Энэ хүүхэд уйтгарладаггүй байсан юм. Уйтгарлах ч шаардлага түүнд байсангүй. Өдөр бүхэн нар мандаж, үдэш болгон жаргаад араас нь сар залган авч байхад юундаа ч уйтгарлах билээ. Харин тэр нэг өдөр түүний толгойд хачин бодол орж ирлээ. Хэрвээ орчлон ертөнц хязгаартай юм бол түүн доторх бүхий л зүйлс хязгаартай байж таараа. Тэгэхлээр аз жаргалын тоонд ч хязгаар байдаг байх нь ээ!? намайг уйлж байхад өөр нэг нь инээж намайг инээж байхад өөр нэг нь уйлж ... бүгд л хязгаартай, тоотой түүндээ баригдана.
Би өөрөө уйлах дургүй ч хэн нэгнийг уйлахыг харах бүүр ч дургүй. Хэдий хараагүй ч гэсэн намайг баяртай байхад өөр хэн нэгэн гуниглана гэдэг хэдий харамсалтай вэ? ерөөсөө би уйтгарлах хэрэгтэй юм байна. Тэгээд надад ирэх ёстой байсан баяр баясал өөр нэгэнд шилжин очиг. Би хамгаас хүчтэй хамгаас мундаг болохоор би гуниглаж, би шаналж, би л тэдгээр зовлонг үүрье.
Хүү ерөөсөө л анхнаасаа ингэж бодож. Түүний толгойд өөр юу ч орж ирсэнгүй. Ингээд тэр өдөр болгон гунигладаг боллоо. Нар өөд гунигтай нүдээр хараад сайн байна уу? нар ахаа хэмээн мэндчилээд өдрийг эхэлнэ. Гунигладаг болсон болохоор ганцаардах болов. Хэн нэгэнтэй найзалчихвал гуниг өөрөөс нь үргэж яваад хэн нэгэн дээр нисэж очоод наалдчих юм шиг санагдах тул салхийг найзаа болгон авлаа. Өглөө гэрээсээ гаран сургуульдаа явахдаа салхитай ярьж, түүнтэй тоглож, түүнтэй уралдана. Эцэс сүүлд нь салхинаас өөр найзгүй болчхов. Хүү энэ бүхнийг мэдэж байсан ч зоригтойгоор өөрийнхөө гунигийг аван урагшилж эхэллээ. Учир нь тэр гуниглахгүй бол өөр нэгэн уйтгарлана гэдэгт тэр итгэсэн хэвээрээ л.
Өдөр хоног, сар жил улиран улирсаар. Нэг л мэдэхэд өнөөх хүү эрийн цээнд хүрчээ. Энэ үед бусдын төлөө өөртөө авсан гуниг нь үргэлж л түүнийх байсан мэт санагдана. Анхнаасаа яагаад гуниглах болсон шалтгаанаа ч мартчихаж, мартсан биш дассан ч байж магадгүй юм. Нэг л өдөр үл таних охинтой танилцлаа. Гэтэл аз жаргал дотроос нь бургилаад гуниглах сэтгэлийг нь хөөж туух болов. Хүү ч байдгаараа гунигаа авч үлдэхээр шаргууцалдана. Энэ бүхэн нөгөө охиныг "Чи яагаад ийм гунигтай байгаад байдаг юм бэ? Чи гунигтай байхаар би ч гэсэн гунигтай болчих юм." гэж хэлэх хүртэл үргэлжлэв. Магадгүй охин хэлээгүй хүү өөрөө анзаарсан байж магадгүй.
Тэгээд бодлоо гуниг хэн нэгэнд аз жаргал авчирдаггүй гуниг л авчирдаг юм байна. Харин аз жаргал баяр баясал авчирдаг болов уу? Гэвч тэр хэтэрхий хоцорсон байлаа. Энэ бодлоо мэдэхээс нь өмнө гунигт дургүй охин яваад өгчхөж. Өөрөө хүсэн өдөө хүртэл үүрч байсан гуниг нь түүнд эргээд ирлээ. Тэр одоо уйтгарлах дуртай. Өөр хэн нэгэнд аз жаргал авчирдаг гэж боддог болохоороо бус зүгээр л түүнд дасчихсан болохоор уйтгарлах нь түүнд таатай санагдана. Магадгүй өөр шалтгаантай ч байж мэднэ.
Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...
Уйтгарлах дуртай байж болохгүй ээ. Битгий уйтгарлаарай, битгий гуниглаарай. Өөрийг нь гомдоохгүйн тулд бас битгий гуниглаасай, битгий шаналаасай гэсэндээ өмнөөс нь гуниглаж байгаа хэн нэгэн байгаа ч юм билүү. Өөрөө гуниглалаа гээд өөр хэн нэгээ хэзээ ч аз жаргалтай болохгүй ээ. Харин эсрэгээрээ жаргалтай байвал өөрийг чинь хараад бусад хүмүүс ч гэсэн баяртай байх болноо.
ReplyDelete