Skip to main content

Азарган тахиа

Азарган тахиа донгодно. Амь авраарай, амь авраарай гэх мэт өглөө болгон донгодно. Хүний хэлээр ярьдаг байсан бол энэ олон хүүхнүүдээс намайг авраарай хэмээн орилох байсан нь гарцаагүй. Өдөр болгон хүүхэд гаргах тэр олон эхнэрээс ямар ч эр айхгүй байхын аргагүй. Соломон хаан мянган эхнэртэй байсан ч жилд нэг хүүхэд гаргах бололцоотой тул эрүүл саруул сэтгэхүйтэй сайхан амьдарч болоод байж. Ядаж байхад дээр нь хаан тул уйдсан үедээ дайн хийгээд зугаагаа гаргачхаж байгаа юм. Хөөрхий азарганд тахианд тийм зол оногдсонгүй. Хашаан дотроо хориос доошгүй тахианд өдөржин, шөнөжин хөөгдөж өглөө нь нэг ганц олдох зав чөлөөгөөрөө ахиад нэг өдөр ирлээ. Одоо би яана аа? Энэ олон хүүхдүүдээс намайг нэг чөлөөлөөч хэмээн донгоддог болов уу?

Үнэн дээ тэр тэгж донгоддог юм. Итгэхгүй гэвэл миний хажууд тамхи баагиулаад суух энэ тахианаас асуу. Анхны эрх чөлөөт тахиа. Эрх чөлөөтэй болохоор өөртөө Бүргэд хэмээх нэр хайрлаж. (Хойшид түүнийг нэрээр нь дуудах болно. Тиймд уншигч та бүргэд шувуутай андууруузай.)

Бүргэд хотын захын хашаанд азтай нэгэн өндөгнөөс гарчээ. Хайруулын тавагт шарагдаагүй азтай нэгэн тул эзэн нь түүнд Чанамал хэмээх нэр хайрлаж. Мэдээж энэ нэр нь түүнд таалагдсангүй. Дургүй хүргэвэл буцалсан усанд хийгээд идчихнэ шүү! гэсэн эзнийх нь сануулга мэт сонсогдох учир Бүргэд үргэлжид хар дардаг байж. Айсандаа өдөр шөнөгүй эм тахиа хөөн хамаг хүчээ барна. Бага наснаас одод ширтэн, гүн ухаан бясалгах дуртай байсан ч өдөржин хүүхэн хөөгөөд ядарсан бие нь дийлдэггүй байв. Бүргэд үргэлж үүрээр сэрнэ. Халуун усанд чанагдах хар дарсан зүүднээсээ орь дуу тавьсаар сэрэх түүнийг бусад тахианууд муухай харан жихүүцнэ. Тэгэвч гарц эр тахиа нь тул бүгд хуурамч инээмсэглэлээ зүүцгээнэ. Бүргэд эргээд унтаж чадахгүй тул гүн ухаанаа бясалгаж эхэлнэ. Би хэн бэ? Би яагаад энд байна вэ? Би яаж энд ирэв ээ? Би яах гэж амьдарна вэ? харамсалтай нь Бүргэд энэ бүх асуултдаа хариу олчихдог байсан тул төдийлөн гүн ухааны бясалгал нь цаашид үргэлжлэхгүй. Би бол Чанамал, эцэг азарган тахиа эм тахиатай нийлснээс би бүтсэн. Дундаас нь өндөг үүссэн нь би байгаад азаар идэгдэлгүй үлдсэн. Аз гэхээсээ илүүтэй ганц эр өндөг байсан тул өөр арга ч байгаагүй биз. Миний амьдралын шалтгаан надад буй бус хүнд заяагджээ. Тэр илүү их ашиг олох нь миний амьдарч буйн шалтгаан болж. Хэдэн өдөр, хэдэн сар эдгээр асуултууд байн байн толгойд нь эргэлдэн Бүргэд байн байн адил хариултууд өгч байлаа.
Гэнэт л нэг өглөө Бүргэд хүний хэл ойлгоод эхэлж. Эзэгтэй нь хараал урсган `Би энэ гахайн оромжид яах гэж амьдарч байгаа юм бэ?` хэмээх бол эзэн нь `Тэгвэл тэр баян нөхрөө олоод жаргаарай` гэж хашхична. Гэвч тэр хоёр хамт өдөр хоногийг өнгөрүүлсээр л. Бүргэд ийнхүү авьяасаа нуун амьдарч байх хугацаандаа хүмүүсийг хоорондоо гүн ухаан хэлэлцэхийг нэг ч сонссонгүй. Магадгүй нэг орой эзэн нь согтуу ирэхдээ `би яах гэж амьдарна вэ?` хэмээн уйлахыг эс тооцвол. Тэр үед л Бүргэдийн толгойд нэг асуулт харван орж ирэв. `Хүн яах гэж амьдарна вэ?` түүнд аз жаргалтай болгох гэж зовох эзэн байхгүй. Түүнд таалагдах гэж долигонох хаан байхгүй. Аан өмнө нь байсан ч одоо байхгүй. Над шиг л амьдрахын тулд зүтгэж байгаа юм байна энэ хүн чинь. Гэхдээ юуны тулд яах гэж? Энэ үед азарган тахиа өөрийгөө ямар сохор байснаа гэнэт ухаарсан гэнэ. Ерөөсөө л бүхий л амьтад аз жаргалтай биш юмаа гэхэд зовлонгүй амьдрахыг хүсдэг юм байна. Хүсэхээр барахгүй зүтгэдэг аж. Харин аз жаргал, зовлонгоороо юуг тодорхойлох нь өөр хэрэг аж. Ерөөсөө л бүгд адилхан юм бол би юунд хүний аз жаргалын төлөө зүтгэнэ вэ? Миний аз жаргал хаачив?

