Skip to main content

Хөөрхөн охин

Хөөрхөн охин чиний амьдралд хэр олон тааралдаж байв даа? Хөөх яасан хөөрхөн юм бэ? хэмээн дуу алдмаар тийм л бүсгүйчүүд амьдралд чинь тааралдаж байгаагүй гэж үү? Эсвэл чи өөрийнхөө гунигт дарагдчихаад аливаа сайхан зүйлсийг харах сөхөөгүй алхаж байв уу? Ерөөсөө гоо сайхан гэдэг үнэ цэнээ алдаад, дотоод мөн чанар хэмээх зүйлийг чи эрэлхийлэн алхана уу? Хүн болгоны нүдийг ширтэн, түүнээс хүний мөн чанарыг хайна уу? Би өмнө нь тэгж байсан мэт. Тэгээд дараа нь би яаснаа мартчихаж. Миний зүүд мэт гүн харанхуй нүд намайг ширтэж байсныг л би санадаг юм. Дараа нь эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд ахиад л эмэгтэйчүүд эцэс төгсгөлгүйгээр бүсгүйчүүд.

Тэр яг л дагина мэт. Намайг илбийн хүчээр зүрх сэтгэл хулгайлагч болгочихсон мэт санагдана. Чамд зөвхөн бодох л хангалттай. Дажгүй охин байна хэмээн бодох мөчид л тэр чамд сээтэн хаяж эхэлнэ. Гол нь чи өөрөө цааш нь үргэлжлүүлэн хөдлөх. Гэхдээ тэр гүн хар нүдний дагина хаа одсоныг би мэдэхгүй. Өдий хүртэл хайгаад хайгаад би олоогүй. Магадгүй хэзээ ч олохгүй биз ээ. Чи юунд газар ширтэн алхана вэ? Зүрх сэтгэл чинь ямар нэгэн зүйлд эмзэглэв үү? Аль эсвэл оюун бодол чинь ямар нэгэн зүйл эрэлхийлнэ үү? Аль нь ч байсан хамаагүй ээ! Толгойгоо өргөн зүгээр л нэг эргэн тойрноо хардаа. Хүмүүсээс залах сан бол тэнгэр өөд ширтдээ. Юу харагдаж байна. Цэлмэг хөх тэнгэр? Цагаан үүлнүүд?

Намайг бага байхад нэг охин манай ангид байдаг байлаа. Түүний үс нь арзгар, хувцас нь эмх цэгцгүй боловч нүд нь тунгалаг, хоолой нь цээлхэн нэгэн байв. Тэр үргэлж л тэнгэр ширтэж явна. Хааяа цонхоор модод ширтэн хичээлд сууж байгаа гэдгээ ор тас мартчихсан мэт санагддаг байв. Магадгүй түүний зүрх сэтгэл нь шувуу болоод өндрөөс өндөрт нисэж байдаг байсан биз ээ. Нэг удаа эцэг эхийн хурал болоход тэднийхээс хүн ирсэнгүй. Тэр тоосон шинжгүй хамгийн ард суугаад мөн л цонхоор ширтэн сууж байлаа. Гэхдээ тэр урдынхаас нэг л өөр үзэгдэнэ. Үсээ хоёр хуваан самнаад цагаан тууз зүүжээ. Дараа нь хоёр өдөр би түүнийг зүүдэлсэн юм даг. Би гараа сунган түүний араас гүйгээд л тэр харин шувуу мэт тэнгэрээр дүүлэн нисээд л. Амьдрал дээр би түүний араас гүйгээгүй ээ. Гүйх байсан ч байж магадгүй юм. Учир нь тэр ахиж хичээлдээ ирээгүй. Багш хэлэхдээ тэднийх нүүсэн гэсэн. Би түүнээс хойш тэнгэр ширтэх дуртай болчихсон юм. Яагаад ч юм бэ? Юу юугүй үүлний цаанаас үл үзэгдэх сахиусан тэнгэр гарж ирээд алга болчих юм шиг санагддаг байсан юм.
Чамд хөөрхөн гэж бодогдсон эмэгтэй бусдад тэгж бодогддоггүй гэж үү? Чамд таалагдсан эмэгтэй чамайг бас тоодоггүй юм уу? Чамд татагдах эмэгтэй огт үгүй юм шиг санагдана уу? Надад ч гэсэн тэгж санагддаг байлаа. Ерөөсөө л орчлон хорвоод ганцаараа байсаар байгаад явчих юм шиг санагддаг байв. Нэг охин чихэнд минь охин болгонд таалагдахыг хүсэх чинь ямар учиртай юм бэ? хэмээн шивнэх хүртэл ийнхүү бодож байлаа. Түүний үгнээс хойш би хариултыг нь бодоод бодоод олоогүй боловч нэг л мэдэхэд эмэгтэй хүмүүс байдаг л нэгэн хүмүүс гэсэн бодол толгойд суучихсан байлаа. Таалагдсан эмэгтэй болгон маань ч бусад хүмүүст таалагдах албагүй байв. Надад л таалагдаж байвал бусдын сэтгэлээр би мэдрэхгүй биз дээ гэсэн бодол ч толгойг минь эзэлсэн юм. Харин тэр үнэт үгийг шивнэсэн охин тэр чигтээ алга болчихсон. Намайг намаг балчгаас сугалж гаргачхаад өөрөө ор мөргүй алга болчихсон. Би ч түүнийг хайгаагүй.

