Skip to main content

Галт тэрэг

Галт тэрэг уртаас урт үргэлжилнэ. Ногоон эрээн цуваа эгнээд зогсох мододтой сүлжилдэн харагдана. Бага байхдаа байнга л галт тэргээр өмнө хойшоо явдаг байсан санагдана. Шөнө бууж бууз хайна. Амт гэж авах юмгүй. Өлссөн болохоор л иддэг байсан биз. Сүүл, сүүлдээ галт тэргээр явахаар унтаж чадахаа больчихсон байлаа. Хамгийн сүүлийн удаа гэдгээ мэдээгүй байсан боловч одоогоор бол хамгийн сүүлийн удаа Хөх хотоос Улаанбаатар орох галт тэргэнд суулаа. Кабиндаа орвол нэг Хятад охин сууж байх юм. Ер нь байдаг Хятад охидоос нэлээд өндөр дээр нь царайлаг. Уул нь Хятад хэл сурсан боловч ярьж чаддаггүй би дуугай л суудал даа суув. Хэл мэдээж шалтаг байсан л даа. Монгол охин байсан ч ярихгүй л байсан байх.

Өнөөх охин ном уншина. Би ч ном уншина. Яг хөдлөхийн өмнө өөр нэг ах орж ирж суулаа. Ах гэж бодвол одоо байгаа надаас дүү л байсан байх даа. Өнөөх охинтой чинь яриа өдөв. Охин ч номынхоо дээрээс толгойгоо өргөчхөөд номдоо эргэн оров. Ах хүү бантсан уу!? яасан надтай буу халах гэж оролдов. Би хэд гурван үг солиод дээш гараад хэвтчихлээ. Доор суудал авчихаар хүмүүс унтуулахгүй суугаад байдаг болохоор дандаа дээд талын суудал авдаг байсан юм. Галт тэрэг хөдлөхөд бид гурав таг дүлий өөр өөрийнхөө буланд шигдсэн байлаа. Ямар ном уншиж байсан юм болдоо сайн санадаггүй. Нөгөө охин бол цагаан фодвалк, цэнхэр жинстэй байсан юм шиг. Худлаа таамагласан байж магадгүй. Нэг мэдэхэд гадаа харанхуй болжээ. Өрөөний хоёр юм иднэ. Юм идчихээр дотор муухай оргичих гээд байдаг болсон би гадаа гарч суув. Хээр талаар хятадуудын тарьсан мод зураарай. Монгол мод шиг энд, тэнд эрээлжлэхгүй цэрэг мэд эгнэн зогсоно. Сүүлд дуулах нь ээ тэдгээр нь их л гоё ургасан байгаа гэсэн. Монгол харин байх байдгаараа. Элс чулуу, өм цөм зүлэг ногоо.

Шөнө болж хүмүүс унтжээ. Урд хойгоор холхих хүмүүс үгүй болж. Би галт тэрэгний цонхоор тэнгэр ширтэнэ. Цонхоор тусах сүүмгэр гэрэлт алгын чинээ газар харагдаад түүнээс цааш түнэр харанхуй бүчин авна. Тэнгэрт одод гялтганаад сүрдмээр. Харанхуй юу, юугүй намайг бүрхээд авах гэж байгаа юм шиг. Өрөөний минь охин гадаа гараад зогсчхож. Юм ярих ёстой юм шиг санагдавч үгс нь орж ирэхгүй. Тэгтэл өөдөөс "Чи Улаанбаатарынх уу? " гээд асуулаа. Надтай юм ярьж байгаад нь уу!? Монголоор ярьж байгаад нь гэдгээ мэдэхгүй гацчихлаа. Охин өөдөөс тормолзоно. Аан тийм, хот орно. Чи хаа хүртэл явах юм. Охин ч Улаанбаатарт байдаг авга ах уруугаа айлчилж яваа аж. Сургуулиа төгсөөд ажилд орохоосоо өмнө аялж байгаа гэнэ. Яагаад Монгол уруу аялж байгааг нь ойлгосонгүй. Авга ах нь урьсан юм гэнэ. Хятад гэж бодож байсан бол үгүй Өвөр Монгол байсан байж таарав. Тийм болохоор Монголд ирий гэж бодсон байж болох юм. Тэр бид хоёр баахан юм ярив. Охин уул нь ажилд орохгүй испани хэл сураад Испани явж сурмаар байгаа аж ээ. Яагаад испани хэл сурмаар байгаа юм бол гэвэл багадаа сонсоод аймаар гоё хэл шиг санагдаж байсан гэв. Тэгж ингэсээр нэг мэдэхэд үүр цайж байсан тул хоёул унтахаар хэвтлээ.

