Skip to main content

Сүнс дуудсан нь

Арваад хүүхэд сүнс дуудахаар харанхуй өрөөнд сууцгаана. Сүнс дуудахдаа гол нь биш цугтаа байх нь л чухал гэдэг нь тодорхой боловч хэн, хэн нь үнэхээр сүнс дуудагдан ирээд өөрсдийнх нь асуултад хариулаасай хэмээн хүсэцгээнэ.

Банди 1: За хэний сүнсийг дуудах уу?
Охин 1: Чингис хааны сүнсийг дуудъя л даа!?
Банди 2: Тэгж яаж болдын тэр чинь аймаар догшин гэсэн буцаад явахгүй бол яах юм бэ?
Охин 2: Чи арай айгаад байгаа юм биш биз дээ. (хүүхдүүд хөхрөлдөнө.)
Банди 2: Айсан хүн хэн байгаан!? За тэгвэл дуудацгаая.
Охин 3: Хүүш ээ! нээрээ дуудах гээд байгаа юм уу? Зүгээр л яриад сууя л даа.
Банди 3: За чи яасан сүртэй юм бэ? Айгаад байгаа бол яах гэж ирсийн. Бид нар сүнс дуудах гэж л цуглаа биз дээ.
Охин 3, Банди 2 оос бусад нь: Тийм шдээ тэгэлгүй яадын! та хоёр хос болбол таарах юм байна л даа.
Банди 2: угаасаа л хос мэд үү. (амандаа бувтнах)
Охин 3: ...

Ингээд бүгд зөвшөөрсөн болохоор сүнс дуудах үйл ажиллагаандаа орлоо. Бүгд нэг, нэг лаа асаан урдаа бариад дээгүүр нь толь эргүүлнэ.

Банди 1: Тэнгэр газрын нэрийг барин үхэгсдийн газраас Боржигон овгийн Есүхэй баатрын хүү Тэмүжин нэрт Чингис хааныг дуудаж байна. Хэрвээ ирсэн бол зүүг баруун тийш гурван удаа эргүүлнэ үү!!!

Охин 1: Өө чи дуудаж чаддаггүй юм уу? наад чинь хөдлөхгүй л ....
Бусад: Хүүе хөдөллөө хөдөллөө ...
Охин 3: Яана нээрээ хөдлөөд байна шдээ.

Банди 1: Чингис хаан таны амар амгаланг айлтгая. Танаас асуулт асууж болох бол зүүг мөн баруун тийш гурван удаа эргүүлнэ үү.
Бүгд : Эргэлээ ... эргэлээ
Банди 2: Гэхдээ баруун тийшээ эргэхгүй байна шдээ!? асуултад хариулахгүй гэж байгаа юм биш үү!? хурдан явуулъя.
Охин 3: Харин тиймээ, арай өөр хүн дуудъя л даа?
Бусад: Байзаачдээ ахиад асуучих?

Эхний Банди өмнөх үгээ давтсан боловч зүү энэ удаа эргэсэнгүй. Энэ үед эмэгтэйчүүд нь айж эхэлсэн тул банди нар аргагүй Чингис хааны сүнсийг буцаан явуулахаар боллоо.

Банди 1: Эзэн хаан таны морилон ирсэнд талархлаа. Одоо та эргэн үхэгсдийн хотдоо амар тайван морил доо. Хэрвээ та байгаа бол зүүг зүүн тийш нэг эргүүлнэ үү?
Бусад: Яана. эргэлээ яваагүй байна шдээ.
Банди 2: Хөөе айж байгаагаа үзүүлж болохгүй гэсэн тэгвэл хоргодно гэдэг шдээ. Бүгд зоригтой бай. Чи алив хурдан явуулах гээд үз л дээ.

Энэ бүхний дараа дахин гурван удаа оролдсоны эцэст зүү эргэхээ больж сүнс явсныг илтгэв. Бүгдийнх нь амьсгаа уужирлаа. Нэг нэгнийхээ царай хараад татаж унатлаа хөхрөлдөж гарав. Өөрсдөө айгаагүй юм шиг нэгнээ шоолно.

