Skip to main content

Цэцэг ургуулагч бүсгүй

Намайг шуламд дурлах юм бол арван авдар алт өгнө гэж хаан андгай тангараг тавив. Би ч алт гэхээр нүд сэргэчихдэг хүн болохоор шуламд дурлахаар биш дурласан алтаа авахаар шулмын эрэлд гарлаа. Манай улсанд гурван шулам байдаг. Нэг нь аль өвөөгийн үед л байсан атигар хар хочит шулам хойд ууланд буй. Хоёр дахь нь өмнөд улсаас ирсэн эрээн толгойт нэртэй эмгэн шулам. Урд ууланд бүгдэг. Хамгийн сүүлчийнх нь харин харсан болгоноо дурлуулж алдаг хэмээх хорт сарнай хочит баруун нуурын шулам. Хэдий алтнаас болж байгаа ч гэсэн үхэх дээрээ тулбал гоо сайхан хараад үхнэ ээ гэж бодсон би мэдээж хорт сарнайг сонгов. Ингээд гурван өдөр, хоёр шөнийн аялалдаа гарч идэж уугаад наргиж цэнгэсээр сарын дараа нуурын эрэгт ирлээ.

Харанхуй шөнө ирсэн болохоороо ч тэр үү!? нуур аймшигтай үзэгдэнэ. Хав харанхуйд намайг ширтэх сар, сарны тусгал хоёр дотор хүйт оргиулна. Уусан архи аль хэдийн гараад одоо зүрх түг, түг хэмээн цохилох нь мэдрэгдэх ажээ. Хэдий айвч авдар алт ой тойноос үл гарах тул зорьж ирсэн хэргээ бүтээхээр эргэн тойрноор хэсүүчилж эхэллээ. Сарнаас болоод ч тэр үү!? өөр юмнаас ч болсон юм уу!? хэн нэгэн нь намайг цоо ширтээд байх шиг санагдав. Магадгүй хорт сарнай байж ч болох юм. Оройжин хайсны эцэст өглөө үүрийн гэгээ буух үед хуурай газар олж дээлээ дэвсээд нойрсохоор хэвтэв. Үнэндээ айснаасаа болоод гэгээ орохыг хүлээж байснаа хүлээн зөвшөөрье.

Унтсаар нүүрэн дээгүүр хорхой шавж гүйх шиг болоход сая сэрлээ. Тэгтэл дээрээс дүрлийсэн хоёр нүд өнгийж байлаа. Цочсондоо орь дуу тавин хашхирвал, тэр ч айсан бололтой муухай хашхичин намайг тэврээд авав. Түүнээс цэцгийн ариун үнэр ханхална. Би өөрийн эрхгүй тэрхүү сайхан үнэр мансууран улам шулангатан үнэрлэвэл нөгөө бүсгүй ч харайн босоод нөгөөх дүрлийсэн хоёр нүдээрээ намайг цоо ширтэв. Цагаан даашинзных нь хормой салхинд дэрвээд цэцэг мэт гунхсан хоёр хөлийг нь харуулна. Царай төрх нь төгс төгөлдөрт хамгаас дөхөөд эмэгтэй хүн ч гэсэн дуу алдан дурламаар ажээ. Би ч гэсэн энэ гоо сайханд дурлахгүйгээр яахан амьд явж чадах билээ тэр даруйд л дурлачихлаа. Дурласнаа мэдэнгүүтээ тэрийгээ нуухын тулд нүүр буруулан эргэн тойрныг ажвал энд тэндгүй цэцэгс ургажээ. Түүний зогсож байгаа газар луу нүд нь өөрийн эрхгүй эргэн харвал түүний хол доороос цэцэгс аажуухан дэлгэрч буй нь харагдана.

Хэлэх үгээ олж ядан байсан би гэнэт авдар дүүрэн алтаа саналаа. Эр хүн анхны хайраа мартдаггүй гэсэн үнэн бололтой би ч алтаа мартсангүй. Алт бодох төдийд өөрийн эрхгүй амнаас минь хорт сарнай шулам хаа байгаа бол гэсэн үгс уначхав. Цэцэг ургуулагч бүсгүйн нүүр улайгаад харц нь ширүүн болж ирээд чи яах гэсэн юм бэ? гэж асуухад нь би түүний гоо сайхны өмнө худал хэлж чадсангүй бүх үнэнээ өччихөв. Тийм бол энэ нуурын эрэг дээр гучин өдөр сууж, гучин шөнө залбирсаар ургахын улаан нарнаар эрхий хуруугаа хатган нэг дусал цус нуурт дусаагаарай тэгвэл чиний хүсээд байгаа хорт сарнай шулам чинь гарж ирнэ. Тэр үед өөрөө яахаа шийдээрээ гээд цааш эргэн алхлаа. Нүднээс нь нэг дусал нулимс дуслан солонго татуулсныг нь би анзаарсангүй.

