Skip to main content

Эгдүүтэй шулам

Бяцхан охин төрөх үедээ уйлсангүй. Хонгыг нь хорстол алгадах эмгэнийг сониучирхан харна. Хоёр нүдээ тормолзуулан хорвоо дэлхий хэрхэн гэрэлтэхийг ширтэнэ. Эхийнхээ энгэрт наалдан, ялдам үнэрт нь зүүрмэглэж ахуйд хахир дуу хаалганаас чарлан үрчлээнд дарагдсан эмгэн орж ирлээ. Эмгэний хамар хадуур мэт махийн ам уруугаа орох нь уу? гэлтэй харагдана. Бяцхан охин өөрийн мэдэлгүй инээж гарлаа. Хамаг бие нь чичгэнэн аз жаргал биеэр нь гүйх мэдрэгдэнэ. Эмгэн шулам дэлхий мэт том хамрынхаа араас нярайг цоо ширтэхэд охин ход ход инээсээр гар сунган эмгэн шулмын таягаас атган авав. Таяг охины чихэнд нэрийг нь шивнэлээ.

Долоон насных нь төрсөн өдрийн орой охины өрөөнд эмгэн шулам орж ирэв. Эцэг эх өрөөний гаднаас загас мэт бүлтэлзэнэ. Охин орон дээрээ цомцойн суун эмгэн шулмыг ажна. Эмгэн шулам дөхөж ирээд гараа сунгавал охин эцэг эх уруугаа асуух мэт харлаа. Эцэг эх нь наашаа харж инээн, цаашаа харж уйлахыг охин мэдсэнгүй. Толгой дотор нь хачирхалтай дуу хоолой цуурайтна. Чи хэн бэ? Шулам, чи өөрөө хэн бэ? Сэцэн. Тэгвэл би Сэцэн шулам хэмээн хачирхалтай хоолой хөхрөв. Эмгэн шулмын харц охины сэтгэлийг тархинаас нь ухаж гаргах мэт. Сэцэн эмгэн шулмын махир хамар, үрчлээт нүүрийг харах бүрийд гуравдагч дуу хоолой шулам болох ч тийм сайхан зүйл бишдээ хэмээн шивнэнэ. Эмгэн шулам мойног хуруунуудаа дэлгэн, үл ялиг салганах гараа сарвайв. Гуравдагч хоолой дагаж явбал чи шулам болно шүү дээ. Шулам болчихвол хүн болгон чамаас айн, хэн ч чамтай байхыг хүсэхгүй насны эцэст ганцаар хоцорно шүү дээ! хэмээн уйлагнах бол хоёрдогч хоолой би хорвоо дэлхий үзэн, ертөнцийг бодит өнгөөр нь харах болно шүү дээ!? хэмээн нүд ирмэв. Сэцэн орноосоо үсрэн, шулмын гараас хөтлөн шөнийн харанхуйд уусан алга боллоо.

Эмгэн болж амжаагүй шулам гуниглан суухад голын ус хоржоонтой урсана. Гуравдагч хоолой аяа, чи хэчнээн үзэсгэлэнтэй хэмээн дуулж бүжнэ. Хоёрдогч хоолой санаа алдан, өнчин тархиар нь зугаална. Сэцэн тэр хоёрыг үл тоон араас нэхэгчдийг ажив. Ангуучид хором, хормоор дөхөх агаад газар дэлхий цэцэн шулмаа хамгаалах гэсэндээ үл ялиг чичирнэ. Сүүдэрт нь эрхлэх өнчин мод навчсаа сэрчигнүүлнэ. Залуухан шулам Сэцэн маань шовх малгайгаа засан гол уруу харайн орлоо. Эмгэн шулам Сэцэнд мэддэг чаддаг бүхнээ зааж өгсөн тул нутаг буцжээ. Зүүн чих нь дүнгэнэн элдэв нууц задлах мэт. Тэгэвч хорвоогийн жамыг мэдэх шулам үл үзэгдэх хэдгэнийг харах тул хөөн явууллаа. Залуу шулам нэгэнт бие даах болжээ. Арван зургаан настай шулам хорвоод тийм олон бус ч арван тавтай шидтэнүүдээс олон аж.

Залуухан шуламд хийх зүйлээсээ илүүтэй зугтах шаардлага их гарна. Хот болгон ангуучаар дүүрч, хүн болгон шулам нарыг үзэн ядах болжээ. Сүр хүчээ алдсан лам нарын гай, сүм нь нурж унахаас айсан номлогч нарын мэх, арга нь барагдсан эрх мэдэлтнүүдийн урхи болсон шулам ангууч аргыг хаан хатан бодож олж. Хорвоо дэлхийгээс арчих андгай тангараг өргөж. Шулам болж чадаагүйдээ хорсох хатан эхийн сэтгэлийг эмгэн шулмууд л ойлгоно. Ойлгох тул уурлахгүй. Аргагүй дээ хэмээн шогширно.

