Skip to main content

Гоё хоолой

Дуртай хамтлагаа сонсож байгаад ийм гоё хоолойтой бол хэмээн төсөөлөв. Тэгвэл гудамжаар явж байхдаа дууг нь намуухан аялаад алхахгүй юу. Хүмүүс зөрөхдөө эргэж хараад л. Ямар нэг дур булаам зүйл үзсэн мэт сэтгэл нь нэг л хөнгөрч гоё болохыг мэдрээд л. Магадгүй хэн нэгэн өмнө минь сөхөрч унаад уйлж ч болох юм. Чи л намайг ойлгох юм!? хэмээн цурхиртал уйлаад би аргадах гэж бөөн юм болбол яах билээ хэмээн мөрөөднө.

Ердөөсөө ийм зүйл болохгүй байх л даа. Аймар тайван гудамжаар алхаж явтал нэг нөхөр гоншигноод байвал зэвүүцсэн харц чулуудаад, бүүр уур бухимдалд автчихсан байсан бол алгадаад авч ч болох юм. Би өөдөөс нь яаж байна аа!? гэсэн харцаар нүдэндээ нулимс бөнжгөнүүлэн гөлрөөд л. Тэгтэл гэнэт айдас ч төрөх шиг. Дараа нь бодол санаа минь өөрийн эрхгүй гоо сайхан өөд тэмүүлэв.

Хэрвээ миний дуртай хамтлагт хайртай охин таалагдаад бид хоёр танилцвал ямар сайхан бэ? гэж мөрөөсөв. Тэгээд л би тэр охинд өдөр болгон дуулж өгөөд, тэр аймаар хайлж уусаж буй харцаар намайг ширтээд л. Ингээд бодсон чинь ер нь дуундаа уяраад байна уу? надад татагдаад байна уу? гэсэн хардах сэтгэл төрөв. Инээдтэй юм шүү!? Сэрүүн зүүдэлж байгаа атлаа аль хэдийнээ цаг хугацаагаар аялан тэрхэн мөчид оччихсон мэт харамч, шунаг сэтгэл намайг эзэмдээд л. Ер нь юмыг өөртөө өмчлөн, дотночилно гэдэг хүний зан юм даа. Гэхдээ заавал ч үгүй бүхнийг тэгэх шаардлагатай ч юм уу? үгүй ч юм уу? Надад захирагдахгүй, надад хамаарахгүй тийм л нэг гоо сайхан байгаад би түүнийг насаараа бишрэн амьдарч болохгүй гэж үү?

Тэгтэл бурхан санаанд буув. Амьдралын талаарх бодол явж явж бурхан дээр л тулаад зогсох юм даа. Тэгээд бодлоо бурхан бидэнд хамаарахгүй гоо сайхан юм байна. Гэвч бид өөрсдийгөө бурханд хамаатуулах гэж хэчнээн их зүтгэнэ вэ? Яг л бүх нийгмээс гадуурхагдаж эхлэхээрээ улам их нийгэм, ард олон гэсэн үзэл бодолд наалдан зунгааралдаж, түүнд өөрийгөө хамаатуулах гэж зүтгэдэгтэй адил. Шалтгаан нь юу вэ? Хэн нэгэнд хамаарахгүй, хэн нэгнийг хамаарахгүйгээр хүн оршин байх боломжгүй гэж үү? Одоо бүүр оршихуйн үндсийн асуудал уруу яваад орчихлоо. Би яагаад зүгээр дуртай хамтлагаа сонсон дуу хоолойг нь бишрээд явж болдоггүй юм бэ. Бусад хүмүүс гаднаасаа нь харахад тэгж л амьдарч буй мэт. Тэндээс нь би ганцаараа тусгаарлагдсан, ангид хүн мэт. Ерөөсөө бид над шиг юм болов уу? Эцэст нь өөрсдийгөө нийгэмд хамааруулахын тулд аясаараа амьдарч юуг ч эс бодож тунгаан, юунд ч үл эргэлзэнэ.

Тэгсэн чинь гунигтай мэт санагдчихлаа. Сармагчин шиг. Мод, мод дүүлэн хоолоо олж идэхээр зүтгэж буй төрөлтөн лугаа. Энэ удаад мод дамжихын оронд нийгмийн хүрээлэл эрж хайна. Аль нь ч эс тохирох аваас, архинд орно. Архичид нэгнээ ойлгох нь гарцаагүй. Бүгд шоовдорлогдсон хүмүүс. Ингээд л бодох тусам сонсож, уншиж мэдсэн бүгд хоорондоо холбогдоод явчихна. Шоовдор хүмүүс хэмээх ном санаанд буув. Бид өөрсдийгөө гарцаагүй байдалд оруулахаас гадна нийгэм олон хүнийг шоовдорлодог ажээ. Өөрийнх нь тохирно гэж үзсэн хэм хэмжээнд эс хамаарах аваас тэдгээр оюун ухаантыг шоовдорлон гадуурхдаг аж. Харин хэрхэн нийгэм тэр хэм хэмжээг тогтоодог нь тодорхой бус. Магадгүй хүний өөрийн хийсвэр төсөөлөл нь бодит болон биелдэг буй за.

Өөртөө сэтгэл эс ханаваас ерөөс чи сэтгэл дундуур явна.

Ийм л үгс үр дүн болж үлдэв. Будда, Есүс бүгд л адилхан үүнийг сургадаг шалтгаан нь бүгд л адилхан гоё дуу сонсонгоо дэс дараалалтайгаар сэтгэсэнд буй за.

