Skip to main content

Үл үзэгдэгч

Үл үзэгдэгч баатар Улаанбаатар хотод төрөв. Шөнийн харанхуйд уусан, хүн бүхнийг хамгаална. Үл мэдэгдэх, үл танигдах тэр баатар хэн бэ?

Нэвтрүүлэг бүр үл үзэгдэгч баатрын талаар ярилцана. Түүнийг таньж мэдэх хүнийг хайна. Орой болгон үл үзэгдэгч баатраар авруулсан хүмүүс ярилцлага өгнө. Би явж байтал ... би алхаж явтал ... би унтаж байтал. Би. Би. Би...

Үл үзэгдэгч баатар гайхна. Би юунд хүмүүст тусална вэ? Би яах гэж хүн аварна вэ? ... Харанхуйд дээвэр хэсэх түүнтэй ярих хүн олдсонгүй. Өөдөөс нь ширтэх муур хүний хэлээр "Aгуу хүч чадалтай, ууч хариуцлага ирнэ." хэмээн жуумалзаад алга болно.

Үл үзэгдэгч баатар хотыг бүхэлд нь харах гэсэн дээ Зайсан дээр гарлаа. Утаанд дарагдсан хот аниргүй мэт санагдана. Үл үзэгдэгч баатар алсын харагч дээр суув. Хотын гэрэл нэг цацран, бодит амьдрал нэг ургана. Эргэдэг цамхагт хос хоёр түгжигдчихэв. Газраар сандралдах хүмүүс шоргоолж мэт үзэгдэнэ. Үл үзэгдэгч баатар нөмрөгөө хийсгэн цамхгийн дээр ирэв. Эрэгтэйгээсээ тас зуурах эмэгтэй. Нүдээ тас аних эр хоёр үзэгдэнэ. Бүсгүйн долгионтой үс нь урсгал мэт, дэрвэгэр сормуус нь эрвээхэй лугаа аж. Үл үзэгдэгч баатрын зүрх галт тэрэг мэт уухилна. Хос хоёрыг аварсны дараа үл үзэгдэгч баатарт ажиллах хүсэл төрсөнгүй. Гэртээ харин тэрийн хэвтлээ.

Унахгүй гэсэндээ зуурах бүсгүйн зөөлхөн гар арьсыг нь нэвтлэн, цусанд нь нэхчих шиг санагдана. Агаараас үнэрийг нь олох гэсэндээ гүн гүн амьсгална. Тэр орой үл үзэгдэгч баатар унтаж чадсангүй. Өдөр нь ч унтаж чадсангүй. Цонх бүрээр хэсэн үлгэрийн охиныг эрнэ.

Гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болов. Зурагтын суваг бүр үл үзэгдэгч баатрыг эрнэ. Гэмт хэрэг бүхэнд түүнийг буруутгана. Үл үзэгдэгч баатар харин интернэт хэсэн нүүрний ном, жиргээ гурваар эргэлдэнэ. Үл таних, үл олдох авхайг эрнэ.

Цаг хугацаа ууссаар, бүсгүйн дурсамж балартав. Шархалж амжаагүй сэтгэлээ мартсан үл үзэгдэгч баатар хотдоо ирэв. Гэмтэн бүхнийг барин, буруутан бүхнийг шийтгэнэ. Шүүх, цагдаа залхууран ажлаа хийхээ болив. Чин сэтгэлээсээ ажиллах үл үзэгдэгч баатрын ажил ундарна. Өдөр ирэх тусам ихэснэ. Гэмт хэрэг буурсан ч үгүй, аваар осол багассан ч үгүй. Байдаг юм байдгаараа. Хөх яргуй хавартаа л ургана. Үл үзэгдэгч баатрын хийсэн бүхэн утгагүй мэт.

Улс төрчид мэтгэнэ. Улс гүрэн маргалдана. Ард түмэн мэтгэлцэнэ. Ард төрчид арцалдана. Үл үзэгдэгч баатрыг олны өмнө гарахыг шамдуулна. Гэмгүй бол царайгаа харуулж, зэмгүй бол дүрээ үзүүлэхийг шаардана. Өдөр шөнөгүй үл үзэгдэгч баатрын чихнээс хонх зүүнэ. Залхсан баатар алсад одов, хаширсан хөлөг сураггүй болов. Жил тойрон улс гүрэн доройтов. Он эргэтэл орон цугаар самгардав. Цагийн эрхээр хүн, хүн мөрөө хөөлөө. Амьдралын хүрд, хүрд жамаараа эргэдгээрээ эргэлээ.

