Skip to main content

Нэг алхам

Хэнийг алж болох юм гэсээр Бадрал хутгаа эргүүлэн орж ирэв. Мөнх захирал хөмсгөө зангидан ширээгээ тохойлдоод Бадрал уруу харц чулуудан, Эрдэнэд хандан "чимээгүйхэн хийх хэрэгтэй шүү! " гээд гар дохив. Эрдэнэ муухай жуумалзан Бадралыг чирсээр гарч одлоо. Бадрал бол зэвсгийн мэргэжилтэн агаад Эрдэнийн ганц урдаа барьдаг мэргэжилтэн нь билээ.

Эрдэнэ Бадралд дугтуйг гардуулаад утсаар ярин ажлынхаа төлөвлөгөөг эхэлжээ. Бадрал дугтуйг задлан доторх зүйлстэй нь танилцвал хэдэн зураг мөн гэрээний хувь байх аж. Эхнэр нөхөр хоёрыг хүүхэдтэй нь алах захиалга иржээ. Бадрал гадаадад цэргийн сургууль төгссөн болоод ч тэр үү!? олон дүүтэй байсан болохоороо ч тэр юм уу!? хүүхэд алахгүй гэсэн зарчимтай билээ. Харин Эрдэнийн хувьд хөлсийг нь л өгч байвал ээжийгээ алахаас ч буцахгүй нэгэн. Сахлаа илээд л хэдийг өгөх юм бэ? гэсэн харцаар ширтэнэ. Нөгөө талаас Мөнх захирлын үгийг дагахгүй бол энэ төрлийн бизнест тийм ч амжилттай байхгүй нь ойлгомжтой байлаа. Бадрал дугтуйг Эрдэнэ өөд шидчихээд би Америк явлаа. Энэ удаа өөр хүнээр хийлгэчих гэсээр гарч одов. Эрдэнэ дугтуй өөд харц гүйлгээд учрыг ойлгосон тул дуугаа өнгөрөв.

Бадрал амралтаасаа иргэн ирлээ. Ажлын утсаа асаах төдийд нь хэдэн арван зурвас, төдий тооны алдсан дуудлага үлджээ. Бүгд Эрдэнээс байх аж. Бадрал зурвасуудыг гүйлгэн хараад хэрэг биш болсон гэдгийг ойлголоо. Эрдэнэтэй холбоо барихыг хичээвч үл чадна. Бадрал өөрөө араатны үүрэнд орсноо ойлгов. Эргэн тойрноо илүү хянуур шинжив. Өөрийнх нь нууц задарсан байж болох байлаа.

Хүүхдээс болоод ажлаас зугтан Эрдэнийг орхин утсаа унтраасандаа өөрийгөө зүхнэ. Тэгэвч өөрөөс нь өөр Эрдэнийг ийнхүү мухардуулах хүн байна гэж хэн санах билээ. Онгоцны буудал дээрээс урьдчилж бэлдсэн тэргэндээ суун шууд нууц байран дээрээ ирэв. Машинаа зайтайхан тавьчхаад эргэн тойрныг шүүн үзлээ. Ямар нэг онцын тэмдэг байсангүй. Хаалганы лац ч гэсэн бүтэн хэвээрээ байх аж. Юмыг яаж мэдэх гээд дуудлагын хоол захиалга өөрийнхөө хаягаар дуудав. Юу ч болсонгүй. Бадрал сая нэг санаа амрав.

Өрөөндөө орохын өмнө хөргөгчийн урд зогсох мэт жихүү даав. Бадралын хариу үйлдэл үзүүлж чадалгүй үл таних этгээдэд цохигдон ухаан балартлаа. Сэрэх үед Бадралын өмнө цэмбэгэр хувцасласан жаал зогсоно. Нэг л танил харагдах төрх нь бага багаар тодорсоор удалгүй толгойд нь буулаа. Бадралын гүйцэтгэхээс зугтсан даалгавар дээр байсан хүү аж.

Өнөөх жаал Бадралын ухаан орсныг анзаарсан бололтой утаснаасаа толгой өндийлгөн. Хэн чамд захиалга өгсөн хэмээн шууд ажил хэрэгтээ оров. Бадрал үг эс дуугарна. Эргэн тойрноо ажин боломжийг хүлээх аж. Жаал Бадралын бодлыг унших мэт бодож байгаа зүйл чинь бүтэхгүй. Энэ өрөөнөөс гарах ганц л арга байна. Чи эсвэл би үхэх. Одоохондоо би үхэхэд тийм ч бэлэн бус байна. Тэгэхээр эргээд асуултдаа оръё. Хэн чамайг явуулсан бэ? Жаал хариулт ч хүлээлгүй гарч одов. Хүүтэй зөрөн цонхийсон төрхтэй горзгор эр гартаа жижиг цүнх барьсаар орж ирлээ. Цүнхнээсээ боодол гарган задалбал элдэв төрлийн багаж үзэгдэнэ. Хэдий удаан, хэчнээн удаа тарчлуулсан аа мартаж орхиж. Өдөр шөнийн хязгаар ч мананд дарагдан, Бадрал үхлээс нэг ирэн, нэг одох ажээ.

