Skip to main content

Үлгэр сэрэх цагт

Хэн нэгэн чихэнд минь `Би чамайг алах болно!` хэмээн шивнэх болов. Түүний дуу хоолой нь яг л манан мэт бүүдгэр агаад сөөнгө. Харанхуй гудамжинд тэр нуруун дээр минь үсэрч гарчхаад хоолойноос минь зүүгдээд байх шиг санагдах тул гэрээс гарахаа болив. Тэгсэн ч энэ бүхэн тус болсонгүй. Тэр үргэлжид чихэн дээр минь өнөөх л үгсээ шивнэнэ.

Би чамайг алах болно. Унтаж байхад чинь хоолойг чинь багалзуурдан аажуухнаар амийг чинь тасална. Чи хэчнээн тийчгэнэн, тонгочсон ч миний гараас үл гарч чадна гээд бөгшүүлэн хөхөрнө. Дараа нь хүйтэн хуруугаар хүзүүгээр минь гүйлгэн алах цагаа хүлээх болсондоо харуусах мэт санаа алдана.

Эхэндээ хэт их ядарснаас болоод ийнхүү хий зүйл сонсож байна хэмээн бодож байсан боловч энэ найдвар минь долоо хоног унтаж идэхээс өөр хийгүй байсны эцэст замхран одов. Тэрхүү сүүдэр хоолойноос минь зүүгдсээр л. Сэтгэл мэдрэлийн эмчид хандъя гэж хүсэвч галзуугийн эмнэлэгт аваачаад хийчихнэ хэмээн бодохоос нэг л зүрхлэхгүй байв. Учир нь тэр намайг хаанаас ч олно. Харанхуйгаас гэтэн гарч ирээд хоолойг минь багалзуурдаж л таараа. Эцэст нь интернэтээс хайж үзлээ. `Хэн нэгэн чамд үхэл шивнээд байвал яах вэ?` хэмээн хайв. Тэгтэл бүх юм хачирхалтайгаар эргэн би ганцаараа биш болж таарлаа. Мянга мянган магадгүй бүүр сая, сая хүмүүсийн чихэнд энэхүү харанхуй үхэл шивнэх ажээ. Хамгаас хачирхалтай нь тэдгээр бичигчдийн хэлснээр бол бүгд нэгээс хоёр долоо хоногийн өмнө эхэлж.

Хүн болгон өөр өөрийнхөөрөө тэрхүү чөтгөрийг тайлбарлаж байсан боловч ганц юм тодорхой байсан нь түүний авир байлаа. Дараагаар нь түүнийг юу байж болох талаар, яагаад гэнэт гарч ирэх болсон талаар хэдэн арван зуун сэдэв нээгджээ. Зарим нь түүнийг харь гаригийнх хэмээж байхад, зарим нь ертөнцийн төгсгөл ирж байна гэнэ.

Энэ хооронд үхэл улам бүр савраа чангалсаар. Юм идэх, уухад хүртэл хоолойнд юм тээгэлдэх нь мэдрэгдэх болов. Шөнө унтаж байхад ямар нэг зүйл цээжин дээр дарчхаад зүүднээс зулгаана. Үүний учир гэвэл зүүд нэг л сонин гандаж эхэлсэнд байгаа юм. Урд өмнө нь өнгөтөөр бодит мэт зүүдэлдэг байсан бол одоо зүүд минь хатаж гандаад өнгөө алджээ. Сүүлийн хэдэн хоног бол бүүр ирмэгээсээ сэмрэн яг л ноорхой даавуу мэт болон хувирав. Энэ тухайгаа бичихэд тэр доороо хэдэн арван хуудас хүлээн зөвшөөрсөн сэтгэгдлүүд үлдэв. Зарим нэгэн гишүүдийн өгүүлснээр энэ нь яван явсаар зүүдгүй болгох агаад хав харанхуй дунд гагц аймшигт үхлийн дуу хоолой үлддэг ажээ.

Гэнэт бага байхдаа нэгэн үлгэрээс зүүд хулгайлагч хэмээх мангасын тухай уншиж байснаа саналаа. Тэдгээр зүүд хулгайлагчид гоо үзэсгэлэнт гүнж нарын зүүдийг хулгайлан оддог байлаа. Бүтэн сартай шөнө цасан цагаан цээжин дээр нь суугаад шөнө мэт хар гараараа цээж зүрхнээс нь зүүдийг нь хуу татан авчихдаг гэнэ. Гэвч үлгэрийн ханхүү нар үргэлжид зүүдээ алдан эмгэн болсон гүнж нарын төлөө хүлэг морио унан зүүд хулгайлагчийг хөөн устгана. Дараагаар нь бүх юм хэвдээ орон амар сайхандаа жаргадаг байв.

