Skip to main content

Нүүдэлчин тагтаа

Тагтаа сүмээ орхин одох хэрэгтэй гэдгээ мэдэж байв. Өглөөний нартай угтан уянгалах номын дуу чихэнд нь үргэлжид цуурайтна. Шинэ цагийн шуурганаар сүм дуган балгас болж, хөөрхий тагтаа ганцаардахын эрхэнд хот суурин газар барааджээ. Одоо тэр шилэн цамхгийн орой дээр амьдарна. Хотын үзэмж гайхалтай авч сэтгэл тогтохгүй зугтана.

Замаар нэг хөглөрөх тэрэг, гудамжаар нэг холхилдох хүмүүс залхуутай агаад уйтгартай. Заримдаа тэр хүн болгоныг даган дэгдэнэ. Нэг хоёр, нэг хоёр хэмээн дэгдэх бяцхан тагтааг ажиглах хүн нэгээхэн ч үгүй. Нэг өдөр тагтаа тэнгэрт дүүлэн, салхинд найган байтал унадаг дугуйтай жаал даллав. Амьдралдаа хүн өөрийг нь дуудаж байсныг хараагүй тагтаа аажуухан дэргэд нь буулаа. Жаал инээмсэглэл алган дээрээ үр цацав. Тагтаа эргэлзэж байсан ч сайхан сэтгэлт жаалын инээмсэглэлд үгүй гэж чадсангүй. Үүнээс хойш жаал хүү үргэлжид ирэх болов. Өдөр бүр, сар бүр. Тэгэвч тагтаа сүмээ санасаар л. Хашаанд холхилдох банди нар үр цацан гүйлдэх нь ертөнц амар амгаланд нойрсох мэт санагддаг байв. Хотын байдал хурдан агаад шуугиантай.

Тэр тагтаа үүлс харан бодно. Манай нутгийнх болов уу хэмээн шүүрс алдана. Урдын адил сүмийнхээ орой дээр зүүрмэглэн лам, хувраг нарын тарнийн уншлагад бүүвэйлэгдэж байна хэмээн сэрүүн зүүдэлнэ. Тэгэвч зүүдэнд нь хааяа мангас орж ирнэ. Гэнэт тэнгэр харанхуйлан салхи шуураад, үүл бараантан, аянга цахиад нүүр нүдгүй аадар бороо асгарна. Үерийн ус хуйлран замдаа дайралдах бүгдийг хаман одно. Алтан дуганы орой нэг шовойн, нэг живсээр үгүй болно. Тагтаа яаж ч чадалгүй тэнгэрээр дүүлэн амь хоргодсоор энэ бүхнийг өнгөрөөнө. Эцэст нь тэр шилэн барилгынхаа орой дээр сэрнэ.

Өглөө сургуульдаа яарах хүүхдүүд үзэгдэнэ. Инээлдэж хөхрөлдөх тэдгээр хүүхдүүдийн инээмсэглэл түүнд хот тийм ч муухай бус гэдгийг сануулна. Дараагаар нь томчууд үзэгдэж эхэлнэ. Бараан царайт, уйтгарт нүдэт тэдгээр хүмүүсээс тагтаа айна. Өөрөө тэдний нэг болчхоод тэнгэрт нисэж чадахгүй үргэлжид гуниглан алхах буй хэмээн тэр айна. Айх тусам үргэлжид үүрэндээ шигдэнэ. Нэг л өдөр цэлмэг тэнгэрт солонго татахад өөрийн эрхгүй аз жаргалд умбасан тагтаа энэ бүх айдсаа умартан тэнгэрээр нэг дүүлэн нисэх биз ээ.

_____________________________


Цонхны тавцан дээр тагтаа сууна. Цонх тогшвол тоосон янзгүй суусаар л хүд,хүд хийх юм. Энэ хотын тагтаа яавч биш ээ. Хөндөөнөөс ирсэн нь гарцаагүй. Ийнхүү бодоод гэрээсээ хол явж байгаа түүнийг өрөвдөн чимээгүйхэн ширээндээ суулаа.

Бага байхад тагтаа үргээвэл муу сурна гэж их айлгадаг байж билээ. Хичээл хийдэггүй би чинь түүнээс айна гэж жигтэйхэн. Одоо хүртэл тагтаа харвал холуур тойрч өнгөрөхийг хичээнэ. Тэгэвч орчин үеийн тагтаа нар айхаа болжээ. Бараг л барьж идэх аядна. Хүмүүс буян үлдэнэ хэмээн ганданд тагтаа их хооллодог байж билээ. Сүүл сүүлдээ өвчний үүр болоод байна хэмээн тэрийг нь хориглосон шиг санагдана. Одоо ганданд тагтаа байдаг юм болов уу? Магад тэндээс дүрвээд орох оронгүй нисэж яваа тагтаа биз. Тэгтэл би тэрийг нь ойлгохгүй үргээгээд л.

Муу сурах нь л дээ хог чинь. Ямар азаар сургуулиа төгсчихсөн юм бэ. Тэгтэл би чинь онлайн хичээл үзэж байгаа гэдгийг саналаа. Аяа, оюутан байхад шөнөжин ном уншаад өдөр нь хичээлдээ явахад асуудал гардаггүй л байсан юм сан. Одоо тэгтэл шөнөжин унтсан ч ажил дээр нүд анилдаж, толгой дохиод л зовлон болж байна. Эрийг нас, уулыг цас гэж үнэн үг бололтой. Тэгэвч би одоохондоо насаа бас гайгүй үүрээд яваад байгаа юм шиг. Арай ч сөгдөж унах болоогүй аж. Нэг л өдөр суудлаасаа ёолсоор босох биз гэх гэтэл одоо тэгж байгаа минь санаанд оров. Ялангуяа сагс тоглосны маргааш бол босох гэж яраглана шүү дээ. Янцгаахаас наашгүй юм болно. Хөгшин хүмүүсийн хэлдгээр бол нас явна гэж лүд юм даа.

Нэг харсан өнөөх тагтаа нисээд явчхаж. Идэх юм өгөөгүйд минь хараан ниссэн буй за. Нэг хүний үг санаанд орчихлоо. Чи арай л хэтэрхий юм болгоныг өөр дээрээ хүлээж авах юм гэж. Тагтаа мэдээж л миний тухай юу гэж бодов гэж. Эсрэг барилгын тагтан дээрх өөр нэг тагтаа харж дурлаад л түүн уруугаа яваа биз. Хоол бол хогоороо л нэг хотод олддог байлгүй. Сүүлийн үеийн барилгууд дотроо хогоо хаяхгүй гаргаж хаядаг болсон нь ямар учиртай вэ. Мөнгө санхүү? ариун цэвэр? Ямартай ч үүнд нь дөрвөн зүйлс баярлана. Хог ухдаг хүн, золбин нохой, тагтаа тэгээд болжмор. Өөр зүйлс баярладаг нь мэдээж. Үүнээс эс хамааран үржиж байдаг болохоор нь алгасав. Хөөрхий амьдрах гэж ядаж буй хүмүүсийг дорд үзсэн юм шиг санагдав. Одоо ч нэг хүн лааз түүж буй харагдана. Хүмүүс сэрчихээрээ хөөж туугаад байдаг болохоор амралтын өдөр ийнхүү эртчилэн босож хогийн цэг ухна уу? Магад хааяа тэд тагтаа болоод нисэхийг хүсдэг биз ээ. Тагтаа харин энэ бүхнийг эс тоон хэнд муу тавих вэ гэсэн хор найруулан хотын дээгүүр ниснэ. Даанч хичээл амарчихсан байдаг. Амьдрал аа гэж.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...