Skip to main content

Гэрлэх санал

Та бүхэн өмнө нь хэрхэн гэрлэх санал тавих талаар бодож байсан уу? Үгүй бол би та бүхэнд түүхээ ярьж өгье. Тийм бол та бүхнийг миний түүхийг сонирхохыг хүсье. Магадгүй атаархуулах гэсэн миний аминчхан хүсэл биз ээ.

Тэр бусдаас өөр байсныг хэлэх хэрэгтэй биз. Бусдаас өөр байсан болохоор надад бусдаас өөр гэрлэх санал хэрэгтэй байлаа. Яг ямраар өөр байсныг би та бүхэнд одоо хэлж өгий. Түүний цонхны тавцан дээр дөрвөн цэцэг ургадаг байлаа. Цэцэг бүр өөр өөрийн гэсэн улиралтай юм шиг нэг нэгээрээ ээлжлэн нахиалан, дэлбээлнэ. Ягаан нь зун. Цагаан нь өвөл. Улаан нь хавар. Шар нь намар. Би заримдаа түүний цонхны доор суугаад өдөржин тэр цэцэгсийг харан суудаг сан. Гэхдээ би цэцгийн эзнийг хэзээ ч сонирхож байгаагүй юм байна. Магадгүй тэр үед би жоохон байсан байх. Нэг өдөр ягаахан цэцэг дэлгэрэхээ хүлээн сууж байлаа. Хажууд хэн нэгэн ирж суув. Би ч анзаарсангүй. Ягаан цэцэг дэлбээлбэл ямар харагдах талаар ургуулан бодно. Чи түүнийг хармаар байна уу? гэх дэргэд суух хүнийхээ дуунаар хажуу тийшээ харвал надын үеийн нэг охин сууж байв. Байдгаараа инээнэ. Халтартсан нүүрийг нь цагаахан инээмсэглэл нь гэрэлтүүлнэ. Гэхдээ түүнд онцгой нэгэн нүд байлаа. Яг л шөнийн харанхуйд гэрэлтэх тэргэл сар. Тас хар нүднээс нь гэрэл цацарна. Болох юм уу? гэж гайхан асуувал. Чамд бол болно. Чи өдөр болгон хардаггүй гэж үү? гэж тэр асуув. Би юу ч дуугарсангүй толгой дохилоо.