Банди 1: За одоо хэний сүнсийг дуудах уу?
Банди 4: Чойном?
Банди 5: Хитлер.
Охин 4: Мандухай хатан.
Банди 6: Сүхбаатарыг дуудъя
Охин 5: Ингэхэд наад сүнс нар чинь ярихгүй болохоо онцгүй юм аа.
Банди 4: Нээрээ тийм юм аа. Энэ арга онцгүйн байна. Өөр арга байдаггүй юм уу?
Банди 5: Би нэг арга мэднэ л дээ. Интернэтээс харсын. Чөтгөрийн библи гэдэг дээр байсан.
Банди 1: Тэр чинь тэгээд чөтгөр дуудах юм уу.
Бусад: (хөхрөлдөнө)
Банди 5: Үгүй ээ, зураг нь байвал тэр хүний сүнсийг дуудаж болдог гэсэн. Тэгээд өөр бас оролцох хүмүүсийн цус, бүрээ байх хэрэгтэй.
Охин 1: Тэгээд тэр бүрээг чинь хаанаас олох юм болж байна.
Банди 5: Байжий л даа чи! Ярьж дуусаагүй байна шүү дээ. Тэгээд хэрвээ бүрээ байхгүй бол цаасыг бүрээ шиг болгож байгаад цуснаасаа дусааж болно гэсэн. Тэгэхээр өмнөх цустайгаа холбогдоод сонсож болдог гэсэн.
Банди 1: Тэгээд наад чинь бүтэх юм уу?
Банди 5: Бүтнээ.. Би интернэтээс бүүр найдвартай иймэрхүү юм байдаг сайтаас харсан гээд байхад.
Банди 2: Ээ мэдэхгүй.
Банди 1: Чи бас л айгаад байгаа юм уу?
Охин 3: Би лав гараа зүсэхгүй шүү.
Банди 4: Зүгээр л зүүгээр хатгаад болно оо.
Охид: За нэгэнт цуглачхаад яадын бэ!? хийгээд үзье ээ.
Банди 2-оос бусад нь: Тийм ээ, та 2 нээрээ аймхай юм аа? явах юм уу?
Банди 2: За хэн айсан юм. Оролдолгүй яадын.
Охин 3: ...

Ингээд өрөөнийхөө гэрлийг асаан хэрэгтэй зүйлээ бэлдэцгээн нэлээн бужигнав. Сүнс дуудах ажлыг толгойлох банди компьютер асаан сүнсийг нь дуудах хүнийхээ зургийг хайж эхэллээ. Тэгээд удаан хэлэлцсэний эцэст арай хор хүргэхгүй байх гэдгээр нь Буддаг дуудахаар болов. Зургийг нь ч хэвлэж авлаа. Бусад нь цаас, зүү зэргийг бэлдсэн байв. Тэгээд гэрлээ эргүүлж унтраан Буддагийн зургийг голдоо тавиад нэг нэг цус өмнөө дусаан нэмж цаасан дээр нэг дусал цус нялаад хуйлан чихэндээ барин сууцгаав.

Банди 5: Харанхуйн эзэн, Тамын захирагч Эрлэг Номун хаан танд цусаа өргөн барья. Бид нарын өчүүхэн өргөлийг болгоон соёрхож. Бидний дотно хүн болох энэхүү насан эцэслэгчийг хормын төдий энд ирүүлж хайрлаач.

Бүгд аянга цахих дуунд бондгос хийн бослоо. Хоорондоо юу вэ? юу вэ? хэмээн шуугилдаж байх мөчид ахин аянга цуурайтлаа. Бүгд гайхан цонх өөд харвал бороон дусал цонхыг зөөлөн тогшиж эхэллээ. Бүгд инээлдэн хий юмнаас айцгаасандаа хөхрөлдөн сүнс дуудах ажилдаа эргэн орлоо.

Банди 5: Та хэрвээ зөвшөөрч буй бол энэ зургийг эргүүлнэ үү!?
Бусад: Эргэхгүй л байна даа. Болдоггүй бололтой.
Банди 5: Буруу дуудаад байгаа юм байхдаа.
Банди 1: Сатан чинь Монголоор ярихгүй, Англиар ярьдаг юм биш үү.
Бусад: (инээлдэнэ)
Банди 5: Англиар ч биш Латинаар л ярьдаг байх шүү.
Банди 2: Тэгээд Будда ирээд хаанахаар ярих болж байна.
Үл мэдэгдэх хоолой: Сэтгэлийн хэлээр.
Бүгд: Юу байсан бэ? Юу байсан бэ?
Үл мэдэх хоолой: Хүсэж байгаа юмаа сайтар тунгаан бодож бай!
Бүгд: Сонссон уу!? сонссон уу?

Ахиж хэчнээн оролдсон боловч дуу хоолой ч сонсогдсонгүй, зураг ч эргэсэнгүй. Үүрийн туяа цонхоор тусаж эхлэх үед бүгд ядран унтацгаалаа.

Банди 2: чи зүгээр үү?
Охин 3: Аанхаа.

Хүн хүссэн юмаа сонсдог нь жам юм даа...

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...