Skip to main content

Үлгэрч өвөө

Үлгэр ярьдаг өвгөн юу боддог юм бол гэсэн хачирхалтай сэдэл төрөв. Өвөөгөөс асуух гэсэн боловч зүрх хүрсэнгүй. Хуурч тэр өвөөгийн харц нэг л гунигтай харагдана. Он цагийн эрхэнд оч нь буусан тэр нүднээс хааяа нэг гэрэл цацарна. Нэг үдэш үлгэрийн дараа зориг гаргасаар үлгэрч өвөө дээр очлоо. Өвөр дээр нь эрхэлж гарчхаад сахлаас нь зулгаан асуув.

Өвөө та юу бодно вэ?

Өвөө үг дуугарсангүй. Зулайг минь үнэрлэчхээд газар буулгав. Муухан жуумалзах инээмсэглэлээс нь он цагийн үнэр ханхална. Тэр л мөчид үлгэрч өвөө хүүхэд насаа алдчихсандаа ийнхүү гуниглан суудаг юм байна хэмээн бодлоо. Маргааш нь цэцэрлэг даяар найзуудаа цуглуулан үлгэрч өвөөгийн хүүхэд насыг олох гарамгай баатарлаг төлөвлөгөөгөө танилцуулав. Анд найзууд маань ч уухайн тас зөвшөөрлөө. Улаан өнгөтэй уралдааны машин, Ганц гарт бор бамбарууш, Галзуу шар анааш гурав унтлагын цагаар багш нарыг саатуулан, Номхон зогсох цэрэг намайг сэрээн доод давхарт уулзахаар зөвшилцөв. Төлөвлөгөө ёсоороо явж байлаа. Би унтсан мэт жүжиглэн хөнжил дотроо цаг тоолон хэвтэнэ. Номхон зогсох цэрэг халааснаас минь мөлхөн гарч ирлээ. Миний зугтах цаг ирснийг мэдэв. Сэмээрхэн хөнжлөөсөө гулссаар шалаар нэг мөлхөн хаалга зүглэв. Улаан өнгөтэй уралдааны машин, Ганц гарт бор бамбарууш, Галзуу шар анааш даалгавраа чадамгай биелүүлжээ. Нойлын өрөөг усанд автуулах тэр гурвын арга гарцаагүй хэрэгжиж байв. Нэг ч багш намайг харсангүй. Тэндээс сэмээр гэтсээр Номхон зогсох цэрэг бид хоёр нэг давхарт ирлээ. Жижүүр ах байхгүй байгаасай гэсэн хүслийг минь сахиус минь биелүүлсэн тул талархлаа илэрхийлэн тарниа уншив. Ум базар вааний хум, хум маамаа бизъя суухаа. Үүдний хаалгыг онгойлгов. Цас нүүр нүдгүй шуурна. Үлгэрч өвөөгийн хүүхэд насыг авсан Цасан хатан гарцаагүй намайг саатуулах гэж оролдож байна гэж мэдсэн Номхон зогсох цэрэг бид хоёр хувцсаа өмсөж ороолтоо чангаа гэгч нь уяад гарч одов.

Болжмор хөл доор минь жиргэнэ. Үлгэрч өвөөгийн хүүхэд нас энд байгаа хэмээн шулганаад байх шиг санагдана. Цэрэг анд ч надтай санал нэг байлаа. Хөөрхий болжмор надад тусалсан хэргээр Цасан хатанд баригдаад маргаашаас нь харагдахаа больсондоо. Тэндээс болжморын хэлсэн зүгт гүйв. Гүйв тусам Цасан хатан улам уурлан, улам ихээр цас шуургаа илгээнэ. Тэгтэл хажуугаас чоно улих дуулдаж эхэллээ. Цасан хатан өөрийнхөө цөөвөр чононуудыг илгээж буй нь гарцаагүй. Ингэнэ гэж бодоогүй байсан цэрэг бид хоёр сандарсандаа зүг буруулан зугтав. Гүйсээр арай хийн цасан хатны цөөвөр чононуудаас амь гарлаа. Эргэн тойрон цав цагаан цас гялтганана. Магадгүй цасан хатны газар нутгаас гарсан болоод цас орохоо больсон бололтой. Гадаа харанхуй болж эхэлжээ. Төөрч явсаар дэлхийн хязгаар Шөнө хааны нутагт ороод ирсэн бололтой. Үнэндээ яахаа мэдэхээ байсан би сандарч эхэллээ. Хөөрхий үлгэрч өвөөгийн хүүхэд насыг аварч чадахгүй болов. Түүнээс гадна Шөнө хаан хэчнээн ууртай болохыг ээж минь хэчнээн их надад захин хэллээ. Гэвч би ганцаараа биш тул зориг минь мохох болоогүй байв. Номхон зогсох цэрэг найзаа халааснаасаа гарган газар асуух гэтэл тэр байсангүй. Хөөрхий цэрэг андыг минь Цасан хатны боохой нар олзлон авчээ. Түүнийг Цасан хатан магадгүй үлгэрч өвөөгийн хүүхэд насны хамтаар гяндандаа түгжээ биз ээ. Ингээд орь ганцаар хоцорсон би айж эхэллээ.

Зоригт баатар болох нас минь болоогүй гэдэгтээ итгэж эхлэв. Нүднээс минь нулимс урсан, хацрыг минь урна. Азаар Шөнийн хааны нутгаар явсан өвгөн баатар намайг олов. Уйлахыг минь үзээд шинэхэн баатар гэдгийг минь мэдсэн өвгөн баатар намайг аргадан эх нутагт минь хүргэн ирэв. Тэр орой аав ээждээ мөн ч их загнуулж билээ. Дараа нь гурван өдөр халуурч хэвтсэн сэн. Шөнийн хааны хараал хүрсэн нь гарцаагүй. Ээжийнхээ үгэнд орж түүнээс холхон л байх байсан юм. Хэрвээ Цасан хатан цөөвөр чононуудаа илгээгээгүй бол!

Ингээд зүгээр болсон хойноо цэцэрлэгтээ очив. Үлгэрч өвөөгийн өмнө сөхрөөд хүүхэд насыг нь аварч чадаагүйдээ уучлал гуйлаа. Үлгэрч өвөө намайг харж инээмсэглээд. Зүгээрээ би хүүхэд насаа та нараас авдаг юм хэмээн хэлэв. Түүнээс хойш Улаан өнгөтэй уралдааны машин, Ганц гарт бор бамбарууш, Галзуу шар анааш бид дөрөв түүний алхам бүрийг нягтлан харах болов. Тэр хэний туршуул болчхоод бид нарын хүүхэд наснаас хулгайлна вэ?Магадгүй Цасан хатан үлгэрч өвөөгийн зүрх сэтгэлийг олзолчхоод түүгээр дамжуулан хүүхдүүд бид нарын хүүхэд наснаас хулгайлан үүрд мөнхөд амьдардаг юм байх даа. Том болж баатар эр болохоороо Номхон зогсох цэрэг чамайгаа заавал бид аварна аа.

_______________________________

Hanper.
Хэрвээ амьдрал үнэхээр ийм бол яана аа ^^
Сайхан даа :Д

2012 оны 11-р сарын 21

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...