Ийнхүү бодоод Бүргэд эрх чөлөөгөө эрэлхийлэн хашаанаасаа зугтжээ. Эрх чөлөөтэй болоод тэр юу хийхээ мэдсэнгүй. Эрх чөлөө түүнд хашаанаас гарах гэдгээр л хязгаарлагдаж байсан тул түүний дараа яахаа мэдсэнгүй. Одоо нэгэнт хүний боол байж эм тахиа хөөх шаардлага байхгүй болсон тул өөрийн хүссэн зүйлээ бодож эхлэв. Би юунд дуртай вэ? Би юу хиймээр байна вэ? Тэгэвч тэр хариулт олж чадсангүй. Насаараа тахиа хөөж, тахианд хөөгдөж байсан түүний толгойд бодол орж ирсэнгүй. Нэг мэдэхэд харанхуй болж одод түгжээ. Тэр анх удаа өөрийн хүслээр тэнгэр ширтэн, гүн ухаан бясалгав. Өлсөж байсан ч түүнд үүн шиг сайхан зүйл тохиолдож байсангүй. Хамгийн анхны гүн ухааны бясалгал нь энэ замаар гарах уу? байх уу? замын цаана юу байна вэ? Энэ хурдан хүнийг идчихсэн амьтад юу вэ? хэмээх бодол байв. Анх удаа хүнийг өөр өнцгөөс харж эхэллээ. Хүн ерөөсөө энэ амьтанд идэгдэх гэж амьдардаг юм байна гэсэн хачин бодол толгойд нь орж ирэв. Тэр орой Бүргэд өөрөө тийм төмөр амьтан болчхоод хүмүүсийг хөөн идэж байна хэмээн зүүдэлжээ. Нэг нэгээр будаа мэт тоншин гэдэс дотроо хийгээд л. Хамгийн түрүүнд тэр чарлаа дуутай эзэгтэйгээ тонших байсан болов уу.

