Skip to main content

Очир

Тагнуулын ерөнхий газрын зогсоол эл хуль агаад элсэн цөл аваас зэрэглээ үзэгдэх буй за. Найдан хэдий залхуу боловч тэргээ тавьж эс зүрхлээд зайтайхан газраас алхаж ирэв. Арван жилээ дүүргээд Батлан хамгаалахын их сургуульд орсон боловч ээжийнхээ ятгалгаар мэргэжлээ солин мэдээлэл зүй судалжээ. Тэрнээс хойш мэргэжилдээ гаршин явсаар нэг л өдөр ТЕГ - ийн цахим ертөнцийн салбарын зөвлөх болон эхийн сэтгэлийг хөсөрдүүлэв. Сурсан зүйлийг сураар боож болдоггүй, хүссэн сэтгэлийг хяслаар чагталж чаддаггүй гэгч л болжээ.

Найдан энэ удаад далд сүлжээний талаарх өчиг сонсохоор ирсэн нь энэ аж. Мэдүүлэгч бүсгүй өмдөө шуухад шилбэ дээр нь очир гилбэгнэв. Буу мэт таталган бичсэн монгол бичигт шивээсийг үзсэн Найдан сая л буруу зүйлд орооцолдсоноо ухаарлаа. Очир шивээс бол Монголд төдийгүй урд, хойд хөршид алдартай зэвсэгт бүлэглэлийн тэмдэг билээ. Найдангийн эцэг Очир бүлгийг нэг насаараа мөрдсөн агаад түүнээс л болон хорвоогоос хальсан билээ. Найдангийн ижий яагаад тэгж ихээр Найданг мэргэжлээ солихыг ятгасныг ойлгоход бэрх биш аж. Дотор нь халуу дүүгэн уур бухимдал бадрах авч Найдан зулай нь битүүрч амжаагүй үрээ санан тайтгарав. Нүдний нь өмнө өөрийнх нь цогцос зурайхад хамаг бие нь арзайлаа.

Найдан их сургуулийнхаа төгсөх ажилд "Өөрийгөө тохируулагч гэрлэн дохионы загварчлал" гэсэн сэдэв сонгон авчээ. Энэ үед судалгаа хийх нэрийдлээр замын цагдаагийн газраар орж гарч явахдаа цагдаа нар сэжигтэн бүртгэх, хайх ажил яршиг төвөгтэй хэмээн гомдоллохыг олонтой дуулжээ. Сургуулиа төгсөв үү, үгүй юу Найдан хувийн байгуулга үүсгэв. Танил талаа эргэж тойрсоор "Хүн хайх ерөнхий систем" хэмээх төсөл хүлээн авснаар нэлээд хөлжжээ. Тэндээс хойш засгийн газрын элдэв ажлыг хийх болов. Яван явсаар ТЕГ - ийн цахим ертөнцийн салбарын зөвлөхөөр томилогдсон нь тэр аж. ТЕГ, Найдангийн Тулга.ххк хоёр сүүлийн нэг жил Монгол дахь далд сүлжээнд нэвтрэх гэж зүтгэсээр сая нэг ахиц гарсан нь энэхүү мэдүүлэгч хүүхэн билээ.

Бүсгүйн нэр Сарнай. Очир бүлгийн есөн толгойлогчийн нэг Уранбадрахын нууц амраг аж. Уранбадрах эхнэрээсээ сална гэсээр хэдий удсан юм бүү мэд Сарнай хүүхэн тэсвэр алдан өшөө хорсолд автсандаа ийнхүү ТЕГ-ын нууц өрөөнд сууж буй авай. Найдан хэрвээ энэ хэрэгт оролцохгүй гэвэл Сарнайг үргэлжлүүлэн өчихөөс өмнө гарч явах хэрэгтэй байлаа. Хүсэхэд хясна гэгчээр хөл нь үл хөдөлнө. Модон өмд өмссөн мэт байрандаа хөшжээ.

Сонсох тусам Найдангийн Сарнайд хандсан жихүүцэл өрөвдөлт болов. Сарнай үнэндээ нууц амрагтаа бус хэрэг хийн үхэх нь тодорхой болсон тул Очир бүлгээс зугтах эцсийн аргаа хэрэглэж буй аж. Сарнай хуучин зам тээврийн яаманд нарийн бичиг хийж байхдаа “Гурван хоолой” хэмээх Богд уулыг нүхлэн хурдан галт тэрэгний зам тавих төслийн эрхийг Очир бүлэгт авч өгөх ёстой байжээ. Харамсалтай нь тоо алдаж бичсэнээс болж буруу өрсөлдөгчийг төслийн удирдагчаар сонгочхож. Уурссан Очир бүлгийнхэнд шүүмжлэгдэхгүй гэсэндээ Уранбадрах Сарнайг зөнд нь хаяжээ.

