Skip to main content

Гэрийн буг

Өрөөсөн оймс минь алга болчхоод намайг мөн ч их зовоодог байлаа. Сүүл сүүлдээ бүүр дандаа өрөөсөн оймстой үлдэх дөхөв. Энэ бүхэнд хэнийг буруутгахаа мэдэхгүй хий дэмий л бухимдаад л. Ямар өрөөсөн оймс өмсөөд яваад байлтай биш.

Нэг орой унтахаар орондоо шургасан боловч нойр хүрэхгүй гар утсаараа тоглож байв. Харанхуйн гүнд үл мэдэг түчигнэх дуу гарсанд гайхан чих тавин хэвтлээ. Яах аргагүй хувцасны шүүгээнд хулгана байна уу!? гэлтэй байх юм. Гайхан гэрлээ асаан үзсэн боловч юу ч байсангүй. Эргэж хэвтээд чимээ чагнавал нам гүм байсанд буруу сонсож хэмээн бодоод унтахыг хичээн тааз гөлрөн байтал түг түг гэх өнөөх чимээ яах аргагүй ахин дуугарав. Бушуухан шиг харайн босоод үзсэн боловч урдын л адил хов хоосон. Хэсэг зуур шүүгээгээ гөлрөн суусан боловч өт хорхой ч үзэгдсэнгүй. Эцэст нь өөрийн эрхгүй эвшээлгэн нүд анилдаж эхэлсэн тул эргэн хөнжилдөө эрхлэв.

Хар дарсандаа цочин сэрвэл аниргүйд өнөөх түчигнээн цуурайтаж байх юм. Энэ удаа гэрлээ асаахгүйг шийдэн утсаа аван бичлэг хийгчийг нь шөнийн төлөвт тавиад шүүгээ рүүгээ чиглүүлэв. Ямар нэг зүйл харагдсангүй. Түг түг хэмээх чимээ дуугарсаар л. Өөрийгөө зүүдэлж байна хэмээн бодон тэвчээртэй хэвтлээ. Нүд анилдан давсандаа явах аядаад ирсэнд зүүдэн дотроо унтах нь хэмээн хачирхан бодоод утсаа байранд нь тавихаар өндийтөл шүүгээ маань өөрөө онгойх үзэгдэв. Сүнс гэсэн бодол толгойд орж ирэх төдийд зүрх минь амаар гарчих шиг болсонд гүд хийтэл эргүүлэн залгиад бичлэгээ ахин хийж эхэллээ. Айж байсан ч юутүби дээр бичлэгээ тавин үзэгчид олондоо гэсэн бодол өөрийн эрхгүй шунал хөдөлгөн айдсыг минь тушна. Тэгтэл төө чинээ биетэй, цүдийсэн гэдэстэй, хүн төрхтэй амьтан шүүгээн дотроос авиран гарч үзэгдэв. Нүдэндээ ч итгээгүй би утасны дэлгэцээ гөлийн байтал өнөөх этгээд чинь ганц үлдсэн хос оймсны маань өрөөснийг чирсээр гарч ирж байх юм. Хамаг уур бухимдал цээж, зүрхийг минь зад татсанд харайн босож өнөөх этгээдийн шилэн хүзүүнээс нь базаад авлаа.

Аааа хэмээх чарлаанд нь цочсондоо өнөөх этгээдийг чинь хаалга өөд чулуудчихав. Тэгээд өрөөсөн оймсны хулгайчаа алдсандаа сандран гэрлээ асаан төө хүнийг хайсан боловч ямар ч ул мөр үзэгдсэнгүй. Өрөөсөн оймс маань ч алга болжээ. Юу болоод өнгөрснийг ухаарч ядан утсан дээрх бичлэгээ давтан, давтан үзлээ. Яах аргагүй өдөр байсан хос оймс маань одоо өрөөсөн болчихсон гарт минь хэвтэнэ. Нөгөө өрөөсөн нь төө биетэн хулгайчийн гарт оржээ. Интернэтэд бушуухан орж бичлэгээ тавив. Оймсны хулгайч хэмээх нэр өгөөд хүлээлээ. Үзэгч нэг, хоёр гээд ахин нэмэгдсэнгүй. Сэтгэгдэл дээр нь намайг хараасан нэг л зурвас байв. Хүмүүс хэр их үзэж байна хэмээн байн байн орж үзэж байтал нэг мэдсэн утчихаж. Хөөе чи бас л шөнөжин тоглоо юу? хэмээх ээжийнхээ дуугаар сэрэн цагаа харвал найман цаг болж байлаа. Үгүй ээ! даалгавраа хийж байсан юм хэмээн амандаа бувтнан үглэхээс нь зугтан шүршүүрт оров. Урд шөнийн болсон явдал зүүд мэт санагдана. Арай зүүдэндээ явдаг болчихсон юм биш биз дээ!? хэмээх бодол толгойд орж ирэх төдийд уншиж байсан зүүдэндээ явагчдын хэдэн арван тохиолдлууд санаанд буув. Би тэдний нэг болсон гэж бодохоос хөгтэй ч юм шиг, харамсмаар ч юм шиг санагдана. Гэнэт өөрийнхөө бичлэгийг санан бушуухан уснаас гараад утсаа шалгалаа.