Би анх удаа цэцэгт цонхны орцоор оров. Байшингийн хамгийн зүүн захын орц. Яагаад ч юм бэ!? аль орц байсныг нь дурсах хэрэгтэй юм шиг. Төсөөлөн бодоход тань тус болох ч юуны магад. Би шат өөд догдлон алхана. Амьдрал өөд тэмүүлэн буй тэр ягаан цэцгүүд хэчнээн үзэсгэлэнтэй харагдах бол хэмээн бодоход бяцхан зүрх минь дэлбэрэх гэж буй мэт оволзоно. Гурван давхарт гарлаа. Мөн л хамгийн зүүн талын хаалга. Тэр хонхондоо хүрдэггүй тул хаалгаа байдгаар нь балбав. Ээж нь нэрийг нь дуудсаар ирлээ. Би түүний нэрийг хамгийн анх ингэж мэдлээ. Асуухаа ч мартаж. Яг л миний төсөөлж байсан шиг нэртэй ажээ. Тэр миний гараас атгаснаа намайг гэртээ татаж оруулан шууд өрөө лүгээ чирэв. Би явах дундаа нэг хөл дээрээ догонцон гутлаа тайлав. Ээж нь ийм юм болж л байдаг гэсэн шиг тоосонгүй. Бид хоёр жоохон байсан болохоор аргагүй биз ээ. Хэрвээ ахиуд хэдэн жилийн дараа байсан бол магадгүй намайг гаргаад чулуудах байсан биз. Бид хоёр өнөөх ягаан цэцэгсийн өмнө зогсоно. Каланчое /Kalanchoe/ гэж чихэнд минь шивнэв. Би галанчое гэж сонсоод гал мэт хэмээн нэрлэсэн юм байна хэмээн бодож билээ. Тэр өдрөөс хойш бид хоёр каланчоег өдөр болгон арчлах боллоо. Тэр надад хэрхэн услахыг, яаж дэлбээг нь гэмтээлгүй арчихыг, хэрхэн бордохыг гээд цэцэг арчлах талаар бүхий л зүйлсийг зааж өгөв. Нэг өдөр каланчое байхгүй болчихсон байлаа. Би сандран гүйсээр тэднийд очвол тэднийх нүүж байлаа. Тэр аль хэдийнээ явчихсан байв. Надад хэлэлгүйгээр. Баяртай ч гэлгүйгээр тэр намайг орхиод каланчоег аваад явчихсан байв. Би үнэндээ каланчоед харамсаагүй түүнд гомдож байгаагаа мэдэж байлаа. Учир нь би бүтэн жил хоосон цонх ширтэн суусан юм. Тэр хугацаанд би хэрхэн хүмүүс цэцэггүйгээр амьдарч байгааг төсөөлж чадахгүй байв. Тэрний цонх, тэдний гэрэл бүгд цэцгээ санан ганцаардаж байх шиг санагддаг сан. Би өөрөө цэцэг тарьж эхэлсэн боловч амжилт олсонгүй. Би юу ч сураагүй нь тодорхой байлаа. Эсвэл тэд бүгд ганцаардаад каланчоег санаад үхээд байх шиг санагдсан тул би ахин цэцэг ургуулах гэж оролдсонгүй. Харин тэнгэр ширтэн танил сарыг ширтэх болов. Төрсөн өдрөөр минь надад дуран авч өглөө. Би улам улмаар одод ялангуяа саран дурлах болов. Харж болдог бол наранд ч бас л дурлах байсан биз ээ.

Оюутан боллоо. Одон оронч болох чин хүсэлдээ хөтлөгдөн одон орны ангийг сонгов. Надаас өөр үүнийг сонирхдог хүн байдаггүй мэт санагддаг байсан бол оюутан болоод үгүй юм байна гэдгийг мэдэж авлаа. Манай анги арван хоёр хүүхэдтэй. Тэгэвч үнэндээ надаас гадна гурав нь л үнэхээр оддын гэрэлд дурлачихсан нь мэдрэгдэнэ. Тэд нар миний найз болов. Үгүй ээ магадгүй оддын хүрээлэнд бид хамтдаа зорчих болов гэж ч болох юм. Энэ хооронд би хэн нэгэнтэй үерхэх тухай бодож байсангүй. Үргэлж л хардаг тэнгэрээс минь өөр зүйл толгойд минь орж ирж байсангүй. Нэг орой найзуудтайгаа худлаа ярин сууж байтал тэд нар гэнэт өрөөний нөгөө буланд байгаа охидтой танилцах санал аргав. Та нар мэднэ дээ олуулаа болчихоороо эрчүүд хэрхэн зоригтой болдгийг. Яг л дүрэлзэн асах гал мэт бүхэл бүтэн ойг ч шатааж чадах мэт авирладаг даа! Тэр ч бид нарыг тойрч гарсангүй. Харин хэн очиж яриа өдөх нь л хамгийн маргаантай асуудал болов. Ингээд нэгнээ түлхлээ. Болдоог хамгийн яриагаар нь явуулъя гэв!? би харин Оргилыг царайлаг болохоор нь явуулъя гэв. Ингээд нэгнийгээ түлхэн түлхсээр эцэст нь шодохоор болдог юм байна. Газар, тэнгэрээ үзэж нэг, хоёрын гурваа. Тэнгэр. Тэгтэл бүгд газар гарчхаж. Би сондгойроод тэнгэр гаргасан байжээ. Би үнэндээ ойлгосонгүй. Одон орончид байж хэрхэн тэнгэрээс урван газрыг сонгож байна вэ!? Би эсэргүүцэв. Би гүрийв. Тэд нарыг булхайцсан хэмээн хэчнээн мэтгэвч дийлсэнгүй. Тэд нар намайг суудлаасаа шахсаар гаргачихлаа. Надад ганц тэд нар дээр очин яриа өдөх боломж л үлдэв.

