Skip to main content

Нинжа

Ойн цоорхойд амьдардаг цагаан төглийн нинжа гэж байжээ. Нэг өдөр аянга цахиж тэнгэр харанхуйлаад хайлааст орны хар нинжа хайртай хонгор гүнжийг нь аваад нисчхэж гэнэ. Цагаан төглийн нинжа бараан үүл хараад санд мэнд гэртээ ирсэн боловч нэгэнтээ оройтсон байлаа. Ширээн дээр нь:

“Уучлаарай, би чамд хайртай.” гэсэн зурвас л үлдсэн байв. Ул мөрийг нь харваас шавар шавхай үзэгдсэн тул цагаан төглийн нинжа нулимсаа арчин, нусаа татан, нумаа үүрээд, сэлмээ бүслээд хайрт хонгор гүнжээ аврахаар усан борооноор хайлааст орны хар нинжаг зоривой. Зам зуураа ийн дуулсан нь:

Нойр гэдгийг мэдэхгүй
Нинжа байх сайхаан
Тархи толгой эргээд
Нүд хүрэнтэн хөхрөөд
Хүн амьтан айлгаад
Дураараа гүйх сайхааааааааааааан

Хонгор чамайгаа аврахаар
Хайрт цагаан төглийн нинжа би
Хөдий талыг туулан
Уул толгодыг даван
Гол горхи гаталсаар
Эцэж ядрахыг мэдэхгүй зүтгэнэ.

Цагаан төглийн нинжагийн сонор чихэнд нэгэн чимээ туссанд огил харайн бутны ард орлоо. Чимээ гарсан зүг ажвал аварга царс модны доор өвгөн самуурай сууж үзэгдэв. Нинжа болсон хойно самуурай нарийг үзэн яддаг тул бүснээсээ од сугалан шидэх гэтэл нум авснаас бус од авахаа мартжээ. Нумаа татан саадганаасаа сумаа авах гэтэл одтойгоо тавьсан сумаа авахаа цуг мартжээ. Ээ хараал идэг хэмээн дотроо хараагаад байдлыг ажиглавал сонор соргог самуурай аль хэдийнээ мэдсэн бололтой. Ийн өгүүлэв:

Байгаль эхийн хэвлийд
Гуниг бясалган байв
Үхэл надаас айлаа.

Цагаан төглийн нинжа нэгэнт мэдэгдсэн тул өмнө гарж ёслоод өвгөн самуурай ах та дургүйцэхгүй бол хоёул дараа цаг болзон тулалдтугай. Би хайрт бүсгүйгээ аврахаар яарч явна гэвэл өвгөн самуурай санаа алдан:

Мянган жилийн өсөд
Мөрөөрөө явсан ч
Аалзны тор.

хэмээн өчив. Цагаан төглийн нинжа үүнийг нь зөвшөөрсний тэмдэг хэмээн бодоод цааш хайлааст орныг зорин одлоо. Өвгөн самуурай ийн бодов:

Залуу хүмүүний сэтгэл
Нэр төрт харанхуйлаад
Цагаан боловч хар
Хар боловч цагаан
Саарал боловч алаг
Алаг боловч саарал болжээ.
...

Үүнээс цааш өвгөн самуурайг ярихаа болъё! тэр бол гүн ухаанд боловсорч буй самуурай билээ. Үндэсийг нь ухах гэсээр байтал талаар нэг ногоо тарих биз. Цагаан төглийн нинжа цааш сурсан дуугаа дуулан явахаас айн, гэтэн гэтэн явах болов. Тэгж явсаар харуй бүрийд хайлааст орны хар нинжагийн өргөөний өмнө ирлээ. Цагаан төглийн нинжа урхи байж магадгүй хэмээн сэм сэмээр гэтэн мөлхсөөр өргөөнд орлоо. Гол танхимын дунд нэгэн хүн хүлээтэй байгаа нь сарны гэрэлд тод үзэгдэнэ. Цагаан төглийн нинжа тайван бай! энэ бол урхи хэмээн өөртөө сануулж уртаар амьсгаа аваад эргэн тойрноо чих тавин чагнаж, хараа чилээн ажиглаж, хамар сунган үнэрлэв. Ажиг сэжиг байсангүй тул нэг харайгаад л танхимын голд буулаа. Сандалтай этгээдийг хайрт минь гээд л тэвэртэл хөл доор нь харанхуй хонгил онгойн газар дэлхий цөмөрчихлөө. Харайн зугтах гэтэл зүүж яваа сэлэм нь соронзон сандалд тагтан түүнийг чангаав. Цагаан төглийн нинжа ААААаа гэж нэг муухай орилоод үр мөргүй болов.

