Skip to main content

Хайрцаг

Хотын төв талбайд хоёр гүн ухаантайн мэтгэлцэнэ. Нэг нь Өнгөрсөн, нөгөө нь Ирээдүй хэмээх нэртэй агаад энэ хоёрын хачиртай нэрийн талаар мэдэх настнууд гарын хуруунд багтахаар болжээ. Тэр хоёр хотын иргэдийн хувьд төв талбайн хөшөө мэт санагдана. Тэд нарыг төрөхөд байсан, анхны болзоо, анхны үнсэлт гээд л амьдралынх нь бүх л чухал үед тэр хоёр зогссоор л байсан тул хүмүүс одоо нэгэнт тоохоо больж. Тэр хоёрын юу хэлэлцдэгийг мэдэх хүн нэгээхэн ч үгүй агаад нэг дүлий эмгэний хэлснээр бол амьдралын хар барааны тухай маргалддаг ажээ. Анир чимээгүй ертөнцийн гуниг хийгээд, гутралыг бүгдийг нь уудлан гаргадаг хэмээх.

Өнгөрсөн үргэлжид тэнгэр ширтэн зогсох агаад Ирээдүй хажууд нь зогсоо зайгүй шулгана. Өнгөрсөн хааяа нэг толгой дохин, толгой сэгсрэн хариулах агаад Ирээдүй хажууд нь үсэрч цовхрон, үс зулгаах нь холгүй бувтнана. Тэр хоёр өдий болтол энд зогсож буйн шалтгаан нь магадгүй тэр хоёр хэзээ ч бусад хүмүүс шиг орилдоггүйд орших биз ээ. Эс бөгөөс анхны мөчөөсөө л хүмүүсийн анхаарал татан ордон харшид уригдах байсан нь лавтай.

Нэг өглөө хотынхон ер бусын зүйл ажигласан нь тэнгэр ширтэгч Өнгөрсөн газар гөлийн зогсох аж. Хоёр нүдийг нь дагуулан харах аваас жимсний модон хайрцаг хөл доор нь хэвтэнэ. Ирээдүй урдын адил үл шулгана амаа ангайн бодолд автжээ. Сайн анзаарвал Өнгөрсөний уруул чимчигнэнэ амандаа юм бувтнах мэт үзэгдэнэ. Нэг хэвийн амьдралаас уйдсан хотынхон бүгд тэр хоёрыг бүчин зогсоцгооно. Өөр хоорондоо хайрцагт юу байгаа талаар маргалдацгаана. Бодитоор харагчид хоосон байна гэх бол Гутрангиуд могой байгаа хэмээн мэтгэнэ. Ялгавар ухаантнууд жимсний хайрцагт жимс л байгаа харин ямар жимс байна гэж бодох хэрэгтэй хэмээн хүмүүсийг уриалах бол Өөдрөг үзэлтнүүд урагш тэмүүлэн алт байгаан бус хэмээн бодно. Олон түмний нүднээс айгаагүй бол Ихэд багыг зориулагчид хоёр гүн ухаантныг цохиж унагаагаад хайрцгийг нээн олон түмний сэтгэлийг амраах байсан аж.

Энэ явдал үд хүртэл үргэлжлэв. Хаан эзэн ордон дээрээсээ талбай дээрх үймээнийг харчхаад хэрэгт дурлан ирснээр бүх юмс эцэс болох барилдлагатай байсан ажээ. Тэгэвч хэрэгт дуртай хүний сэтгэл боддог толгойгоо алдчихаад үүрд алдахаас айхаа мартдаг тул цөмөөр Хаан болоод хоёр гүн ухаантныг бүчин зогсоно. "Энд юу байгаа юм?" хэмээн хаан алиа салбадайгаараа дамжуулан асуулгав. Алиа салбадай зүгээр нэг асуучихгүй эзнээ баярлуулах мэт үсэрч дэгдэн тэр хоёрыг зүглэхдээ нэг хоёр бүдчээд авав. Олон түмэн хөхрөлдөөд амжив. Алиа салбадай Өнгөрсөний аманд чихээ наан чагнаад их дуугаар "Өнгөрсөнд лав энэ хайрцаг байгаагүй!" хэмээн зарлав. Дараагаар нь Ирээдүйн дэргэд очин түүнийг сэгсчвэл "Ирээдүйд лав төлөвлөгдөөгүй!" хэмээн хашчихав. Алиа салбадай цочсондоо огил харайвал цуглагсад цөмөөр улам ихээр хөгжилдөв. Салбадай хаан өөд хяламхийвэл эзнийх нь нүүрэнд мишээл тодорсон үзэгдэнэ. "Гэнэт цочих." гэсэн үгийг тэр толгой дотроо давтаж гарав.