Тийнхүү нуурын эргэ дээр би гучин хоног хэлсэн ёсоор байсны дараа ургахын улаан нарнаар цэцэг ургуулагч бүсгүйн хэлсэн ёсоор үйлдлээ. Тэгтэл газар дэлхий нийлэх шиг болж их салхи дэгдээд нуур хоёр хуваагдан дотроос нь аварга яст мэлхий хөлөглөсөн нэгэн бүсгүй гараад ирэв. Чи юу хүсээв? хэмээн бүсгүй асуулаа. Түүний байдал төрх нь гоо сайхан ажээ. Шөнийн харанхуйд уусах мэт хар даашинзаа од мэт хоёр нүд нь чимнэ. Хэдий тэр зүрх сэтгэлийг булаагч боловч би зүрх сэтгэлгүй болчихсон байж. Аль хэдийнээ түүнийг алдчихжээ. Би өнөөх бүсгүйд мэхийн ёслоод би чамд хайртай хэмээн хэлэх гэсэн боловч хэл маань гацаж хоолой маань бөглөрчхөв. Бүсгүй гэнэт аймшигтай муухайгаар надын өмнө чи яаж өөр нэгнийг бодож чадаж байна аа хэмээн орилсноо аварга том луу болоод хувирчхав. Сэлэм ч барьж үзээгүй номын мөр хөөсөн түшмэл би хэрхэн луутай тулалдах билээ. Хэдий тэгэвч үхчхэж арай болохгүй байлаа. Хайр сэтгэлтэй юмаа авахгүй, харахгүй бол үхнэ гэдэг утгагүй мэт санагдана. Айдас хэдий хамаг биеийг минь эзэмдэвч арай хийн хоёр хөл дээрээ босоод Хорт сарнай шулам чиний үзэсгэлэн гоо тэнгэрт тулж, далайд түгсэн нь үнэн билээ. Хэдий тийм боловч зүрх сэтгэлгүй болсон хөөрхий эр би яахаан өөрт тань дурлаж чадах билээ. Худал ярин таныг би мэхэлж чадах ч зүс царайн чинь сайханд уярсан би үнэнээ өчиж буй нь энэ билээ. Намайг тавиад явж болгооно уу? Луу болсон шулам галаар тургин, шуургаар үлээгээр чиний зүрх сэтгэл юунд үгүй болов хэмээн асуулаа? Би алт хэмээн хэлэх гэсэн боловч хэл маань залгигдан, хоолой минь базагдан, уушги минь агшаад хэлж чадсангүй. Тэгтэл зүрх сэтгэл минь цэцэг ургуулагч бүсгүй хэмээн хашхичив.
Хариултыг минь сонссон даруйдаа аварга луу тэнгэр өөд нисэн эргэн газарт шумбан дэргэд минь буухдаа цэцэг ургуулагч бүсгүй болон хувирав. Тэр даруйд хөл минь сөхрөн би цэцэг ургуулагч охины өмнө сөгдөн сууж газраас хамгийн үзэсгэлэнтэй цэцэгсийг өргөн бариад түүнийг болзоонд урилаа. Тэр тэгтэл үгүй чи дэндүү залуу байна хэмээн духан дээр минь үнсчхээд эргэн нууртаа ороод алга болов. Хэдий ихээр дуудан, хэдий удаан хүлээв ч тэр гарж ирсэнгүй.

Тэртээх олон жилийн өмнө болсон явдал энэ билээ. Гэр орон, албан суудлаа умартсан хүн би билээ. Анхны хайр алтаа ч мартжээ. Нуурын эрэг дээр насаараа амьдрав. Тавин жил үгүй ээ, жаран жил өнгөрчээ. Эцэст нь амьдралтай салах ёс гүйцэтгэх мөч ирэв. Эрлэгийн элч ирэн сүнсийг минь авахаар хажууд зогсох нь мэдрэгдэнэ. Би эцсийн удаа тэнгэр ширтэн, нарыг саравчлаад нүдээ анилаа. Эрлэгийн элч илдээ далайн амин голыг минь тастав. Сүнс минь аажуухан дээш хөөрсөөр биесээ сугарлаа. Эрлэгийн элч гарыг минь хүлээд авч явах гэтэл тэртээ тавь жар жилийн өмнөх шиг газар тэнгэр нийлтэл шуураад, нуур хуваагдсанаа аварга яст мэлхий хөлгөсөөр цэцэг ургуулагч бүсгүй гарч ирэв. Эрлэгийн элчийн гарт зурвас атгуулаад миний дэргэд ирснээ одоо чи нас бие гүйцэн ухаан суужээ. Хоёул амьдран суухад саадгүй болов. Чи урдын адил намайг хайрласаар уу? хэмээн асуув. Би гараас нь атган духын үнэрлээд. Би нэгэнт өвгөн болжээ. Цэцэг ургуулагч чамдаа хайртаа боловч хэрхэн чамд тэнцэх билээ хэмээн санаа алдвал тэрээр санаа зоволтгүй хэмээгээд уруул дээр минь үнсэв. Энэ үед биеэр минь тог гүйх шиг боллоо. Өвдөг минь тогтож, нуруу минь тэнийгээд үс минь зөөлөрч өнгө төрхөө олов. Цэцэг ургуулагч бүсгүй гараас минь атгаад явцгаая хэмээн дулаан нуурыг зүглэв. Аварга яст мэлхийн дээр суусны дараа сүүлчийн удаа хорвоо дэлхий рүү харц шилжүүлэн харлаа. Тэр яагаад ч цэцэг ургуулагч бүсгүйн гоо сайхны гүйцэхгүй ажээ.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...