Би аажуухан алхана. Бусад хүмүүс миний хийх гэж байгаа зүйлийг мэдчихээгүй байгаа гэж эргэн тойрноо харвал бүгд л өөр өөрсдийнхөө ярианд анхаарцгаан намайг анзаарах сөхөөгүй. Найзууд минь харин цаашаа, цаашаа хэмээн дохицгооно. Би улам ойртсоор л. Энэ үед охидын суусан ширээний цонхны тавцан дээр ягаан цэцгүүд байхыг харав. Нэг мэдсэн би ваартай цэцгийг барьчихсан харин нөгөө охид над руу байдгаараа ширтчихсэн сууж байх юм. Яах аргагүй каланчое шиг харагдсан тэдгээр цэцгүүд хиймэл байж. Шилээ зүүгээгүй би даанч тэрийг нь анзаарсангүй. Магадгүй хэтэрхий удаан хараагүй болохоороо сэтгэл минь хөдлөн өөрийн эрхгүй шүүрэн авсан ч байж болох. Охид байдгаараа намайг ширтсээр л. Би цэцгийг эргүүлэн тавиад "Уучлаарай, би энд байсан хамгийн царай муутай цэцгийг нь авчхаж" гэвэл тэд нарын нүд нь улам том болон намайг нүхлэх мэт харцгаана. Би юу хэлснээ өөрөө ч ойлгосонгүй. Үнэнийг хэлэхэд намайг хүний сонсохыг хүссэн үгийг олоод хэлчихдэг муухай амьтан хэмээн олон хүн буруутгадаг юм. Энэ магадгүй миний давуу тал байж болох ч заримдаа үнэн гэдэг зүйл эдгээр үгс дунд алдагдчихдаг юм шиг. Энэ чадвар маань ч тэр үед гарчих шиг болов. "Үгүй яахав дээ, энд баахан цэцэг байгаад би өөрийнхөө ширээн дээр тавих гэсэн чинь би хамгийн муухайг нь сонгоод авчихлаа" хэмээн үргэлжлүүлэн хэлээд инээмсэглэлээ. Тэд нар байдгаараа хөхөрцгөөж гарав. Танхим дахь хүмүүс намайг шоолж байна хэмээн бодсон байж болох юм. Гэвч би энэ л хамгийн тохиромжтой үед гэдгийг мэдэж байлаа. "Тэгээд та хэд бид нартай нийлэхгүй биз" гээд ширээ рүүгээ заав. Тэд нар хоорондоо жиг жуг хэмээн инээлдэж байснаа нэг нь цэцэг явдаггүй биз дээ гэхэд бүгд хөхрөв. Би ч тэгвэл бид нар та нартай гээд эргэн найзуудаа дуудах гэтэл тэд нар байдал нааштай байгааг мэдсэн бололтой аль хэдийнээ миний ард ирцгээчхэж. Үүнээс хойш бүх юм эмх замбараагаа алдлаа. Хэтэрхий их чимээ шуугиад би ч бага зэрэг ядарч эхэлсэн тул агаар амьсгалахаар түр гарав. Тэнгэр цэлмэг орой байлаа. Насаараа дурласан одод минь урд урдынхаас ихээр гялалзан, сар улам тодоор гэрэлтэнэ.