Уул нь бол дуртай хамтлагаа л сурталчлах гэж энэхүү бичлэгийг эхлэв. Эцэст нь миний өөрийн амьдралын талаарх үзэл бодол биш байж мэдэх ч гэсэн энэ л үед төрж гарсан үр дүн энэ болой. :Д

Би өөрөө юунд итгэнэ вэ? Өдөр болгон өөрчлөгдөж, бодох тусам улам л сунжран тооцоолоход төвөгтэй болно. Гоё бүхэн сэтгэлийг амраана. Амар амгалан байх гэж л бүгд тэмүүлнэ. Гэвч энэ бол шууд утгаарх амар амгалан бус хүсэл тэмүүлэлдээ хүрээд сэтгэл ханах мөчийн амар амгалан.

Гоё хоолойтой бол дуулж сурахгүй юу. Сурах шаардлага байдаг ч юм уу. Авьяас заяасан бол тэрийгээ эс хөгжүүлбээс алдас болох биз. Тэгтэл алдас болчхоод байж байгаа нь энэ ч юм билүү. Хүүхэд байхад орондоо дуулбал ээж нь үхдэг юм, орондоо шээнэ гээд айлдаг байсан шиг санагдана. Арай хэтэрхий айлгаж байгаа юм шүү. Зөөлөн айлгаж болмоордоо. Хэлгүй болно шүү, дүлий болно шүү гээд. Өөрсдөө л унтах гээд сүнсийг нь зайлуулж буй нь тэр. Өнгөрсөн амралтын өдөр арван жилийн багштайгаа архи уув. Багш минь гоё дуулдаг, гитар дардаг хүн. Тэгсэн атлаа тооны багш, дээр нь спортын мастер гэж байгаа. Сэтгэл нь уяраад бид нарт нэг дуу дуулж өглөө. Сурагч байхад үргэлж л дуулж өгч байдаг байсан санагдана. Тэгсэн залуу байх даа хамтлагт дуулдаг байсан ажээ. Тэр хүнийг хорь гаран жил таньдаг болсон атлаа мэддэггүй нь үнэн. Багшаасаа бага зэрэг айна. Алс холын том хүн шиг санагдана. Одоо тэгтэл өөрөө намайг сурагч байх үеийн багшаасаа хөгширсөн байдаг. Гоё дуулдаг байсан бол гитар сурах байсан юм шиг. Өмнө нь нэг сурах гэж үзээд хэд хоног балбав. Хурууны өндөг өвдөөд хэрэг алга. Өвчин минь намдахаар дахиад оролдъё гэж бодож байсан одоо арав гаран жил болжээ. Гоё хоолойтой биш атлаа гоё аялгуу бүтээдэг байсан бол дутуу авьяасаа бага ч гэсэн нөхөх байсан юм шиг.

Ер нь хэл яриандаа эмзэг. Эмзэг сэдэв уруугаа орох гээд байх шиг. Наадмын үеэр ахтайгаа зуслан явж байлаа. Хэлээ гарга даа гэж байна. Яасан гээд хэлээ гаргавал хальт харсан аа хэлнийхээ хөвчийг тастуулах хэрэгтэй юм шиг байна даа. Магадгүй хэлний бөөрөнхий чинь багасах байхдаа гэж байна. Тэгж бодохоор тастуулах хэрэгтэй ч юм шиг. Өөрөө бол өдөр болгон бодоод байдаггүй мөртөө хааяа нэг өөрийнхөө хоолойг сонсохоор ичнэ. Бага байхад шоолдог байсан юм болов уу. Тэгээд дээр нь сул хоолойтой. Хүн олж сонсохгүй. Цангинасан сайхан хоолойтой байсан бол тас, тас хийтэл инээгээд караоке болгоныг буулгаж байх байсан биз ээ. Найзууд болохоор хоолойндоо биш ээ, зүгээр өөрийгөө чөлөөтэй байлга гэнэ. Үнэндээ өөрсдөө дуулж чаддаг мөртөө тэгж байгаа юм шиг надад санагдана. Хөлд орсон жаал мөлхөж байгаа бацааныг хараад зүгээр алх аа. Унавал унана л биз. Биеэ чөлөөтэй байлга гэж байгаа юм шиг. Яс яривал үнэн л дээ. Бүгд л унаж бүдэрч хөлд ордог биз. Караоке ч гэсэн гоё сайхандаа биш найзууд хоорондоо хөөрөлдөхдөө байдаг биз. Тэгэвч би гоё хоолойтой байсан бол гэж бодсон хэвээр л. Тэгсэн бол дуртай дуучнаа дагаж дуулаад л будаа болгож байхгүй юу. Тэгэвч бас төрсөн хоолойтой хүмүүс гэж байна аа. Хэн ч хэдий хичээгээд, яаж ч хичээллээд тийм хоолойтой болж чадахгүй. Түүний сэтгэл хоолойгоор нь дамжиж бусдын сэтгэлийг хөндөнө. Аз жаргал хүсэж, уйлуулж дуулуулаад л. Хэнийг сонсчхоод ингэж ихээр санаа алдана вэ гэж гайхаж л байгаа байх даа хүмүүс. Айдаа мэдэхгүй гоё дуулдаг хүмүүс олон байна аа. Алийг нь тэр гэхэв. Та өөрийн дуртай дуучнаа сонсоход л болно.

Өндөр нам, өргөн бүдүүн байдаг шиг. Дуу хоолой болгон өөр. Тэгээд тэр болгон нь өөр, өөр хүн өөрөөр тусна. Айдаа тэгээд тийм болж чадахгүйгээс хойш чанга ярьж сурах хэрэгтэй байх даа. Тэгээд магадгүй хэн нэгэнд гоё хоолойтой юм шиг сонсогдож болох юм. Магад хэлгүй хүн л атаархах буй за. :Д

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...