ. Үнэхээр л шинэ ургац бололтой. Час хийсэн улаан өнгө нь амттай бөгөөд шүүслэг харагдана. Магадгүй хүнд туслаад сэтгэл минь хөөрсөн юм болов уу. Албатай юм шиг загнадаг хүмүүс бас байна аа. Аль эсвэл над шиг санаа нь зовоод дуугарч чаддаггүй биз. Гоё хариу үзүүлсэн хүмүүст тусалсан болохоороо ч тэр үү тусалъя гэж бодож шийдсэндээ баярлав.

Өөрийгөө магтсан ч юм шиг болчихлоо. Хаа нэгтээ хүнд буян үйлдэх боломж олго гэж уншиж байсан санагдана. Би өөрөө ч бичсэн юм болов уу. Худлаа тэгээд онгироод байдаг юм тэ? Одоо цагт хүнд итгээд туслуулна гэдэг бас хэцүү ч юм шиг санагдана. Ямар ч хүн байх юм билээ. Харанхуй шөнө юмыг нь аваад зугтчихвал ээж, охин хоёр яаж чадах билээ. Тийм болохоор сонсохгүй ч гэсэн надад итгээд буян үйлдэхэд минь тусалсанд баярлалаа.

Заримдаа хүнд тусламж хэрэгтэй байгааг нь мэдсэн мөртөө санаа зовно. Буруу ойлгочих вий дээ гээд. Заримдаа мэдээж залхуурна. Заримдаа би ямар албатай юу гэж бодно. Албатай биш л дээ, би мөрөө хөөгөөд амьдрахад буруу юу байх билээ. Тэгэвч тэгэх бүрийд өөдөсхөн би салаад уначих шиг. Хүнтэй явж байгаад тусалчихаар түүнд л гайхуулж байгаа юм шиг. Ганцаараа явж байсан бол туслах болов уу гэж өөрөө гайхна. Хариуг нь даанч мэдэхгүй. Миний тусалж чадахааргүй зүйлс бас таарна. Тэрэнд одоо би яалтай билээ. Заримдаа боломжтой боловч зүгээр л зөрөөд өнгөрчихнө. Тухайн агшинд бодсон ч юмгүй, анзаарах ч үгүй, аан тийм байна даа гээд л явчихна. Хол очоод эргээд харна, тэгээд мэдэхгүй яваад л өгнө. Заримдаа надаас түрүүлээд хүн тусалчихна. Баярласан мөртөө тэр хүн шиг шууд л туслаагүй дээ ичнэ. Зүгээр л тусалбал тусалчихгүй элдэв юм бодоод эргүүтээд байгаагаа гайхна.

Нэлээд дээр үед явж байтал урд минь явж байсан хүн татаад уначихлаа. Хүүе, хааяа гээд очтол шал согтуу юм шиг хэл ярья нь сонин тэгээд дээр нь өмдөндөө шээчих юм. Өргөж босгох гэснээ бага зэрэг сэжиглэлээ. Эргэн тойрноо наашаа гэчих хүн байсангүй. За яахав дээр өнөөх ахыг арай хүн босгоод суулгалаа. Ахаа та яаж байна аа гэсэн мэдэхгүй харин толгой эргээд гэж байна. Таньдаг барьдаг хүн байна уу гэвэл мэдэхгүй яриа нь ойлгогдсонгүй. За суужий гэчхээд түргэн дуудлаа. 10 минут гэж байна. Утасаар ярих уу гэвэл нэг дугаар хэллээ. Өнөөх утас нь авдаггүй. Өөр хүн дуудах уу гэвэл манай дүү энэ ойрхон байдаг юм аа гэж байна. Нэрийг нь аваад ажлыг нь заалгаад нөгөө газар уруу нь гүйлээ. Эндээ сууж байгаарай хөдөлж болохгүй шүү! түргэн ирнэ шүү гээд явав. Ажил дээр нь очсон чинь тийм хүн байдаггүй гэж байна. Ахиад сайн сураглавал буруу газар ирчхэж тэндээс бас хэсэг яваад зөв газар нь ирлээ. Арай гэж нөгөө хүний олоод уучлаарай, танай ах энэ урд татаад уначихлаа гэвэл муу хар архичин, архи уугаад л татаж унаа биз надад хамаагүй! чи юун этэр гээд над уруу агсарлаа. Хэлэх үггүй болсон би үгүй ээ... үгүй ээ гээд хоцров. Хэчнээн их гомдсон болоод ахыгаа ийнхүү зүхнэ вэ? Буцах замдаа бодно. Би муу хүнд туслаад байгаа юм байх даа гэж бодлоо. Муу хүн гэдгийг нь мэдэж байсан бол би муухай хараад зөрөх байсан уу? тэгж бодоод өөрөөсөө айх шиг. Өнөөх газраа ирвэл ах хүү байсангүй. Энүүгээр, тэрүүгээр авбал нэг орцны үүдэнд очоод суучхаж. Ах аа, та одоо яаж байна, түргэн яасан гэвэл даралт үзчихээд эм өгөөд явлаа гэж байна. Хэлээ гаргаж үзвэл нэг цагаан эм байна. Уухгүй яасан юм гэвэл ус байдаггүй гэж байна. За гээд явж ус авчирч өгөв. Дүү нь хараасан гэдгийг нь хэлж зүрхлэхгүй болохоор уучлаарай, танай дүүг олсонгүй ээ л гэлээ. Манай дүү мундаг, завгүй байгаа байлгүй гэж байна. Согтуу эсэхийг нь би мөн л мэдсэнгүй. Хэл яриа нь бол хэцүү хэвээр. Харваж байгаа хүнийг түргэн ирээд орхиод явчихгүй байлгүй гэж бодлоо. Би яахаа мэдэхгүй зогсож байтал ах хүү босоод явлаа. Та хаачих нь вэ? жоохон сууж байгаад гэвэл над уруу наг харчхаад үг дүүгүй яваад өглөө. Муу хүн гэснээс нь болоод уу? миний сайхан сэтгэлийн хэмжээ энд хүрсэн үү? өмдөндөө шээсэн хүн байсан болохоор нь хамт харагдахаас ичсэн үү? яадаг ч байсан би тэр газар баахан зогсов. Өнөөх ах яван явсаар алга боллоо. Баярлалаа гэж хэлсэнгүй дээ гэж бодоод явахаар зорьж байсан газар уруугаа явлаа.

Бичиж байх зуураа сонин, сонин тохиолдлуудаа бодов. Тэрэндээ жоохон урвагар байтал ширээн дээр тавьсан улаан лооль нүдэнд өртлөө. Угаачхаад хазвал үнэхээр л шинэ ургац бололтой хазах төдийд шүүс нь ам даган урсав. Чихэрлэг агаад нялуун ажээ.

Comments

  1. Хүнд туслаад баярлалаа гэдэг үг сонсох гоё шүү. Ээж охин хоёрт тусалсан нь сайн юм болжээ. Бүр улаан лооль идмээр санагдаж байна шүү. Хүнд дааж ядан өргөж байхад хэн нэгэн ирээд тусалвал аймар их баярланаа. Тийм болохоор дараа нь ийм зүйл таарвал шууд очоод туслаарай.

    ReplyDelete
    Replies
    1. Ганцаараа явж байгаа хүн бол бүүр жинхнээсээ айх байх аа. Өдөр биш л бол харанхуйд ганцаараа явж байгаа танихгүй эмэгтэй хүнээс бол холуур л явахыг хичээдэг шүү дээ. :")

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...