Туршлага сууж амжаагүй шулам маань баригдчихаж. Замын голд атийн хэвтэх хүнд туслах гэсэн бус урхинд орчхов. Шовх малгай нь салхинд гулдайн толгой дохих мэт. Хөлийг нь ороох төмөр гинж могой хүйтэн. Ангуучид түүдгийн дэргэд суун, элдвийг хүүрнэнэ. Үлгэр хэлэлцэн, оньсого таалцана. Түүдэг бөхөж, зүүд нойр гэтэх үест ангуучид амрахаар хэвтэцгээлээ. Хөөе наад шулмаа алдаад явуулчхав аа! сайн хүлээрэй хэмээн хэн нэг нь хашхирав. Шуламд зугтах бодол ч орж ирээгүй байсан тул гомдмоор санагдав. Гомдсондоо ган хүлээсийг тас татан уул, ус даван зугтмаар санагдсан ч биеэ барив. Одоо зугтлаа гээд ахиад л зугтана. Хаан эзэнд бараалхан хамаг учрыг нь сонсож, хатан эхтэй нүүрэлдэн өр зүрхийн хайлуулахаар Сэцэн шулам маань шийджээ. Эмгэн шулам байсан бол гэнэн байна даа хэмээн толгой сэгсрэн, шогшрох байсан буй за.

Шулам Сэцэний шүүх хурал болж өндөрлөв. Үгийг нь ч сонссонгүй. Хараал хийнэ хэмээн айгаад амыг таглажээ. Ард иргэдэд аюул учруулсан хэргээр эхлээд живүүлж дараа нь шатаахаар шийтгэв. Хэн нэгэн нь нойтон шулам шатдаггүй юм гэж хааны чихэнд шивнэсэн тул хагас сайнд шатаан, бүтэн сайнд живүүлэхээр болов. Шивнэх нөхөр ахиж ам нээх гэсэн хааны ширүүн харцтай тулгаран хэлээ хазаж орхилоо. Маргааш нь хэлээ хазсан нөхөр төрийн эсрэг гэмтэн болон эхлээд цаазлуулаад маргааш нь дүүжлүүлэв.

Төв талбайд түмэн олон цуглажээ. Шулмыг дарах гарамгай баярт хөл хөөртэйгөөр цуглажээ. Сэцэнийг өндөр шонд хүлэн, өргөн тавцанд залав. Хаан эзэн найтааснаар их галыг өрдлөө. Шулмын сурах хамгийн эхний эрдэм болбоос хорвоог бодит өнгөөр харах явдал ажээ. Бодит өнгөнд харсан зүйлсээс гадна хараагүй зүйлс ордог байна. Сэцэн өөрийгөө аажуухан аажуухнаар хараагүй зүйлст хувиргав. Ард олны өмнө галын дөлд уусан уусан алга боллоо. Цугласан олон уухай хашхиралдан баясна. Сэм, сэмээр Сэцэн шулам гэтэж олон дунд уусан амар тайван хотоос гарч өөрийн ойн төглөө эрэхээр аян замдаа гарав.

Он цагийн уртад Сэцэн шулам эмгэн шулам болов. Үс нь бууралтан, нуруу нь бөгтийн, хамар нь унжиж эхлэв. Бороо цонх тогшин, дотогш орохыг эелдгээр гуйна. Эмгэн шулам цай нүдэж шархадсан гөрөөсийг эмчлэхийг хичээнэ. Тэгэвч сум хэтэрхий гүн оржээ. Хөөрхий гөрөөс эцсийн удаа гэсэн шиг гүнээ амьсгалан одлоо. Эмгэн шулам зуу гаруй наслахдаа олон зүйл үзсэн боловч тэсгэлгүй нулимс дусуулчхав. Хоёрдогч хоолой хүмүүс шинэ зэвсэг бодож олсоор л байна. Би лав ийм шарх өмнө нь харж байгаагүй дэг. Гуравдагч хоолой зэвсэгтээ бус хүндээ байгаа юм биш үү? Хүмүүс улам харгис болоод байна! Эмгэн шулам илүү дуу хоолойнуудаа хаан орон дээрээ атралдан хэвтлээ. Эмгэн шулам эргээд нялх болчхоод эхийнхээ энгэрт наалдан, ангир уурагаа нь шимнэ. Аав нь баргил хоолойгоороо бүүвэйн дуу аялан үнэгчлэх вий гэсэндээ гарын ураа гарган модон үнэг сийлнэ.

Ганцаардсан эмгэн шулам хэрэгт дуртай нарны туяанд ээгдсээр сэрлээ. Тал толины өмнө очин хар даашинзаа засан, шовх малгайгаа тавин өөрийгөө ажив. Тэр тэгэн өдөр өөрийг нь авч явсан тэр л нэгэн эмгэн шулам шиг эмгэн шулам болон өтөлжээ. Эмгэн шулам таягаа тулсаар гэрээс гарав. Хос хун өрх дээгүүр нь эргэлдэн, гангар гунгар хийнэ. Эмгэн шулан хос хунг дагасаар нэгэн айлын үүдэнд ирэв. Үүдийг нь тогших гэтэл хаалга түүнээс зугтах мэт чахарсаар онгойлоо. Эд юмст хүртэл эмгэн шулмыг уурлуулж болохгүй гэдгийг цаг хугацаа мэдрүүлж өгчээ. Эмгэн шулам жуумалзсаар хүүхдийн заяа ургах гэрт орлоо. Бяцхан үр эхийнхээ энгэрт зүүрмэглэнэ. Эмгэн шулмыг орох төдийд хувь тавилан дуудах мэт нүдээ нээн гэнэн хонгор нүдээр эмгэн шулмыг ажив. Эмгэн шулам модон үнэгээ хүзүүнд нь зүүж өгөөд гарч одлоо. Хорвоо дэлхийд эмгэн шулам хэрэггүй болсон хэмээн үглэсээр шөнийн харанхуйд уусан алга болов.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...