Хэн нэгэн хажууд зогсоод намайг юу хараад байна вэ!? гэсэн шиг дээшээ харж байлаа. Гайхан харвал өнөөх охидын нэг нь байв. Яг нарийн ярих юм бол хамгийн буланд суучхаад өнөөх хиймэл цэцгийг нүднийхээ булангаар хааяа нэг хялайн харж байсан охин. Тэр гэнэт чи яагаад тэр цэцгийг гэнэт шүүрээд авчихсан юм бэ? гэж асуув. Би үнэндээ өөрөө ч мэдэхгүй байсан тул юу хэлэхээ мэдсэнгүй. Каланчое. Чи мэдэх үү? гэж тэр ахин асуув. Би одоо л яагаад түүнд тэгж их татагдсанаа мэдлээ. Каланчое. Тийм байж тэгээд л би өөрийн эрхгүй тэр цэцгийг татаад авчхаж. Тийн каланчое би юу билээ гээд бодоод байсан юм, яг тийм байна. Каланчое хэмээн хашхирах шахам хэлбэл. Тэр над руу хараад чамайг ... гэснээ дуугай болчихлоо. Тэрний нүднээс яг л тэр өдрийнх шиг сар гэрэлтээд л. Би түүнийг таньсан шиг тэр ч гэсэн намайг танив. Бид хоёр юу ч дуугарсангүй нэгнийгээ ширтэнэ.

Арван хэдэн жил сэтгэл зүрхний гүнд нуугдаж байсан бөмбөлөг агаарт хөөрөн нисээд гарчих шиг. Би өөрийн мэдэлгүй түүн рүү алхаад түүнийг тэвэрчихлээ. Түүний зүрхний цохилох нь мэдрэгдэнэ. Түг...түг...түг. Миний зүрх ч өөрийн эрхгүй түүний зүрхний хэмнэлд орохыг хичээнэ. Түүнийг харахаар тонгойвол тэр өнөөх л нүд гялбам харцаараа намайг ширтэж байв. Нүдээр минь дамжаад зүрх сэтгэлд минь эрээ цээргүй довтлон орох нь мэдрэгдэнэ. Гэвч энэ бүхэн надад таалагдаж байлаа. Учир нь тэр, тэр байсан болохоор. Зүрх сэтгэлийг минь тийнхүү эзлэн түрэмгийлэхийг нь би хориглохыг хүссэнгүй. Хүссэн ч дийлэхгүй байсан нь гарцаагүй. Нөгөө хэдийг гарж иртэл нь бид хоёр тийнхүү зогссон байв. Тэд нар бүгд бид хоёрыг асуух мэт ширтэнэ. Бид хоёр гар гараасаа хөтлөлцөөд зугтаалаа. Хамаг хурдаараа гүйцгээв. Яагаад ч юм бэ!? нэгэн зүгт гүйж байлаа. Бага насны дурсамж болсон цэцэрлэг өөд. Үүнээс хойш бид хоёр болзож эхэллээ. Би үргэлж тэднээ гадаа очоод цонхон доор нь суун түүнийг хэсэг хүлээгээд ирснээ хэлдэг байж билээ. Тэгээд тэр хооронд ахиад хүлээнэ. Дөрвөн цэцэг тэр л янзаараа байдаг байсан сан. Тэгээд тэр гарж ирнэ. Инээмсэглэсээр гарж ирээд надад тэврүүлэн эрхлэн үнсүүлнэ. Нэг мэдэхэд нэг жил болчихсон байв. Бид хоёр гэрийнх нь гадаа суугаад үүлсийг ажиглана. Энэ үед л би түүнтэй гэрлэх болсноо ойлгосон юм. Харин хэрхэн яаж гэдэг маань толгойн өвчин болж эхэллээ. Учир нь би хамгаас гайхалтайгаар гэрлэх санал тавихыг хүсэж байлаа. Болдог бол хуримын бөгжөөр цэцэг ургуулан түүнд өгөх сөн хэмээн бодно. Хамгийн сүүлд хэрхэн санал тавихаа бодож оллоо. Одоо харин эцэст нь эхэлсэн үлгэрээ төгссөн хэрхэн гэрлэх санал тавьснаа өгүүлье.

