Skip to main content

Цаг хугацаа та битгий ухраач

Гэнэт цаг хугацаа ухарч эхэллээ. Би өөрөө ухарч байгааг нь мэдээд байгаа мөртөө юу ч хийж чадахгүйгээр тарчилна. Салсан хүнтэйгээ эргээд нийлэв. Үгүй ээ ... эргээд нийлсэн гэж болохгүй юм байна. Ерөөсөө эргээд салаагүй байрандаа ороод явчихлаа. Энэ бүхнийг ажиглан байхад сэтгэл минь аймшигтайгаар догдлон хэчнээн ихээр түүнийг санаснаа шивнээд тэврэхийг хүсэх авч гагцхүү урдын хачин муухай үгс л амнаас гарна. Тэгээд анхны үнсэлт. Аяа! би мэдсэн бол чамайг илүү зөөлөн, илүү эелдгээр үнсэх байж. Аах! анхны болзоо. Зүгээр л нэг уулзалт сайн уу? ... сайн ... чи сайн уу? ... болдог сон бол сарнай цэцгийн баглаа тэврээд чамайг гайхтал чинь өөдөөс чинь инээмсэглэн барьж зогсох сон. Бүгд л буруу болоод байна. Үгүй ээ ... бүгд л буруу байж. Зөв хийж байна, ийм л байх байсан хэмээн бодож байсан бүхэн ерөөсөө л бүгд буруу байж. Аль эсвэл бодол санаа хүртэл эсрэгээрээ яваад зөв зүйтэй бүхнээ үгүйсгэн өөр өөрийгөө ингэж тарчилгана уу? Бодоод байх нь ээ!? одоо явж байгаа цаг хугацааны эсрэг урсгалд байгаагаараа би буруутай юм байна! Тарчлах нь аргагүй.

Тэгж явсаар ерөөсөө түүнийг мэдэхгүй болчихлоо. Хэн нэгнийг нүдээрээ эрэлхийлсэн хэн нэгэн болоод хувирчхав. Би дотроо түүнийг санан байх болов чиг юу ч болж бүтсэнгүй. Түүний нэр, царай, бие хаа, дуу гээд ерөөсөө юуг нь ч санахаа больчихлоо. Яг л зүүдний нууцхан гүнж шиг тэр л хар бараан сүүмгэр дүрс надад мэдрэгдэнэ.