Маргааш нь бид хоёрын ярианд ах хүү ч нэмэгдэв. Урагшаа хойшоо явж наймаа хийдэг юм байна. Нэг Хятадтай хамтарч ажилладаг байсан чинь орчуулагч Өвөр Монгол нь өнөөх хоёрын хамаг мөнгийг аваад зугтчихаж. Тэгээд яахав мөнгөө олж авах гээд Хөх хот орсон нь тэр байж. Хятаддаа олдохгүй байгаа хүн Монгол залууд яаж олдох уу? арга барагдаад буцаж байгаа юм гэнэ. Уул нь нэлээд хөрөнгөтэй эр аж ээ. Тэгж ингэсээр Эрээнд ирлээ. Дугуйгаа сольдог болохоор их удна. Оросууд өргөн замтай тэрийгээ Монголд тавьчихсан. Хятадууд арай өөр нарийхан замтай юм шиг байгаа юм. Тэгээд орж гарч байгаа галт тэргүүд дандаа Эрээн дээр дугуйгаа солино. Дор хаяж зургаан цаг болдог шиг санагдана. Өнөөх охин Эрээнийг үзэж байгаагүй гэнэ. Би яахав өчнөөн орж гарч ээж, эгч дагаж бараа дарж байсан юм болохоор зах махыг нь бол гарын таван хуруу шиг ээ мэднэ. Охинд тэгээд нутгийнх нь хотыг би үзүүлэхээр болов. Зах оров. Талбай дээгүүр нь хэсэг алхлаа. Өмнө нь ирж байсныг бодвол үнэхээр сайхан цэвэрхэн болсон байлаа. Дөрөв, тавхан жил л санагдана. Дараа нь Замын-Үүдэд орж ирлээ. Манай улс юм болохоор би бас газарчлав. Үзэж харах юм байсангүй. Нэг байсан цэцэрлэг нь овоо сайхан мод, зод тариад гоё болчхож. Тэнд хэсэг сууж юм ярилаа. Яг юу байсан юм бол санадаггүй. Охин өөрийнхөө мөрөөдлөө л ярьж байсан шиг санагдана. Тэндээс мөн л шөнөжин буу халав. Хоёр хотоор газарчилсан болохоор гурав дахь хотоор нь бас газарчлахаар болоод утсаа өгөөд саллаа.

Хэд хоногийн дараа өнөөх охинтой уулзав. Урт даашинз өмсөөд улам хөөрхөн харагдана. Оюутан би ямар л мөнгөтэй байв гэж тэр үед ч хотод үзэж харах юм нээх их байсан биш хамгийн эхэнд зайсан орлоо. Түүхийг нь тайлбарлаж өгөх гэсэн боловч сайн мэдсэнгүй. Оросууд болон дэлхийн хоёр дугаар дайнтай л холбоотой гэлээ. Зургийг нь хараад бурсан ч байсан мэднэ. Дараа нь Богдын музей оров. Тэгээд үндэсний түүхийн музей үзлээ. Өөрөө орж үзэж байгаагүй болохоор хамтдаа бараг түүхий сурцгаав. Орой нь хоолонд орохоор Баянгол зочид буудал орж суулаа. Тухайн үед хоол нь 25мянга байсан гэхээр их л үнэтэй байсан бололтой. Пөөх гээд шокт ороод байж байтал охин ч өнөөдөр зөндөө их баярлалаа би хоол авч өгий гэв. Тэгвэл яах юм бэ! энэ үнэтэй газар байна. Өөр газар орсон нь дээр гэсэн боловч зөндөө явсан болохоор ядраад байна аа, эндээ орчий гээд тэндээ суув.