Үл үзэгдэгч баатар мянгат малчин болов. Төл алдалгүй бойжуулж, төлөг гарздалгүй өсгөв. Хотоос эрдэмтэд ирлээ. Туршлага судалж, олонд хүртээлтэй болгоно гэв. Тэр нэгэн өдрийн үзэсгэлэнт бүсгүй бичиг цаасанд дарагдсаар мянгат малчныд ирэв. Унтарсан зүрх сэргэн, бөхсөн сэтгэл сэдрэв. Үл үзэгдэгч баатрын баатар зориг бадрав. Хүсэхэд хясна гэгчээр дур булаам бүсгүй ураг холбожээ. Гэр бүл үүсгэн голомт бадрааж. Үл үзэгдэгч баатар гунигтай мишээсээр саран доор зогсоно. Сэтгэлт бүсгүйнхээ төлөө шөнийн харуулд гарна. Хааяа нэг сонсогдох бишгүүрийн дуу, гунигийн дуу бөлгөө. Ганцаардсан баатрын сэтгэлийн аялгуу ажгуу.

Гэмт ертөнцийн хаан ганцаар өрөөндөө сууна. Далай мэт ширээнийхээ ард балмад хэргүүдээ бүртгэнэ. Өрөөнийх нь хаалга чахран буурал болсон эх нь суйтганан (хазганан) орж ирлээ. Булаг мэт үс нь үүл болоод гал мэт нүд нь нурангитжээ. Тэгш сайхан нуруу тэмээ мэт, уран сайхан гар мөчир лугаа болоод эгшигт сайхан хоолойд нь салхи хуржээ. Ижий нь хүүгийнхээ дэргэд ирэн үсийг илбэн. Хацар дээр нь үнсээд үл үзэгдэгч баатар ирнэ ээ, хүү минь! Үлгэр домогт итгэсэн хүн алздаггүй юм шүү! хэмээсээр гарч одов. Тулсан таяг нь хөлөөс нь илүү, зүүсэн аппарат нь чихнээс нь соргог болжээ. Хаан хүүгийн нүд нулимсаар булаглав. Амьдралд нь ирж өөрийг нь авраагүй үл үзэгдэгч баатрыг хараав. Үлгэрт итгэх нас нь өнгөрсөн хэмээн зүхэв.

Үл анзаарах мөчид нээлттэй салхивчаар салхи шургалав. Шувуу мэт сүүдэр шууран оров. Нүднийх нь өмнө атийсан өвгөн гашуудалт нүдээр ширтэнэ. Гашуун инээмсэглэлээр мишээнэ. Муу замаар явах цаг чинь дуусжээ. Гэмт сэтгэлээ засан, гэрэлт ёсоор явтугай хэмээн сургав. Зөрүүд хүүгийн гэдэн хөдлөв. Үл хугарах нэр төрийнхөө төлөө гар буу гарган үг дуугүй буудав. Өвгөн болсон үл үзэгдэгч баатар хөдлөх ч үгүй хүйтэн мэсэнд өртөв. Сүүлчийн хүчээ шавхан захиас үгээ шивнэв. "Aгуу хүч чадалтай, ууч хариуцлага ирнэ."

Гэмт ертөнцийн хаан уйлсан ч үгүй, уурласан ч үгүй. Харамсах сэтгэл, баярлах зүрх аль нь ч төрсөнгүй. Бичиг цаасандаа анхаарлаа хандуулан, гэмт ертөнцөө халамжилна. Ганц улаан товч даран хөрж амжаагүй цогцсыг цэвэрлүүлэв.

Тэр орой хаан хүүгийн хүч чадал оргилон. Бяр чадал амтагдав. Тэнгэрт нисэн, үүлэнд умбамаар санагдана. Тэгэвч хүү сэтгэлээ барив. Үл үзэгдэгч баатар үхсэн. Бурхан болж нирваанд одсон. Гэмт ертөнцийн хаан, харанхуйн ноён л үлдсэн. Хүчтэй нь ялж хүчгүй нь мөхнө. Тэгэвч хөөрхий тэр хүү хүн гэдэг байгалийн амьтан боловч нийгмийн бүтээл болохыг умартжээ. Балар цагийн хуульд автан, урин цагийн итгэлийг умартжээ.

Баатарын эрийн мөхсөн мэдээ улс даяар тархав. Олон түмнээрээ гашуудан орь дуу тавив. Муу сэтгэлт баясан, орсгор шүдээ нууж ядан жуумалзана. Нулимсаа аргадах нэг охин хүүхэлдэйгээ орхиод тэнгэрт нислээ. Салхи цээжийг нь илбэх мэт болоод бүлээн дулаан агаар цээж дүүргэв. Шинэ баатрын цаг ирж Жард баатар мэндлэв. Гэмт ертөнцийн хааныг дарах андгай тангараг өргөлөө.


______________________________

Hanper.

Жард баатар мандтугай. Тэгэвч энэ түүний үлгэр биш болохоор энд хүрээд өндөрлөв.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...