Унаж байхдаа Цагаан төглийн нинжа сэлмээ бүснээсээ суга татаад сандал дээр хүч аван харайж хананд хүрэв. Гэвч ханаар дүүрэн тос нялсан тул яаж ч чадалгүй муухай царайлан доошоо гулгалаа. Нинжа тулдаа л энэ эсэн мэнд газардав. Эргэн тойрноо ажиглавал хана, тааз нь харагдахгүй хөндий хоосон агуйд унасан байжээ. Аз болж агуйн голд хайрт гүнж нь хүлээтэй харагдана. Зэд болж мянган толгойтой, махир бохир хумстай мэлхий мангас урд нь үзэгдэнэ. Хайлааст орны хар нинжа нуруун дээр нь суучхаад аймшигтай муухай нарийн хоолойгоор инээгээд:

Цагаан төглийн нинжа чи манай эцэг эхийг хороосон билээ! Одоо би өшөөгөө авч байна. Ногоохон минь урагшаа гэвэл мянган толгойт, махир бохир хумст мэлхий доош суугаад нэг харайн цагаан төглийн нинжа дэргэд буугаад ирлээ. Цагаан төглийн нинжа, од ч үгүй сэлэм ч үгүй тул тулалдаж чадахгүй хий л тийшээ нэг , ийшээ нэг бултана. Хамгийн зовлонтой нь мянган толгойноос нь гарах мянган сум шиг хэл ажээ. Буусан хад болгоноо бутлан цөмлөн сорох аж. Ингээд өдөр шөнө мэдэгдэхгүй харанхуй нүхэнд өчнөөн удаан алалцсаны эцэст газар дээр гараад ирчихсэн байлаа. Мянган толгойт, махир бохир хумст мэлхий агуйн ханыг цөмлөсөөр өөр дээрээ үхлээ дууджээ. Учир юун хэмээвээс тэр хоёр гарч ирэхдээ өвгөн самуурайн суудал доороос гараад ирж. Өвгөн самуурай бясалган суувч сурсан юмыг сураар боож болохгүйн адил гэнэт газар доороос гарж ирсэн аймшигт мангасыг өөрийн мэдэлгүй цавчаад алчхав. Хайлааст орны хар нинжа ийм юм болно чинээ санаагүй байсан тул хөөрхий амьтныхаа араас уйлан нулимс дуслуулан шүд зуусаар нэгэн цагт ахин өшөөгөө авахаа андгайлсаар өргөөндөө буцав гэнэ. Цагаан төглийн нинжа өвгөн самуурайд талархан ёслоод амь аварсан ачтан тантай хэрхэн тулалдах билээ. Миний амь таны гарт гэвч хайрт бүсгүйгээ аврахыг минь зөвшөөрөө ч. Үүний дараагаар цагаан төглийн нинжа би даруй ирж толгойгоо тушаана гэвэл өвгөн самуурай:

Бясалгаж байсан би
Мянгыг хөнөөх
Ахиад нэг хэтрэхгүй гэж үү!? хэмээн гунигтай өгүүлсэн тул цагаан төглийн нинжа. Өвгөн самуурайд ёслон нэг өдөр ачийг хариулахаа амлан хайрт бүсгүйгээ агуйгаас аврахаар одов оо. Өвгөн самуурай нулимс дуслуулан долоон жилийн цусгүй бясалгал ингээд өнгөрлөө гэж үү!? ээ өгөр толгой хэмээн өөрийгөө хараасаар өөр эзэнгүй газар олж бясалгахаар бадарчлав. Энэ хооронд цагаан төглийн нинжа, хайрт бүсгүйгээ авран нутаг орондоо хариад аз жаргалтай амьдран суужээ.

Comments

  1. Уншиж байхдаа цагаан төглийн нинжа хайртай бүсгүйгээ аварчихаад самуурайд толгойгоо таслуулаад гунигтай төгсөх нь дээ гэж бодож байсан чинь харин аз жаргалтайгаар төгсдөг юм байна. Яг энэ блог шиг нь миний одоо үзэж байгаа кино ч гэсэн жаргалтай төгсөөсэй

    ReplyDelete
    Replies
    1. Өмнө нь үлгэр дандаа аз жаргалтай төгсөхөд дургүй байсан гэх юм уу. Амьдралд бүх юм аз жаргалтай төгсдөггүй болохоор гунигтай төгссөн үлгэрч гэсэн байх ёстой гэж бодоод бичдэг байсан. Тэгээд дараа нь угаасаа амьдралд гунигламаар муухай зүйлс олон байхад бага ч гэсэн өөдрөг зүйл бичвэл гоё юм болов уу гэж боддог болсон. Гэхдээ яг тэгж бичиж чаддаггүй. Яг үнэхээр өөртөө таалагдсан өөдрөг зүйл бичихэд лаг хэцүү санагддаг. Тэгээд энэ талаар хичээж бичсэн юм гэх юм уу.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...