Хожим нь Бүргэд бичиг үсэг сураад түүний анхны гүн ухааны бодол огт буруу байсанд тун ч их ичсэн гэдэг. Хүн ерөөсөө ч хэн нэгэнд захирагдаагүй, харин захирч байжээ. Бүргэд сурч мэдэх тусам хүний хүч хязгааргүй мэт санагдах болов. Түүнийг захирдаг, түүнийг эзэмшдэг нэгээхэн ч зүйл хорвоо ертөнцөд байсангүй. Тийнхүү байтал хүн бурхан гээч юмны бүтээл агаад түүнд захирагддаг гэдгийг мэдэж авлаа. Тэндээс бурхан гээч нь бүх амьд амьтныг бүтээсэн боловч тахиа нарыг захирдаггүй нь мэдэгдэв. Зарим хүний хэлэх нь ээ, бүхий л амьтныг хүний төлөө бүтээсэн аж. Бодоод байх нь ээ, үнэн ч юм шиг. Гэхдээ Бүргэд итгэхийг хүссэнгүй. Хэрвээ тийм л юм бол Бүргэд юунд өөрийг хүснэ вэ? Түүний эрх чөлөөний үнэ цэнэ юунд оршино вэ? Эцэст нь азарган тахиа бурхныг олж уулзахаар шийдэв. Насаараа хайсан боловч тэр олсонгүй. Эцэст нь хүн амьтдад атаархдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Ямар ч үүрэг хариуцлага үгүй. Бүхий л зүйлсийг эзний хүсэлтээр биелүүлэх тэдгээр амьтдад атаархдаг болохоороо хүн өөр өөртөө эзэн бодож олжээ. Тэр нь хамгаас сайхан, хамгаас хүчтэй. Хэрвээ хүн тийм байсан бол би ч гэсэн эрх чөлөө эрэлхийлэхгүй байсан байхдаа хэмээн Бүргэд бодов. Гэвч бүхнээс гажууд тахиа өөрийгөө мэдэж байлаа. Тэр үргэлжид эрх чөлөөг эрэлхийлэх байсан.

Ингээд хажууд минь суух тамхичин тахиа үгээ дуусгав. Явахаас нь өмнө түүний зөвшөөрөлтэй арван асуулт асуух эрхийг би олж авлаа.

1. Сурвалжлагч: Та хүн бурхныг бүтээсэн гэлээ. Үүнийгээ баталж чадах уу?

Бүргэд: Бодоод үз дээ. Хүн хэзээ ч миний эзэн байгаагүй. Бусад амьтны ч эзэн байгаагүй. Бид нар зүгээр л түүнийг эзэн гэж хүлээн аваад тэгээд сурчихсан. Хэрвээ бид нар өөрсдөө тэгж хиймлээр зохион бодоогүй байсан бол бүгд л над шиг эрх чөлөөтэй байх байсан юм.

2. Сурвалжлагч: Гэхдээ энэ тань бурхан байдаггүй гэсэн баталгаа биш биз дээ?

Бүргэд: Энэ бол баталгаа бус. Зүгээр л миний гүн ухааны гаргалгаа. Эрх чөлөөт оюун ухаант төрөлтний хувьд би өөрийн гэсэн үзэл бодолтой байх дуртай. Түүнд минь халдсан хүнд дуртай биш ч үнэхээр боломжийн санал гаргавал үргэлж сонсоно. Харин бурхны талаарх бодол маань өөрчлөгдөн гэж бодохгүй л байна.

3. Сурвалжлагч: За тэгвэл өөр сэдэвт оръё. Өөрийн тань ирээдүйн төлөвлөгөө юу байна?

Бүргэд: Юуны эхэнд нисэж сурдаг юм билүү гэж бодож байна. Шувуу байтлаа оцон шувуу, тэмээн хяруул бид хэд л нисэж чаддаггүй шүү дээ. (инээв.)

4. Сурвалжлагч: Байгалиасаа тэгээд заяачихсан байтал яаж нисэж сурах билээ?

Бүргэд: Байгалиасаа тэгж заяагаагүй. Тэгээд хувьсчихсан гэвэл илүү тохиромжтой!

5. Сурвалжлагч: Аль нь ч байсан ялгаагүй. Нисэх таны хувьд боломжгүй биш үү?

