Skip to main content

Хайрлаж сурсан нь

Оргилын хувьд энэ нэгэн дурсамж хамгаас үнэтэй. Та өөрийнхөө хамгийн үнэтэй дурсамжаа бодоод үз дээ!? хэн хамаарч байна тэр дурсамж тань? та эсвэл хайртай хүнд үү? Бодох хэрэггүй ээ мэдээж танд шүү дээ! үгүй бол яахан таны хамгийн үнэтэй дурсамж байх билээ. Оргилын энэхүү дурсамж ч гэсэн өөртөө нь хамаарч байсан юм. Харин тэр дурсамжид нь өөр бас нэгэн хүн хамаарч байв. Бүүр тодруулан хэлбэл түүний анхны хайр. Магадгүй нэрийг нь нууцлахгүй бол хэний тухай өгүүлж буйг хэн нэгэн уншигч маань андуурч магад тул түүнийг Хатагтай гэе. Оргил, Хатагтай хоёр хэрхэн яаж, хэзээ танилцсаныг нь мэдэхгүй. Би зөвхөн тэр хоёрыг салснаас нь л хойш мэднэ. Салсан гэж дээ Оргил Хатагтайд хаягдчихсан юм. Үгүй ээ, ерөөсөө Хатагтай зүгээр л яваад өгчихсөн, харин Оргил юу ч хийгээгүй гэж болох юм. Тэгэхээр хоёр талаасаа хүссэн эсвэл хүссэн ч хэчнээн боломжгүй дурлал болохоо битүүхэн мэдэрч байсан тул бууж өгцгөөсөн байж болох юм.

Хатагтай, Оргил хоёр салсныхаа дараа бараг жилийн дараа тааралдав. Оргил ганцаараа харин Хатагтай өөр нэгэн эрэгтэйтэй сугадалдчихсан явж байлаа. Оргил яагаад ч учрыг нь ойлгосонгүй. Өөрөө гологдсон хэмээн бодож байсан мэт эрэгтэйг нь сонжин харна. Оргилд түүнээс дутах юм байсангүй гэвэл алдас болно биз ээ. Хаанаас нь ч харсан Оргил хамаагүй илүү залуу байв. Өөрт нь тэгж санагдсан боловч яг бодит үнэндээ өөр хүний нүдээр хэрхэх нь бас л сонин байх биз ээ. Гэвч одоо Оргил гайхаж эхэллээ. Өөрийнх нь юу болохоо байсан болоод Хатагтай тийм эрэгтэйтэй явна вэ. Тэгснээ гэнэт тийм эрэгтэйтэй явж байгаа эмэгтэйд өөрөө дурласан гэж бодохоор уур нь ч хүрэх шиг. Уншигч минь гэхдээ Хатагтайг үзлийн муухай амьтантай явж байсан гэж битгий бодоорой би харах нь харсан Оргилыг царай зүсээр гүйцэхгүй байж болох ч гэсэн бие хаагаар бол дагуулахааргүй залуу байсан юм шүү. Танихгүй болохоор зан аашийг нь мэдэхгүй ээ, бодвол сайн л хүн байсан биз. Харин нэг сонин юм нь гэвэл Хатагтай Оргилтой байхдаа сайхан бие хаанд тийм ч их татагддаггүй гэдгээ хэдэн арван удаа дурсаж, тодотгож байсан явдал юм. Тэр үед магадгүй Оргилыг бодоод л тэгсэн байж болох юм.

Энэ явдлаас хойш Оргил нэг л өөр болчхов. Ганцаардсан, гунигласан, уцаарласан. Нэг орой нойр нь хулжчихав. Орондоо хэчнээн хөрвөөсөн боловч унтаж чадсангүй. Ном уншаад ч нэмэр байсангүй. Утсаа аван тоглож эхэллээ. Эхлээд уралдан, залхав. Дараа нь хөзөрдөв, мөн л залхав. Нэг мэдсэн зурвас биччихсэн хэвтэж байлаа. Чи яагаад надаас явчихсан юм бэ?. Оргилын бичиж байх үеийнх нь ой санаж ор мөргүй алга болчихсон мэт санагдана. Одоо харин явуулах уу? устгах уу? За юу ч гэсэн дугаарыг нь хийе гэж бодон дугаарыг нь орууллаа. Одоо харин зүүн? баруун? Оргил нүдээ анив. Юу ч бодохгүйгээр зүрхэндээ бүхний даатгахыг хүссэн нь тэр. Харин зүрхнээс нь уйтгар гуниг хатгана. Тархи харин уйтгар гунигийг нь сайхан дурсамжууд болон хөрвүүлнэ. Зүүн. Тиймээ зүүн тал. Зурвас илгээгдлээ. Оргил өөрийгөө ийм зурвас явуулсандаа үзэн ядан утсаа газар хаячхаад толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөн хэвтэв. Саяхан л аниргүй байсан зүрх нь аймшигтайгаар цохилно. Түг ... түг ... түг.