Үнэндээ Сарнай бүлгийн нууцыг тийм ч сайн мэддэггүй байв. Хамгийн доод тушаалын гишүүн гэж нэрлэж болохоор хүн тул аргагүй биз ээ. Найдан олигтой үг олж сонсохгүй юм байна хэмээн цөхөрдгийн даваан дээр Сарнай нууц цахим шуудангаар Уранбадрахтай харилцдагаа хэлэв. Найдангийн нүдэнд итгэлийн оч цухуйв. Ихэнх хүн дээд тал нь гурван төрлийн нууц үг ашигладаг бөгөөд тэдгээр нь төрсөн он сар өдөр, дотно хүний нэр байдаг байна. Зарим хүмүүс нууцлал сайтай нэг нууц үг бүтээгээд тэрийгээ юм бүхэнд ашиглана. Найдан тэндээс Сарнайн цахим шуудангийн хаягийг ашиглан Уранбадрахт зурвас илгээв. Зурвастаа зураг хоёр зураг хавсаргалаа. Нэг нь Сарнайн хагас нүцгэн зураг, нөгөө нь үл анзаарагдах цэгийн зураг. Цэгийн зурагтаа бичил хэмжээтэй өт хавсарган нууцлав.

Антивирус өтийг нь илрүүлж магад тул Сарнайн зурагт холбоос хавсаргав. Холбоос нь хүн бүхний хэрэглэх нүүрний номын хуулбар хуудсанд хандах бөгөөд хэрэглэгч ачаалах үед төхөөрөмжийнх нь санамжид өөрийгөө хуулан дараагаар нь хатуу дискт нэвтэрч өөрийгөө хадгалдаг өт байршуулав. Энэхүү өт нь Уранбадрахын гарын бүх оролтыг хадгалж авах агаад захидал илгээхийн өмнө дэлгэцийн тухайн агшныг хадгалж аван Найдан уруу илгээх ёстой аж. Одоо Уранбадрах урхинд орохыг л хүлээх үлдлээ.

Сар гарны дараа ажиллагаа амжилтгүй боллоо хэмээн цуцлахын даваан дээр Найдангийн өтөөс мэдээлэл ирлээ. Очир бүлгийнхэн Хятадаас хуурамч самсунг болон айпони утаснууд оруулж ирэн, Оросоор дамжуулан баруунд гаргах тухай хэлэлцэж байв. Утас нийлүүлж буй Хятадын байгууллагыг мэдэж авсан даруйдаа Тулга ххк-ыхан ажилдаа орлоо. Найдангийн шинээр зохиосон эрвээхэй хэмээн хочилсон бичил кодыг гар утасны систем болгонд хуулна . Эрвээхэй хэмээн нэрлэсний учир гэвэл вирус шиг орсон болгондоо ажиллаад байдаг бус төхөөрөмж болгонд халдварлах боловч зөвхөн шаардлага хангасан төхөөрөмж дээр л өөрийгөө задлан ажиллаж эхэлдэг учир ийнхүү хочилжээ. Эрвээхэй жил гаран бага багаар мэдээлэл цуглуулсаар эцэстээ нэг юм Найдан далд сүлжээнд нэвтэрч чадав. Далд сүлжээнд нэвтрэх эрх олж авсан ч бусдад баригдахгүй сүнслэх л хамгийн чухал асуудал байлаа. Хэрвээ сүлжээний хамгаалалтад Найдан шиг нэг л мэргэжилтэн байх аваас Тулга ххк-ын сүнслэлт дороо илрэх байв.

Найдан хэдий өдөр болгон далд сүлжээнд сүнслэх боловч итгэж үл чадна. Гэмт хэрэг бүхэн далд сүлжээнд бүртгэгдэх бөгөөд хэрэгтний мэдээлэл нь хүртэл хурууны үзүүрт байх ажээ. Аргагүй зохион байгуулалттай бүлэг гэдэг нь илт мэдрэгдэнэ. Мэдээлэл бүхэн нь тагнуул, цагдаа, авлигатай тэмцэхээс илүү байлаа.

Нэг орой Найдангийн утас өөрөө унтарчхав. Гайхсан Найдан хашир санаалан утсаа хяналтад холбон шалгаж эхлэв. Гэтэл гайт дохио дуугарлаа. Вийп. Найдангийн эрвээхэйг өөрт нь эргүүлээд ашиглачихсан байв. Очир бүлгийнхэн Найдангийн үйлдэл бүхнийг мэдэж байлаа. Сүнстэж байна хэмээн бодож байсан Найдан далд сүлжээний хиймэл хувилбар болох сүлжээг сүнсдэж байжээ. Найдангийн тархи байдаг чадлаараа ажиллан, болсон бүхэн нүднийх нь өмнүүр зурайна. Сарнай Очир бүлгийг илчлэх бус хэн ТЕГ-д туслан цахим сүлжээнүүдийг нь хаагаад буйг илрүүлэх зорилготой өгөөш байжээ. Найдан байдгаараа сандран харайв. Эхнэр хүүхдээ сэрээн зугтахаар бэлдлээ. Шөнийн харанхуйд шат өөд гүйлдэх хөлийн чимээ түжигнэнэ.

Очир бол бат бэхийн бэлэг тэмдэг агаад бурхны шашинд хонхны хамтаар ашиглах ажээ. Очир нь арга, билэг нь хонх. Билэг ёсоор үл дийлдэх бүхнийг аргаар дарахыг билэгдэн хонх, очир хамтдаа байдаг байна.

Хэрвээ Найдан энэ өчүүхэн ёсыг мэдсэн аваас юунд ингэж гэнэдэх билээ? Хонхны дуунд уяран аянга мэт буух Очирт ниргэгджээ.

 

------------------------------------------

Хөөрхий Найдан. Т_Т

Найдангийн гэж зөв бичээд байна уу, үгүй юу. Зөв яаж бичдэгийг нь мэддэггүй ээ.
2013 оны 12-р сарын 10
 

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...