Skip to main content

Хүн дагаж уйлав

@oliverspeaks1 Teaching myself how go read and this is the results of it #booktok #books #readmorebooks ♬ original sound - Oliver James

Интернэтээр явж байгаад ийм бичлэгтэй таарлаа. Нэг залуу уншиж сурч байгаа үйл явцаа тикток-д оруулдаг юм шиг. Би өөрөө тикток хэрэглэдэггүй боловч хүмүүс сонирхох юм болов уу гээд холбоосыг нь уяв. 34н насандаа уншиж сурч байгаа юм байна. Одоо би өнгөрсөн, хөгширсөн гээд хаяж болох байтал тэгсэнгүй. Чадна, болно гээд уншиж сурахаар шийдэж. Надад бол төсөөлөгдөхөөргүй зүйл. Мэдээж би эхээс төрөхдөө л ярьж бичиж байгаагүй нь тодорхой. Гэхдээ бага байхын л ном уншиж өссөн болохоор энэ хүн амьдралдаа бүхэл бүтэн гуч гаруй жил тэгж амьдарсан гэхээр ойлгомжгүй ч юм шиг. Хүн болгон л шоолдог байсан байхдаа гэж бодлоо. Би хэрвээ ийм хүнтэй таарвал яах бол дорд үзэх болов уу? Хөгжлийн бэрхшээлтэй юм болов уу л гэж бодох байх даа.

Одоо уншиж байгаа ном нь Charlotte's Web гээд хүүхдийн ном. Насанд хүрсэн хүн уншиж болохгүй гэсэн үг биш боловч Америкчуудын хувьд хүүхэд бүр хичээл дээрээ унших ёстой номын тоонд ордог байх. Эхлээд би өрөвдөлтэй ном болохоор уйлж байгаа юм болов уу гэж бодож байтал тийм биш ч юм шиг. Уйлахаар ном мөн үү гэвэл бараг л мөн. Гэхдээ уншигчийн наснаас шалтгаалах буй за. Энэ залууг бага байхад нь багш нь дарамталсаар байгаад trauma -тай болоод сургуулиа хаясан юм байна. Тэгээд унших бүрийдээ тэр нь сэдрээд тэрийгээ давж гарах гээд байгаа юм байна. Хэчнээн харамсалтай билээ. Хэчнээн хүүхэд энэ залуу шиг өссөн бол. Тэгээд энэ залууг дагаад хэсэг уйлав. Залууг өрөвдсөн үү, өөрийгөө өрөвдсөн үү, өөр бусад хүүхдүүдийг бодоод уйлсан уу мэдэхгүй. Монголд эрэгтэй хүн уйлбал хүүхэн шиг шалчигнасан гээд л шоолно. Хүн л болсон хойно уйлбал уйлаг л даа. Байгаль цаанаасаа уйл гээд нулимс заяасан байхад.

Энэ залуу гэхдээ зоригтой юм аа. Бахархмаар. Би лав айж, ичээд ингэж чадахгүй байх. Эрэгтэй хүн уйлахыг дэмжиж байгаа мөртөө хүмүүсийн дэргэд уйлж байсан гэдгээ санахгүй байна. Кино үзээд харанхуй театрт уйлж байсан байж магадгүй. Тэгэвч тэрийг дэргэд минь суусан хүн бид хоёроос өөр хүн мэдэхгүй. “I should know this already” гээд өөрийгөө зоригжуулж байгаа юм уу, харааж байгаа юм уу. Урам өгч байгаа байх даа. Заримдаа би шинэ юм хийж, сурч үзмээр санагддаг боловч за одоо ч арай чадахгүй байхдаа гэж боддог. Тэгж бодож байснаасаа ч ичих шиг. Би тэрийг сурсан сураагүй л хөгшрөх болохоор оролдоод л үзэх хэрэгтэй байх даа. За тэгээд хамгийн эхэнд сурмаар байгаа зүйл минь юу билээ. Нягтлан бодох бүртгэл хийж сурмаар юм шиг. Зүгээр л байгуулга санхүүгээ яаж бүртгэж явуулдаг гэдгийг мэддэг байх нь чухал юм шиг санагдана. Дараа нь төгөлдөр хуур тоглож сурмаар санагдана. Бага байхад манайд том төгөлдөр хуур байдаг байлаа. Үеэл эгч минь аймаар гоё тоглоно. Нэг ая зааж өгснийг нь байнга давтаж тоглоно. Тэгээд том болох тусам нэрэлхүү юм болохоор санаа зовно. Чанга чанга хөгжим тоглохоор хүмүүс юу гэж боддог бол гээд айсаар байгаад тоглохоо больсон. Хөгжимд гэхдээ авьяас хэрэгтэй юм шиг байгаа юм хэмээн өөрийгөө аргадна. Солонгос хэлээ сайжруулаад, герман хэл сурмаар байх юм. Даанч дэмий л мөрөөдөл байх даа. Энэ залуутай уйлснаас болсон сэтгэлийн хөөрөл байж мэднэ. Гэхдээ л сурчихвал хэрэгтэй байгаа юм сан. Маргааш гэхэд л энэ залууг би мартчихаж байх даа. Мундаг залуу харин өөрөө зорилго мартахгүй уншиж сураарай. Хорвоо дэлхийгээр дүүрэн гоё ном байгаа болохоор тэднүүсийг уншаасай. Тэгээд магадгүй надаас сүүлийн нэг жил уншсан номуудаасаа хамгийн таалагдсан нэгийг нь санал болгооч гэвэл Their Eyes Were Watching God by Zora Neale Hurston. Ядаж байхад бас аймаар уйлуулах магадлалтай ном юм даа. За гэхдээ уйлахад юу нь буруу байхав дээ. Энэ залуу болон бусад шинэ зүйлс сурч байгаа хүн болгонд амжилт. Өөртөө бас амжилт.

Comments

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...