Утас нь чичгэнэлээ. Дүррр ... дүррр. Оргил утсаа шүүрэн авав. Хэн бэ? гэсэн зурвас байлаа. Бүхий л горьдлого найдвар нь замхран одов. Утсаа сольчихсон байна гэж бодоод "Уучлаарай, утас андуурчхаж." гэж бичээд хий хоосон хөөрсөндөө өөрийгөө зүхэн байтал утас нь ахин дуугарав. Энэ удаа төдий л яарсангүй. Утсаа нээн харвал "Хэхэ, тоглосиймаа." гэсэн байв. Оргил будилж гүйцэв. Хатагтай мөн гэж үү? эсвэл өөр хүн тоглоод байгаа юм болов уу? өөрийг нь даапаалаад байгаа юм шиг санагдсан тул жинхэнээсээ утсаа шидчихмээр санагдсан боловч эвдэрчихээс нь санаа зовон газар тавиад дэрээ балбалаа. Хэд хэд цохисны дараа хурдан гардаг уур нь бас л алга болчхов. Яахаа мэдэхээ байсан Оргил хэсэг утсаа гөлрөн байснаа "Би чамайг өнөөдөр харсан." гэвэл "Би ч гэсэн" хариу ирлээ.

-- Чи унтахгүй юу хийж байгаан
-- Өөрөө унтаагүй байж хүнээс ийм юм асууж болдог юм уу?
-- Чамаар юу байна?
-- Өө тэгээд л байжийна, харин чамаар?
-- Чамайг бодоод л ...
-- Балиар худалч гар шүү чи нээрээ
-- Үгүй ээ, үнэн
-- Харин би чамайг бодоогүй ээ!
-- Би харсаан
-- За би унтлаа
-- Байжий
-- Яах гэж байгаан
-- Ганц юм асуучихъя
-- Үгүй
-- Ээ л дээ
-- Ганц асуух юмаа асуучихсан биз дээ
-- Ямар
-- Би харин ганц юм асуучихъя
-- За
-- Одоо яагаад ингээд байгаан?
-- Яагаад байгаан гэж
-- Өмнө нь яагаач үгүй байж, одоо яагаад ингээд байгаан
-- Өмнө нь яахаа мэдэхгүй байсийн
-- Одоо мэддэг болчихсон юм уу?
-- Үгүй л дээ.
-- Тэгээд
-- Зүгээр л яагаад явсныг чинь мэдмээр санагдаад
-- Чи харин яагаад явуулчихсан юм бэ?
-- Би явуулаагүй. Чи өөрөө яваад өгсөн биз дээ о.О
-- Харин тэгээд чи яагаад явуулчихсан юм бэ?
-- Чи өөрөө больё гээд явчихсан биз дээ
-- Тэгвэл одоо тэрэнтэйгээ адилхан явуулахгүй яагаад ингээд байгаан
-- Харамсаад
-- Харамсаагүй зүгээр л атаархаад байгаа юм биш үү?
-- Магад ч үгүй.

Хатагтайгаас ахиж зурвас ирсэнгүй. Оргил ч бичиж чадсангүй. Тэр бүхнийг бүгдээс сайн ойлгож байлаа. Хатагтай яваагүй тэр явуулчхаж. Оргил бодлоо яагаад араас нь гүйгээгүй гэдгээ, яагаад явах гэж байгаа учир шалтгааныг нь мэдэх гээгүй гээ, яагаад явсных нь дараа түүнийг зовоогоогүй гээ. Тэр даанч хариултыг нь олж чадсангүй. Харин нэг л юмыг мэдэж байлаа. Тэр түүнийг зовоохыг хүсээгүй. Араас нь гүйж , өдөр шөнөгүй залгаж, тасралтгүй зурвас бичин нэгэнт өөрийг нь мартсан сэтгэлийг зовоохыг хүсээгүй. Гэхдээ бас өөрийнхөө айсан сэтгэлээ түүнийг зовоохыг хүсээгүй гэсэн шалтгаанаар халхаж буйгаа мэдэж байлаа. Тэгвэл одоо яагаад түүнийг ингэж зовооно вэ? Нэг мэдэхэд үүр цайж байлаа. "Уучлаарай, ахиж зурвас бичихгүй ээ. Гэхдээ би тэр үед ... байсан юм шүү. Тэгээд чамайг яваад өгөхөд чинь зовоохыг хүсээгүй юм. Одоо ч гэсэн тэр шигээ гэхдээ үүрд явуулъя. Уучлаарай. Баяртай." гэж сүүлчийн зурвасаа бичин утсаа унтраагаад, цэнэгийг нь салгаад хаячихлаа. Сэтгэл зүрх нь уйтгар гунигаар дүүрнэ. Харанхуйд байх гэсэн бараан зүрхийг нь үүрийн гэгээ тарчилгана. Нүүрээ дэрэндээ наан хэвтэв. Дэр нь норсон байсан. Уйлсан эсвэл нүд нь аргасан эсэхийг нь мэдэхгүй.