Монгол бандитай уулзах гэж байгааг нь мэдээд авга ах нь их л дургүйцсэн гэх юм. Би яахав жоохон удаан ойлгодог юм болохоор яагаад гэдгийг нь сайн ойлгосонгүй. Дараа нь мэдэх нь ээ нэлээд хөрөнгөтэй нөхөр байсан юм байж тэгээд нэг муу оюутан банди дүү охиных нь толгойг эргүүлээд байна гэж бодсон юм шиг байгаа юм. Би юун тэр талаар бодох зүгээр л ийм хөөрхөн охин яагаад надтай уулзаад явж байгаа юм болдоо авга ах нь урьсан юм чинь цугтаа явдаггүй юм байх даа гээд л гайхаад явжийсан байгаа юм. Орой нь охиныг гэрт нь хүргэж өглөө. Маргааш нь тэрэлж явна гэж байв. Ирээд ахиад уулзахаар боллоо. Орой байсан болохоор автобус зогсжээ. Зүүн дөрвөн замаас нэг дүгээр хороолол уруу алхав. Би бас тэгж байгаад хэтэрхий гэнэн байсан юм шиг. Эсвэл өөртөө хэтэрхий итгэлгүй юм болов уу. Аль аль нь ч байсан байж мэднэ. Хэд хоногийн дараа охин утсаар ярилаа. Авга ах нь ээж, аавд нь хэлээд ээж, аав нь огт өөр хүнтэй уулзахыг нь хориглож. Тэгээд л би тэр охинтой ахиж уулзаж чадсангүй.

Хэдэн жилийн дараа нүүрний ном дээр нэг Хятад охин надад найзын хүсэлт явуулж байх юм. Гайхаад харвал галт тэрэгний охин байлаа. Одоо хүртэл найз байдаг юм болов уу? мэдэхгүй. Нөгөө охин чинь Испанидаа очоод сурч байгаа аж ээ. Сурна гэж байсан хэлээ сураад хүсэж байсан сургуульдаа орчхож. Баяр хүргэв. Бага зэрэг атаархав. Сурна гээд нэг, хоёр жилийн дотор тэр хэлээ сураад сургуульд явна гэдэг мундаг биш гэж үү. Хэлэндээ авьяастай хүн гэж тусдаа байдаг юм шиг санагддаг юм. Би бол тэр нь арай биш. Эсвэл тэсвэр хатуужил л хэрэгтэй байх. Тухайн үед ярьж байснаараа Испанидаа сурч байгаа гэдгээ надад хэлмээр байсан юм гэнэ. Магадгүй хэтэрхий хатуу гэрт өсөөд анх удаа чөлөөтэй байж найзалсан хүн нь би юм болов уу гэж боддог юм. Тэгээд тэр хүн бага ч гэсэн өөрийнхөөрөө байж нэг ч гэсэн өдрийг гоё өнгөрүүлэхэд нь тусалсандаа баярладаг. Одоо хаана нэг газар өөрийнхөө зорьсон зүйлээ хийгээд явж байдаг байх даа.

Ийнхүү хуучны учралаа дурсаж суух зуур өнөөх галт тэрэг бараа сураггүй алга болжээ. Тэнгэрт үүлс сэмрээд бороо орох шинжтэй бөгөөд жаргаж буй нар зүүрмэглэх мэт залхуутайяа унжина.

Comments

  1. Гоё түүх байна шүү. Би ч гэсэн галт тэрэгэнд таарсан охин шиг мөрөөдлөө биелүүлчихээд тэрийгээ хэлэх юмсан 😇

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээрэй. тэгэх юм бол өмнөөс нь баярлаад бас жоохон атаархах байх :Д

      Delete
  2. ene AA gj yg ariuna egch bn

    ReplyDelete
    Replies
    1. Ккк. Чиний бодож байгаа хүн биш ээ. Тэр хүн чинь уншдаггүй байх аа. :Д

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...