Нэг нүдээ нээх үед жаал өмнө нь явган суун өөрийг нь ширтэж байх юм. Чи яагаад Америк явсан юм? Бадралын хэл өөрт нь захирагдахаа болиод өөрөө бултганав ч авиа үл гарна. Тамир нь тасраад, үг нь залгигджээ. Жаал асуултаа давтав. Бадралын хоолой гүрвэлзэн үхлийн багалзуураас салах гэж тэмцэлдэж буй мэт үзэгдэнэ. Жаал огцом босон Бадралын хүзүүнээс хазаад авлаа. Бадралын нүд анилдан, ухаан нь балартана. Хөл, гарын хуруунаас цус аажуухан ухран үлдсэн бага тамир нь ховх сорогдох нь мэдрэгдэнэ. Бадрал үхэж байгаагаа ойлголоо. Тэгэвч жаал хүүгийн хийж буй зүйл үхэж буй тархинд нь үл наалдана.

Өмхий самхай хамар сэтлэм ханхална. Бадрал хар дарсан зүүднээс сэрсэн мэт санагдан өрөөнийхөө гэрлийг асаах гэсэн боловч гар нь үл захирагдана. Жаал хүүгийн сүүлчийн үгс чихэнд нь жингэнэнэ. "Бид нартай орооцолдох хэрэггүй л байсан юм даа." Энэ бүх үл ойлгогдох бодол, үнэрийг сэт цохион хачин их хүсэл тэмүүлэл сэтгэл дотор нь ургав. Үл мэдэг сонсогдох шивнээ үгсийг шүүрч, эзнийх нь хүзүүнээс хазан хамаг цусыг нь сормоор санагдана. Бадрал өөрийн мэдэлгүй хөл дээрээ бослоо. Эргэн тойрон цогцос хэвтэнэ. Дон мэт хүсэл зүрхийг нь улам эзэлнэ. Бадрал үлдсэн өчүүхэн хүчээ шавхан зөн совингоо дагалаа. Хамаг биеэр нь халуу дүүгнэ. Хүч тэнхээ нь эрчтэй сэргэнэ. Бодлоо төвлөрүүлэн юу хийж буйгаа ажиглавал нэг залууг дарчихсан цусыг нь сорж байх аж. Энэ бүхэн түүнд тийм ч сонин санагдсангүй. Цус сорогч гэсэн бодол л хэсэг зуур харван орж ирэв.

Бадралын цус сорох хүсэл улам ихэснэ. Хэдэн сар шинэ донгоо дарах гэж оролдсон авч ахин дахин бүтэлгүйтсээр л байлаа. Тамир тасран унаад сэрэх бүртээ хэн нэгний цусанд хутгалдан хэвтэнэ. Амьдралын булгаас нь сорсон үзэгдэнэ. Төрөл бүрийн төмрөөр элбэг хоол идсэн ч тус үл болно. Гэдэс нь өвдөж гүйлгэхээс цаашгүй. Гагц түүхий элэг л ходоодонд нь наалдан ар, өврийг нь эс уулзуулна. Бадрал жаал хүүгийн талаар шинэ, шинэ мэдээллүүд олж мэдэв. Жаал үнэндээ арван настай харагдах ч гурван зуу лав илүү настай аж. Өөрийнх нь олсон хамгийн эртний бичээсээр л тийм боловч түүнээс ч хөгшин байж болох юм. Бадрал тахал мэт тараасан түүний хараалыг байдгаараа үзэн ядна. Өшөө авах хүсэл нь цус сорох донтой нь буцална.

Жаал хүүгийн харшийг тойруулан хэд хэдэн дурантай буу зоолоо. Бүгдийг нь алсын удирдагчид холбон утсандаа уяв. Бүхнийг зэрэг хийх хэрэгтэй эс бөгөөс өшөө хорсолдоо дарж үл дийлнэ. Нэг хоёр гурав. Нүдэнд үзэгдэх хамгаалагч бүрийг автомат буунууд нь алдалгүй унагав. Цус сорогчид зориулсан мөнгөн сум.

Бадрал тэсрэх бөмбөгтэй жижиг машин урдаа явуулан араас нь ачааны тэрэгтэй харш өөд дайран орлоо. Сурсан бүхнээ хэрэгжүүлэн сум бүрийг байнд нь тусгана. Шууд явсаар Жаалын өрөөнд орж ирэв. Жаал юу ч болоогүй мэт Бадралыг ширтэнэ. Бадрал хэтэрхий тайван буй жаалаас хэсэг болгоомжлон азнаад өс хонзондоо захирагдана ухасхийн дайрав. Жаал Бадралын санаанд оромгүй хүчтэй аж. Бадрал мөнгөн хутгаа бүлэх бүрийдээ хий хатгана. Эцэст нь Бадрал хутгаа хаян гардан тулаанд оров. Сүүдэрт автсан зүрх нь цусанд улангасна. Жаалын хүзүү сар мэт нүдний нь өмнө гялалзана. Бадрал арслан бар мэт атийн, тамир тэнхээ мэдэн харайгаад Жаалын хүзүүнд шинэхэн соёогоо шигдээв. Жаал гүехэн санаа алдаад. Миний хүү хэмээв. Бадрал юу хийж буйгаа далдхан мэдэж байлаа. Тэгэвч бууж өгөхийг үл хүснэ. Хоёр гараа мушгин Жаалын хүзүүг хуга мушгив. Жаалын нүүр муухай татвалзан, хүзүү нь гулжийж толгой нь савлуур мэт санжганана.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...