Зүүдлээгүй байжээ. Юүтүбээ шалгавал зуун хэдхэн үзэлт тэмдэглэгдэж. Сэтгэгдлүүд нь бүгд намайг хараасан байлаа. Энэ бүхэнд сэтгэлээр унасан би хөмхийгөө зуун оймсны хулгайчийг бариндаа хэмээн андгайлав. Гүүглээр оймсны хулгайч хэмээн хайсан боловч юу ч олдсонгүй. Монгол үлгэр домгийн амьтадын тухай судалгааны хэд хэдэн ажил уншсан боловч ямар ч оймсны хулгайчийн тухай өгүүлсэн зүйл байдаггүй. Гэдэс хоржигнон өлсөхөд гайхан харвал аль хэдийнээ арван нэг өнгөрчиж. Эхний хичээлээ нэгэнт тасалчихсан тул яаралгүйхэн шиг хувцаслаад гэрээс гарлаа. Нар чи ингээд хий юм хар гэсэн шиг байдгаараа төөнөн нүүр үрчийлгэнэ. Нүдээ онийлгон хөөрхөн охин харагдах нь хэмээн горьдонгуй харц чулуудаад урамгүйхэн нийтийн унааны буудал зүглэлээ. Оймсны хулгайчийг хэрхэн барих талаар л бодол эргэлдэнэ.

Хичээл дээрээ яаж түүнийг байж болох талаар л бодно. Найзууддаа бичлэг үзүүлсэн боловч хэн ч итгэсэнгүй. Инээлдээд л өнгөрлөө. Харин ч шоолоогүйд нь баярлах зүйтэй болов уу!? гэмээр санагдав. Харих замдаа Нарантуулаар орж хужаагийн муу оймсноос арвыг авлаа. Тэр орой бүгдийг нь задлан шүүгээндээ хийчхээд хүлээлээ. Хэвтээд л байв. Хэвтээд л байв. Гэвч чимээ гарсангүй. Сэрүүлгийнхээ дуунаар сэрэнгүүтээ яаран шүүгээгээ үзвэл арван хос оймс бүгдээрээ атийна. Нэг ч дутсан юм байсангүй. Баригдсанаасаа болоод ирэхгүй байна уу? хэмээн бодон хэд хоног харзнах хэрэгтэй юм болов уу хэмээн бодов. Мөн дээрээс нь шөнө болгон нойргүй хүлээж чадахгүй гэдгээ ойлгон хэн нэгнээс бичлэг хийгч зээлэх хэрэгтэйгээ ухаарав. Өдөржин бичлэг хийгч хайсны эцэст арай гэж нэг хуучиндуу юм олж авав. Мөн жижигхэн хонх олж шүүгээнийхээ бариулаас уялаа. Тэр орой хонх жингэнэсэнгүй. Бичлэгт ч юм үлдсэнгүй.

Энэ маягтай долоо хоносон боловч оймсны хулгайчаас сураг дуулдсангүй. Бичлэг хийгчийн эзэн нь асууж сураглаад болохоо байсан тул ээргүүлж өгөхөөр шийдлээ. Хужаа оймс өмсөхөөр хөл чийгтээд байсан тул шинээр Монгол хэдэн оймс худалдаж авав. Оймс авахаар явж байхдаа магадгүй хулхи оймс голоод байж болох юм гэж бодсондоо өөрийгөө шоолсон боловч хамгийн сайн гэсэн оймсноос нэгийг худалдаж авсан байлаа. Ингээд хамгийн сүүлчийн удаа шинэхэн оймснууддаа найдвар тавин хүлээлээ. Харанхуй болов уу!? Үгүй юу орондоо орон түүнийг тэсвэртэйгээр хүлээв. Заримдаа түнэр харанхуйд унтаад байгаа, сэрүүн байгаагаа үл ялгах ч чимээ аниргүйг эвдэх түчигнээн эсвэл жингэнээн хүлээн хэвтсээр л.

Жийн жийн хэмээн жингэнэх дуунаар бичлэг хийгчээ харлаа. Шүүгээний хаалга үл ялиг онгойсон байв. Аан чи муу баригдав уу!? Муу оймсны хулгайч хэмээн хөмхийгөө зуугаад алдахгүйн тулд гарч ирэхийг нь хүлээн бие оторлон яг л ангаа барих гэж буй муур төрөлтөн мэт хэвтэв. Урдаас бэлдсэн байсан тороо гартаа хэтэрхий чанга атгаснаас янгинан өвдөж байсан тул хулгайчийг барихад хамаг анхаарлаа төвлөрүүлэн хүлээлээ. Төө биетэн хэсэг түжигнэсээр шүүгээнээс аажуухан авиран гарж ирлээ. Одоо л барьж авах хэрэгтэй хэмээн өөртөө хэлээд нэг л харайлтаар шүүгээнийхээ дэргэд очин шөнийн этгээдийг торлоод авав. Юу болсныг ойлгоогүй бололтой оймсны хулгайч байдгаараа тийчлэн чарлана. Урдаас бэлтгэлтэй байсан тул хашхиралтад нь цочин түүнийг алдаж явуулсангүй. Барьсан этгээдээ харахаар гэрлээ асаатал саяхан торонд байсан төө биетэн алга болчхов. Гэвч торонд нь ямар нэг юм байгаа нь жингээрээ мэдрэгдэж байлаа. Гэрлээ эргүүлэн унтраавал оймсны хулгайч эргэн гарч ирлээ. Түүнийг ширээн дээр тавин хөшгөө яраад сайтар ажиглав.