Би номын сангаа уудалж гарлаа. Магадгүй үлгэр үнэн байхыг хэн үгүй гэх билээ хэмээн ямар ч найдваргүй болсон сэтгэл эцсийн хүчээ шавхаж буй нь энэ. Гэвч юу ч олж чадсангүй. Номын сан орсон болов чиг мөн л энэ тухай юу ч эс олов. Мөн л яах учраа олохгүй байсан тул энэ тухайгаа өнөөх форумдаа бичвэл хүмүүс өөр өөрсдийн улсын домог үлгэрт нь үнэхээр тийм чөтгөр шулам байдаг агаад тэр талаарх үлгэрүүдийг олж бичихээ амлацгаав. Гэвч бүгд л амжилтгүйгээр эргэн эрцгээж байлаа. Хэн нь ч тэд нарын талаар өгүүлэх үлгэр олж чадсангүй. Бүгд л гайхацгааж эхлэв. Нэг хүн төсөөлсөн бол яахав гэсэн гэтэл бараг хүн бүр энэ тухай санаж байхад яагаад тэдгээр үлгэрүүд алга болчхов оо?

Надаас хойш тэр форумд шинээр гишүүн нэмэгдсэнгүй. Нэг талаас сайн боловч нөгөө талаас идэвхтэй хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам цөөрсөөр л байлаа. Зүүд нь харанхуйгаас өөр юмгүй болсон хэрэглэгчид ор тас алга болов. Үлдэгсэд бүгд л сэтгэл түгшин зүүд нь улам улам хорогдож буй тухай өгүүлнэ. Одоо бүгд зүүд хулгайлагчдын талаарх санааг дэмжих болов. Гэвч тэдгээрийн талаарх ямар ч мэдээлэл байхгүй тул яаж ч эс чадна. Тэд нарыг хэрхэн устгаж байсан талаар санах хүн нэг ч байсангүй. Миний зүүд сэмрэн сэмэрсээр алгын чинээхэн үлджээ.

Хамгийн сүүлд би ганцаар үлдэв. Надаас өөр хүн форумд сэтгэгдэл үлдээлгүй хоёр хоночхов. Зүүд минь харанхуйд уусан хэлтэрхий л үлджээ. `Би чамайг ална.` гэх бүгчим, бөглүү хоолойд нэгэнт дассан боловч хоолой багалзуурдан, нуруунаас зүүгдэх тэр этгээд өдөр ирэх тусам хүндэрнэ. Сүүлийн долоо хоног нойргүй хоносноос болж нэг минут ч гэсэн ямар нэг зүйлд төвлөрч чадахаа болиод байнга салганан, тасралтгүй кофе ууна. Шүд минь шарлан үхэр мэт харагдана. Тамхины иш шалаар нэг хөглөрөх агаад өрөө минь үнсэн саарал болжээ. Амиа хорлох талаар бодох авч үхэл гэх төсөөлөл ирэх төдийд атгаг чөтгөрийн гарт бүрэн атгуулчихсан мэт санагдан амьдралтай чаргууцалдана. Согтож унатлаа архидаад өнхрөөд өгий гэж бодох авч тэр намайг тарчилгах гэсэн мэт архийг хоолойгоор үл давуулна. Өчүүхэн төдий балгах төдийд л хоолойг л хамаг чадлаараа багалзуурдана. Гагц үхлээ хүлээн салганах л үлджээ.

Сүүлчийн удаа нүдээ аньж буй минь мэдрэгдэж байлаа. Гэтэл гэнэт чихэнд минь өвөөгийн минь хэлдэг `Үлгэр сэрэх цагт чөтгөр хамгийн түрүүнд сэрээд дараагаар нь баатар эрс нойрноосоо ангижирдаг` хэмээх үгс цуурайтаж эхлэв. Хамаг хүчээ шавхан орноосоо бослоо. Эмх замраагаа алдсан өрөөн дотуураа үзэг цаас хайн баахан эргэлдэв. Эцэст нь нэг муу юм олсныгоо алдчихгүйг хичээн ширээ өөдөө зүглэв. Чөтгөр яах гэж буйг мэдсэн мэт мөрөн дээр үсчинэ. Үснээс минь зулгаан аймшигтай муухайгаар хашхичин `Би чамайг ална даа!` хэмээн чарлана. Амьд үлдэхийн төлөөх тэмцэл зүүд хулгайлагч бид хоёрын хооронд өрнөж эхэллээ. Цагаан цаасан дээр юу бичихээ эс мэдэн гөлийн сууна. Зүүд хулгайлагч байдаг чадлаараа чихэн дээр минь орилон хоолойноос минь зуурна. Тэгээд хүйтэн гараа хүзүүгээр минь гүйлгэн үл мэдэг цохилох зүрхийг минь хөлдөөж азаа үзэхээр шийдсэн мэт хуруунуудаа аажуухан доош нь гүйлгэв. Энэ үед юу бичих ээ мэдлээ. Салганах үзгээ хоёр гараараа атгаад `Зүүд хулгайлагч` хэмээн гарчиглав. Чөтгөрийн гар хөлдөх мэт цэв хүйтэн агаад үл хөдөлнө. Дурсамждаа үлдсэн домгийн хэлтэрхийг арай хийн буулгав. Мөр хөнгөрөн, чөлөөтэй амьсгал авч болохоор болов. Хоёр нүд минь өөрийн эрхгүй анилдан зүүд нойрны орныг зорилоо. Тэнд солонго татна.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...