Зүүдэнд чинь хэн нэгэн ирж зовоож байна уу? Би ч гэсэн нэг хэсэг тэгж зовсон сон. Дараа нь харин зүүд маань эзэнтэй болчихсон. Тэр зүүдийг минь эзэгнэн суучхаад бусад хүмүүсийг халдан орохоос намайг хамгаалдаг болсон. Би харин түүний зүүдийг эзэгнэхийг хүсэн хэчнээн оролдсон боловч яаж ч чадалгүй өөр нэгэнд алдчихсан. Тэр надад уучлаарай! гэж хэлэн уруул дээр минь үнсчхээд зүүдийг минь надад өгөлгүй яваад өгч билээ. Өөр нэгэн бүсгүй эзэгнэх хүртэл би зүүдээ эргүүлж авч чадаагүй юм даг. Сүүлчийн тэр бүсгүй зүүдийг минь чөлөөлж надад эрх чөлөө олгочхоод гунигтай харцаар намайг ширтсэн сэн. Тэгээд тэр ахиж ирээгүй. Сүүлчийн үгс нь цаг хугацаанд балартан оджээ.

Амьдралын чинь төгсгөлд нэгэн эмэгтэй уйлан зогсон уу? Түүнийгээ чи даанч хайрлаж чадсангүй дээ! хэмээн сэтгэлээр унана хөөрхөн царайд нь гуниг хурахыг харж тэвчихгүй бушуухан шиг диваажин очихыг тэмүүлнэ үү? Тэгсэн атлаа түүний дэргэдээс холдож үл чадан гэрэлтэй зууралдана уу? Би бас тэгэх л байхдаа. Хөөрхөн төрх нь өдөр ирэх тусам цагийн аясанд дарагдан. Үрчлээ суун хөгшрөхийг нь хараад улам ихээр түүнийгээ хайрлан, цаг хугацаанаас харамлах мэт унтах бүртээ чангаас чанга тэврэн хоноод маргааш нь нарнаас урьтан түүнийг харах гэж хичээн нүдээ нуухалсаар босно. Тэгэх бүрийд тэр аяга дүүрэн цай аягалчхаад намайг дуудан дэргэдээ суулгаад ачаа загнаж буй мэт нүүр гараа угаа хэмээн намайг хөөнө. Би түүнд эрхлэн худлаа инээн цайгаа ойчин уусаар л. Нэг л өдөр явах цаг минь болоход сүүлчийн удаа түүнийхээ хөөрхөн төрхийг харж, түүнийгээ хайрыг мэдрээд. Баярлалаа гэж хэлээд одно. Тэр нулимс дуслуулсаар намайг ганцаар нь үлдээж чадаагүй дээ өөрийгөө зүхнэ. Тэрэнд нь ч би баярлалаа хэмээн өгүүлнэ. Тэр хэдий ганцаараа үлдэхийг хүсээгүй ч намайг ганцааранг минь үлдээж чадаагүй хэмээн уйлагнасаар хоцорно. Би сүүлчийн удаа инээмсэглэн түүнийгээ үнсээд уучлаарай! би үргэлж л амиа бодсоор ирсэн. Гэхдээ би чамд хязгааргүй их хайртай юм шүү хэмээгээд үүрд мөнхөд дуу хураана.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...