Тэр яг л хүн шиг агаад цүдийсэн гэдэс нь ахимаг насны эрийг санагдуулна. Гэвч ямаан сахал нь хорь гарам насных гэдгийг нь илтгэх мэт. Шөнийн харанхуйд уусах гэсэн мэт хар өмд, хар цамц өмссөн мөөртлөө цагаан бүс зүүжээ. Миний оймсны өрөөснийг гартаа атгасан хэвээр намайг ууртайгаар ширтэнэ. Гэвч зүрх нь эвдэрсэн цаг мэт учир зүггүй эргэлдэнэ. Сайн уу? гэсэн боловч хариулсангүй. Миний ярьж байгааг ойлгож байна уу? Тэгвэл толгойгоо дохиорой гэсэн боловч тэр намайг үзэн ядсан харцаар ширтсээр л.

Түүнийг байдгаар нь савчин хамаг уур бухимдлаа гаргамаар санагдсанд өөрөөсөө айх шиг болов. Гүнзгий амьсаа аван хэсэг азнавал. Чи яагаад намайг байдгаар нь савчин, цохиж алсангүй? хэмээн жингэнэсэн хоолой дуугарав. Аан, уун хэмээн бувтнан байтал тэр ахин асуулаа. Хэн нэгнийг алах хүсэлгүй байгаагаа хэлбэл тэр сая л тайвшрах шиг болон өрөөсөн оймсыг минь надаас харамлах шиг бөгсөн доороо хийн суув. За тэгээд надаар яах гэсэн юм бэ? гэж арга ядсан дуугаар тэр асуув. Юу яах гэж чи өөрөө миний оймснуудыг хулгайлаа биз дээ? Гэвэл толгой дохихоос өөр юм хэлсэнгүй. Яагаад өрөөсөн оймс хулгайлдаг юм бэ? гэвэл энэ чинь бид нарын хийдэг ажил байхгүй юу хэмээн тайлбарлангуй хэллээ.


    Бид нар гэж хэн билээ?
    Гэрийн буг нар.
    Гэрийн буг аа?
    Тийн.
    Та нар олуулаа юу?
    Олон гэдэг нь хэд гэдгээс л болно доо.
    Яах вэ дээ!? Хэдэн мянга уу?
    Тэгвэл олоон!
    Та нар оймсоор юу хийдэг юм бэ?
    Хэлбэл чи намайг явуулах юм уу?
    Ммм. Би үгүй л гэж бодож байна даа!
    Тэгвэл яавал чи намайг явуулах юм?
    Өөрийг чинь явуулна гэж бодохгүй л байна шүү! Чамайг хүмүүст үзүүлбэл би хэчнээн баян болохыг бодооч

хэмээн хэлэх төдийд л гэрийн бугийг алах хүсэл аймшигтай ихээр төрлөө. Хэдэн арван алах арга толгойд ээж дараалан цуварна. Өөр өөрийнхөө ийнхүү авирлаж байгаадаа гайхсан боловч яаж ч чадахгүй байлаа. Эцэст нь гэрийн бугийг шүүрэн авч шидэх гэтэл гарт минь түүний аажуухан цохилох зүрх мэдрэгдэв. Түг түг хэмээн яг л үхлээ хүлээн байх шиг санагдсанд түүнийг бушуухан шиг торноос нь гаргалаа. Тэгээд орон дээрээ үсрэн гараад өөр өөрөөсөө айн буланд шигдэв. Гэрийн буг над уруу инээмсэглэн баярлалаа гээд ширээнээс буун хаалга зүглэв. Хүлээгээрэй хэмээн араас нь хашхираад Та нар оймсоор яадаг юм бэ? гэвэл өрөөсөн оймс манай тэнд амь ордог тул бид хариулж өсгөн үржүүлдэг юм гэсээр харанхуйд уусан алга болов. Оймсны хулгайч манайд ахин зочилсонгүй. Хэчнээн сайн оймс тавьсан ч алга болсонгүй.

_______________

Шөнө уншиж байгаа хүн байвал сайхан амраарай. Өдөр уншиж байвал өдрийн мэнд. Өглөө уншиж байгаа бол өдрөө сайхан өнгөрүүлээрэй. :)

Comments

  1. zuudnde avsan zurgiig harj boldog bolmor bn ta hiigerei ireeduid

    ReplyDelete
    Replies
    1. Тэгж би чадах юм болов уу даа. Миний эрдэм мэдлэг, хүч чадалаас хэтэрсэн мэт санагдана.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...