Бүргэд: Чи хүний хэлээр ярьдаг тахиа харсан уу? Чи эрх чөлөө хүссэн тахиа мэдэх үү? Тийм болохоор би яагаад нисэж болохгүй гэж!? Гэхдээ би таны юу хэлэх гэснийг ойлгож байгаа тул бага зэрэг тодруулъя. Би үхсэн хойноо биеэ эрдэмтдэд тушаах болзолтойгоор НАСА -аар өөрт тохирсон нисэх төхөөрөмж бүтээлгэж байгаа юм.

6. Сурвалжлагч: Баяр хүргэе, амжилттай болно гэж найдаж байна. Нисэж сураад та хамгийн түрүүнд юу хийх вэ?

Бүргэд: (хөхрөв.) Мэдээж ниснэ дээ! Та анх удаа ярьдаг тахианаас ярилцлага авч байгаа болоод нэлээд сандраад байна даа тэ? Их л сонин сонин асуулт асуух юм. Магадгүй та нисэж сураад хаана хамгийн түрүүнд хаана очих вэ? гэж асуувал дээр байсан болов уу? Хүйтэн л биш бол дэлхийгээр тойрон аялмаар байна. Эхний зогсоол Лас Вегас. Тэнд хэдэн шоу хийж мөнгө олох санаатай.(хөхрөв.)

7. Сурвалжлагч: Ойлгосонд тань баярлалаа. Яг тэгж асуух гэж байлаа. Таныг удахгүй ном гаргах гэж байгаа гэж дуулсан. Тэр тухайгаа дэлгэрүүлж болох уу?

Бүргэд: Тиймээ. Гэрээгээ хийгээд гарын үсгээ зурчихсан. Төлөвлөгөө ёсоор болох юм бол жилийн дараа хэвлэлтэд орно. Ерөнхийдөө бол миний намтар тууж юм. Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс захиалан бичүүлж байгаа.

8. Сурвалжлагч: Манай уншигчид гайхаж байгаа байх. Бүх амьтад хоорондоо ойлголцдог уу? Амьтны хэлний талаар тодруулаач.

Бүргэд: Өөр өөр улсын хүмүүс хоорондоо ойлголцдог уу? Адилхан хэлтэй бол мэдээж. Үүнтэй л адил амьтан болгон өөр өөрийн гэсэн хэлтэй. Одоогоор би зөвхөн тахиа, болжморын хэлээр л ярьж чадна.

Сурвалжлагч. Бас хүний хэлээр.

Бүргэд: Тхх, бас хүний хэлээр. (хөхрөв)

9. Сурвалжлагч: Саяныхыг арван асуултын тоонд оруулахгүй гэж найдаж байна. Таныг тэгвэл амьтны эрхийг хамгаалагч болсон гэж ойлгож болох уу? Хүн амьтан хоёрын хооронд тавигдах анхны жинхэнэ холбоос.

Бүргэд: Үнэндээ тэгмээр л байна. Даанч тэд нар миний юу яриад байгааг үнэндээ ойлгодоггүй юм. Амьтад хүмүүсийг бурхан мэт шүтдэг гэдгийг та ойлгох хэрэгтэй. Адил тэгш эрхийн талаар ярих юм бол хэрхэн хүлээж авна гээч.

10. Сурвалжлагч: За сүүлчийн асуултыг танд үлдээе дээ.

Бүргэд: Олон зүйлийг нуршаад юу хийх билээ. Хэлэхийг, ярихыг хүсэж байгаа зүйлсээ номдоо оруулах болно. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Асуух асуултуудаа над уруу илгээж болно. Би чадлынхаа хэрээр хариулна. Үүнээс гадна миний цахим хуудаснуудаар зочилж харилцаж болох юм. Мөн намайг хүлээн авсанд талархал илэрхийлье. Амьтдыг хүлээн зөвшөөрч эрх чөлөөт нэгэн байхад ямар их хүн дургүйцдэг гээч. Та бүхэнд дахин баярласнаа илэрхийлье. Миний цахим хуудаснууд:

Цахим шуудан: Хүнтахиа@монгол.мн
Жиргээ: Ширгэхдонгодоно@жиргээ.мн
Нүүрний ном: Бүргэд Тахиа
Юутүби: Нисмээрбайгаатахиа

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...