Хаан салбадайгаа даллан дуудаад гүн ухаантнуудын хэлсэн үгийг давтан хэлүүлэв. Дараагаар нь шадар туслахуудаа дуудуулан хоёр өгүүлбэрийг дамжуулаад учрыг нь олохыг тушаалаа. Тэдгээр ноёд шүүн тунгааж байх хооронд төв талбайд тоглолт болж эхлэв. Алиалагчид галаар тоглон, усаар наадан хааныг зугаацуулна. Ард олон ч далимд нь баясаад авчээ. Тэгсэн ч хааны болоод бусад хүмүүсийн бодол хайрцгаас салж эс чадах тул тоглолт тэгсхийгээд амжилтгүйгээр төгсөв. Ажигч хүн бол алиа салбадай хөмхийгөө зуухыг анзаарах байсан биз ээ. Гэвч хэнд ч тийм илүү ухаан байсангүй. Хаан ерөнхий сайдаа дуудан хоёр гүн ухаантны ярианы учрыг тайлсан эсэхийг асуувал ерөнхий сайдын нүд бүлтэлзэн "Тэр хоёр өөрсдөө энд байхад бид нар бодох нь илүү биз ээ!? хэмээх шийдвэрт хүрэв. " гэвэл хаан эзэн маасайтал инээн, гэдсээ илээд "Аргагүй миний ноёд мөндөө. Нэг, нэг хайрцаг шар айраг, амтат боовоор шагна." хэмээн тушаалаа.

Дараагаар нь сүрт морин тэрэгнээсээ буун жижиг суудлын тэрэг дээрээ заларлаа. Энэхүү бүтээлийг ордны эрдэмтэд олон жил хөдөлмөрлөсний хүчинд зохион бүтээж чадсан тул хаан эзэн одоо таргалахаас айлтгүй идэж чадах болжээ. Түүний жинг хэмжих юм бол хүчит заантай аанай л дүйцэх буй заа. Хаан эзэн Өнгөрсөн, Ирээдүйн дэргэд очив. Тэр хоёр урдын байсан хэвээрээ л зогсоцгооно.

Хаан: Энд юу байгаа юм?
Өнгөрсөн: Хаан.
Хаан: Би байгаа юм уу?
Ирээдүй: Тийм байна.
Хаан: Би энд байж яаж хайрцагт байх юм бэ?
Өнгөрсөн: Хаан хайрцагт байгаа юм уу?
Хаан: Нүдний чинь өмнө байгаа юм биш үү!
Ирээдүй: Хаан тэгж өгүүлбэл. Хайрцагт хаан л байж таарлаа!
Хаан: Тэгээд би хэн болж таарч байна?
Өнгөрсөн: Тэгвэл хоёулаа хэнтэй ярьж байгаа болж байна?
Хаан: Хаан эзэнтэйгээ ярьж байна!!!
Ирээдүй: Хайрцагт байгаа хаан эзэнтэй ярьж байгаа бололтой!?
Хаан: Би хайрцагт байхгүй байна!

Энэ үед хаан эзний толгой дээр гэрэл цацран хаантан гэгээрэлд хүрэв. Нэгэнт бүхнийг ойлгосон тул хайрцгийг сонирхохоо болин, улс орноо ч үл тоон тэргээ түрсээр гэгээрсэн хаан эзэн холын орныг зорилоо. Алиа салбадай юу болоод байгааг ойлгоогүй ч хуучин эзнийхээ сүр барааг санагалзан олны хөлөөс зайлан одох тэрийг даган гэлдэрлээ. Хааны дагуулууд хаан эзэнгүй болсон тул өөр хоорондоо алалдаж гарав.

Өнгөрсөн эцэст нь тэсэхээ больж сэмээрхэн гэтсээр хайрцгийг сөхөн харав. Алалдаж байсан хааны албатууд, шулганалдаж байсан ард түмэн бүгдээр амьсгаа даран хүлээв. Өнгөрсөн хайрцгийг сөхөн харав уу!? Үгүй юу!? Орь дуу тавин зугтаав. Түүнтэй хамт гутранги үзэлтэн, ялгавар үзэлтэн болон урсгалаар явагчид сандралдан дүрвэлээ. Хааны албатууд өлсөж эхэлсэн тул эхлээд хооллочхоод доод хүмүүсээ алалдуулахаар одов. Ирээдүй болон өөдрөг үзэлтэн, ихэд багыг зориулагчид, бодит үзэлтнүүд хэсэг зогсож байсны эцэст хайрцгийг орхин одохоор шийдэцгээв. Хотын төв эл хуль болжээ. Түрүүхэн л түм бужигнан, бум түжигнэж байсан шинж хийсэх хог, хөглөрөх новшоор л илэрнэ. Түрүүнээс хойш хүмүүст анзаарагдалгүй хайрцгийн хажууд сониучирхан зогссон жаал хүү загнах том хүн байхгүй болсныг далимдуулан хайрцаг дотор шагайн харав. Тэгснээ инээд алдан гараа шургуулаад муурын зулзага гаргаж ирэн баяртайгаар гэрийн зүг жирийлгэлээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...