Цаг хугацаа ухарсаар. Бурхан болсон хүн эргээд амьд байх ч гэсэн энэ бүхэнд нэг л дасахын аргагүй. Өөрөө үхчихсэн мэт түүнээс жихүүрхэн таарах бүрийд нуруугаар хүйт даана. Ирээдүйг мэднэ гэдэг ийм л аймшигтай бололтой. Мэддэг бүхнээ мэдэхгүй болж байлаа. Өнөөдөр тэрийг мэддэг бол маргааш тэр тухай огт санахгүй, огт мэдэхгүй ... гэвч ямар нэг зүйл алга болон уусаж байгаа нь мэдрэгдэнэ. Цуг хугацаа ухраад л байлаа. Гэтэл түүнтэй ахиад тааралдав. Зүүдний бараан бүхэн алга боллоо. Би ерөөсөө түүнийг анзаарахаасаа өмнө харж байсан юм байна ... бүүр үг ярьж байсан байх нь гэтэл би яагаад түүнд дурлаагүй юм болоо!? Үгүй ээ ... энэ ерөөсөө миний тэр дурласан эмэгтэй биш байна. Энэ өөр хэн нэгэн. Зүгээр л цаг хугацааны хэсэгхэн орон зайг маань дайран орсон хэн нэгэн. Өмнө нь чамтай уулзаагүй бол хэчнээн сайхан билээ хэмээн бодож байсан минь алдаа байжээ. Ганцхан чамайг байдаг гэдгийг мэдэхийн тулд ахин тэр бүх шаналант замаар мянган удаа ч явсан яахав.
Толгой дээр аянга цахилгаан цуурайтах үед гайхан арвал сая эсрэгээр явж байсан бүхэн эргээд хэвдээ орчихлоо. Гэхдээ мөн л дахин давтагдан явах энэ цаг хугацааны эргүүлэгт өөрийн эрхгүйгээр ирээдүйдээ ороогдон явна. Амилсан хүн эргээд өнгөрөв. Хэдий тийм боловч аль хэдийнээ өнгөрчихсөн байсан хүн байсан тул би зовж шаналсангүй. Ядаж ганц дусал нулимс унагаан бусдын нүдэнд энгийн харагдсангүй. Харин ч бүүр аз жаргалтай харагдаад байгаа юм шиг санагдана. Нүдээр минь бяцхан оч гэрэлтэн өмнөх хүйтэн мэдрэмжээсээ салсан баяр минь мэдэгдээд байгаа юм шиг санагдана. Энэ ч яахав ингээд өнгөрчхөв. Гэтэл чи амьдралд минь гараад ирлээ. Тэр л чигээрээ чамд ахин дурлаж эхлэв. Гэтэл дурлалд толгой минь эргээд бүх цаг хугацааг анзаарсангүй нэг мэдэхэд ганцаараа хоцорсон тэр тарчлаант орой эргээд ирчихсэн байлаа. Учрыг нь утгыг нь ерөөсөө ойлгосонгүй. Одоо цаг хугацаа л битгий эргээд яваасай. Би тэр бүх зовлонт, тарчлаант, алдаатай мөчүүд рүү явж шаналмааргүй байна. Аах! гэвч юу ч миний хүслээр болсонгүй. Бүгд оройтжээ. Цаг хугацаа ухардгаараа ухарч гарав. Энэ удаа муухай үе бүхнээ өмнө нь харчихсан, сонсчихсон,мэдчихсэн болохоор нүдээ, чихээ, сэтгэлээ дарсаар өнгөрөөлөө. Тэгээд бусад үед нь нүдээ бүлтийлгэн, чихээ дэлдийлгэн, сэтгэлээ нээн ажиглав. Чи аз жаргал дүүрэн инээмсэглэн миний гараас хөтлөн алхана, борооноос хоргодон байрны өмнөх модон саравч дотор даарахгүй гэсэндээ нэгнээ чангаар тэврэн сууна. Үнэндээ даарахгүй гэсэндээ биш нэг нэгэндээ уусан ороод нэг л хүн болохыг хүсээд байх шиг. Тэгээд ахиад ухарсаар л одоо би цаг хугацааг үзэн ядаж эхэллээ. Энэ бүх сайхан дурсамжийг минь нэг нэгээр надаас булааж авч буйд. Тэгээд сайхан бүхнээ алдаж байгаадаа харамсахгүйн тулд бүхий л алдаагаа ахин ажиглаж эхлэв. Гэтэл өөрийн эрхгүй эхэр татан уйлж гарлаа. Нэг мэдсэн эргээд л цор ганцаараа үлдсэн тэр цаг хугацаанд ирчихсэн байв. Одоо би ахиад эргэн явмааргүй байна. Цаг хугацаа минь урагшаагаа л яваач ... танаас би наманчлан гуйя. Би өнгөрсөн бүх сайхан үе рүү ганцаараа явахаас айж байна.

Тэгэвч тэр надыг сонссонгүй. Эрчилсэн тавилан хөвөрлөө. Уйлж эхлээд харвал тэр уйлж дуусаж байх юм. Гунигтай харцаар ширтээд гараас минь атгана. Бид хоёр эргэн алхсаар. Түүний, миний нүүрэнд мишээл тодроод би гэрийнх нь гадаа дэмий зогсоно. Би инээгээд, тэр инээгээд. Тэр догдлоод, би догдлоод. Тэр гүйж ороод, би гүйж яваад. Уулзаад байгаа мөртөө салаад. Дурлачихсан атлаа ахиж дурлаад. Тэгээд хүргэж өгчхөөд яахаа мэдэхгүй зогсох над дээр тэр ирлээ. Алхаж явсаар болзоот газраасаа бид хоёр салав. Оюутан болов. Сурагч болов. Хүүхэд болов. Тэгээд л эхэлнэ. Өөрчлөх боломжгүй кадр нүдний өмнүүр гүйнэ. Ингээд чи харамс гэсэн шиг ахин дахин үргэлжилнэ. Хамаг зүрх сэтгэлээр үйлдэл бүхнээ өөрчлөх гэсэн боловч. Ялгаа гарсангүй. Ганцаараа саравчинд суугаад цаг хугацаа эргэхийг хүлээнэ. Сандлаас тас зуурчхаад гунигтай ч гэсэн энэ л цаг үедээ үлдэхийг хүснэ. Сөгдөж суугаад мөргөхийг хүсэх ч хийсээд явчих юм шиг. Тэгэвч би ухарч байгаагаа мэдэрлээ. Гараа хий дэмий агаарт савчив.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...