Өглөө эртлэн босож цэцгийн дэлгүүр орон урд өдөр нь захиалсан байсан зуун ширхэг цэцгээ авлаа. Гэртээ оруулж дэлбээ бүрийг нь болгоомжтой сугалан бэлтгэлээ базаав. Утсаа салган хамаг анхаарлаа ажилдаа зориуллаа. Арай хийн дуусаад цагаа харвал арван найман цаг болж байв. Дөрөв, таван зурвас түүнээс иржээ. Түүн рүү залгавал гомдоллож гарлаа. Би завгүй байсан юм гээд хоёр цагийн дараа очно гээд утсаа таслан тэднийх рүү гарав. Үдээн дээр нь очоод дэлбээнүүдээ асгалаа. Бага багаар асган гурван давхраас орцных нь үүдэнд хүргэв. Орцонд орох хүн болгоноос дэлбээнүүдийг хөндөхгүй байхыг гуйна. Энэ үед хийж байгаа зүйлийг минь сонирхон баахан хүүхдүүд хажууд минь шавааралдана. Ингэхийг ч мэдэж байсан би нэг, нэг цэцэг бариулан үнэнээ хэлэн тусламж гуйв. Тэд ч дуртай нь аргагүй шатны дагуу зогсоцгоолоо. Эцэст нь би түүн рүү залган гадаа нь ирснийг хэлбэл. Тэр гарж ирэхгүй гэж байх юм. Өдөржин алга болсонд минь гомджээ. Худлаа ярихаас өөр аргагүй болов. Манай ээжийн төрсөн өдөр юмаа тэгээд удчихлаа. Одоо хоёулаа оройн хоолонд амжих хэрэгтэй байна гэвэл тэр худлаа ярьж байгааг минь мэдчихэв. Гай болж ээжийн маань төрсөн өдрийг мэддэг байж. Тэгэхээр нь үнэнээ өчлөө. Ээжийн биш ээжийн эгчийнх нь төрсөн өдөр бөгөөд түүнийг түүнтэй танилцуулах гэсэн юм гэж хэлэв. Тэр эртхэн хэлэхгүй яасан юм бэ хэмээн утсаар намайг загнаж гарлаа. Тэгээд хурдхан гарж ирэхээ амлан утсаа тавив. Дор хаяж гучин минут болохыг минь би мэдэж байлаа. Хүүхдүүд сүүлдээ уйдацгааж эхлэв. Би тэд нараас гуйсаар л. Хаалга дуугарлаа. Тог ... тог ... тог хэмээн түүний бууж ирэх нь сонсогдоно. Орцны үүдэнд гарж ирэхэд түүний гайхалтай нүд гайхсан, эргэлзсэн бүхнээр дүүрэн. Хүүхдүүд ажлаа сайн гүйцэтгэжээ. Тэвэр дүүрэн цэцэгтэйгээр тэр гарж ирэв. Би өмнө нь сөгдөөд цэцгийн баглаа барин "Хорвоо дэлхийн цэцэг бүрийг ч зориулсан чи тэр дундаас үргэлж гэрэлтэх болно. Надтай гэрлээч." хэмээн бөгжөө барилаа. Тэр тиймээ хэмээн хашхирсаар намайг тэврэн авав. Би ингэнэ гэж бодож байсан ч зөвшөөрсөнд нь итгэж ядна. Баяр хөөр биеэр минь дүүрэн түүнийг тэврээд эргэж гарав. Тэр гараас минь хөтлөн гэр өөдөө гүйлээ. Ээждээ баярын мэдээгээ хамгийн түрүүнд дуулгахыг хүсжээ.

_______________________________________
Hanper
Өөрөө ингэж санал тавих байснаа дэмий бусдад дэлгэчихэв үү дээ о(^_^)о

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...