Оргил сэрүүлгийнхээ дуунаар сэрлээ. Шөнөжин унтаж чадаагүй тул зүүд нь явж өгөхгүй байв. Эргээд хэвттэл гэрийнх нь утас тачигнаж гарлаа. Нойрмог амьтан утсаа авбал тэнэг минь утсаа асаагаач гэсэн танил дуу сонсдов. Байна уу? айн гэхийн завдалгүй утас нь тасарчихлаа. Оргил өөрийгөө зүүдэлж байна уу? аль эсвэл үнэхээр Хатагтай байсан уу? үгүй баймаар юм гэж бодсоор газар хэвтэх утсаа нийлүүлэн залгаад, асаав. Утсанд нь хоёр зурвас иржээ. Эхнийх нь тэнэг гэсэн зурвас байлаа. Түүний өөрт нь гомдохоороо хэлдэг үг. Оргил өөрийн эрхгүй инээмсэглэн хоёр дахь зурвасыг нь нээн үзэв. Чи хайр гэж юу байдгийг мэддэггүй байсан гэж ээ. Оргил хөшиж орхилоо. Зурвасыг ахин ахин унших боловч хий хоосон руу гөлийнө.

Үнэхээр Оргил Хатагтайгаас салсны дараа өөрийгөө зүхдэг байлаа. Хатагтайг илүү их хайрлаж чадаагүйдээ, Хатагтайг илүү ихээр баярлуулж инээмсэглүүлээгүйдээ өөрийгөө зүхдэг байсан. Хэрвээ ахиад боломж гарах юм бол түүнд л бүхнээ зориулахыг хүсдэг байв. Тиймээ тэр одоо хайр гэж юу байдгийг мэдсэн. Тэр одоо хайрлаж чадна. Оргил бушуухан шиг хариу илгээлээ. Би одоо хайрлаж чадна. Чи надад хэрхэн хайрлахыг зааж өгсөн. Хоёулаа ахиад уулзъя тэгэх үү?. Цаг хугацаа зогсчихсон мэт санагдана. Тэгсэн атлаа өөрөө тэр зогсчихсон цаг хугацаанд гацчихсан юм шиг. Төсөөлж байна уу? бүх л юм зогсчихсон. Харин чи л ганцаараа амьсгалж, хүлээж тарчлах мэт. Хариу зурвас ирлээ. Тийм.Тийм. Тэгье гэсэн байгаасай. "Тэгвэл би чиний анхны хайр байж. Анхны хайр хүнд яаж хайрлах ёстой зааж өгчхөөд л явчихдаг гэж би боддог юм. Тэгээд л тэр л чигээрээ үүрд анхны хайраараа сэтгэл зүрхэнд нь хадгалагдана. Цөөхөн хүн л анхны хайртайгаа учрахдаа хэрхэн хайрлахаа мэддэг байх. Харамсалтай нь чи биш байж. Тийм болохоор би явах хэрэгтэй. Үүрд чиний зүрх сэтгэлд анхны чинь хайр хэвээрээ үлдэхийн тулд." гэсэн байв. Оргил энэ удаа юу ч ойлгосонгүй. Юу ч ойлгохыг хүссэнгүй. Зурвас бичихийг ч хүссэнгүй шууд залгалаа.
Өөдөөс нь таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэсэн эмэгтэй хүний дуу гарав. Оргил түүнийг хараан, түүнийг зүхэвч тэр өөдөөс нь өнөөх л хоолойгоороо юу ч болоогүй юм шиг таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна хэмээнэ. Аргагүй дээ, түүнд ямар сэтгэл гэж байх биш. Зэмлэх боломжгүй юм даа тэр ямар биетэй биш. Аргагүй дээ тэр зүгээр л хураагдсан хэн нэгний дуу хоолой юм чинь.

Оргил Хатагтайтай ахиж холбоо барьж чадаагүй. Дахиж тааралдаа ч үгүй. Тэр ахин нэг жил шаналсан. Дараа нь өөр нэг хайртай учирсан. Энэ удаа тэр яаж хайрлахаа мэдэж байсан учир алдаагүй. Хэзээ ч алдахгүй байх. Харин Хатагтайн хувьд яасныг мэдэхгүй. Магадгүй өөр хэн нэгний анхны хайр болоод түүнд хайр гэж юу байдгийг зааж өгч байгаа биз ээ.

Comments

  1. Яагаад ч юм Оргил Минато мугиног санагдуулаад байна.

    ReplyDelete
    Replies
    1. Минато мугино гэдэг хүнийг нь даанч таньдаггүй ээ.

      Delete
    2. Бодит хүн биш, киноны дүр

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...