Skip to main content

Тоглоом

Балбарыг бага байхад нь тоглоомоор шахдаг байлаа. Машин, цэрэг, шатар гээд л хүссэн тоглоом болгоныг нь өгөхөөс гадна хүсээгүй, хараагүй дуулаагүй тоглоом хүртэл түүний өмнө өрнө. Цэцэрлэгтээ тэр хамгийн их тоглоомтой. Тэглээ ч гэсэн ангид нь тэр үйлчилдэггүй байлаа. Балбар хамгийн түрүүнд ирээд яаравчлан хамаг тоглоомыг өвөр дээрээ овоолсон ч багш нь нэг нэгээр нь энд тэндээс нь сэмээрхэн авсаар байгаад Балбарт ганц л тоглоом үлдээчихдэг байв. Арга мухардсан Балбар бодно. За яахав та нар тоглож л бай! би та нарт түр зээлүүлж байгаа юм. Харин тоглоомын цаг дуусаад унтах болохоор бүгд тоглоомоо хаяад явцгаана. Учир нь энэ бол тэд нарын тоглоом биш. Харин Балбар араас нь үглэн байж, тоглоом бүрээсээ уучлал гуйн байж газраас түүн байранд нь тавина. Багш нь үүнд нь тусална. Яг л уучлал гуйх мэт. Харин Балбар багшийгаа яагаад өдөр бүр адилхан алдаа гаргаад байгааг ойлгодоггүй байлаа. Нэг өдөр Бат, Уянга хоёр Бани бамбаруушийг булаацалдаж байгаад урчихлаа. Балбар тэр булангаас бүгдийг бүртгэн харж байсан тул яаран гүйж ирээд Батыг хүлхэж унагаагаад, Уянгын үснээс нь зулгаагаад уйлуулчихлаа. Багш нар ч ирээд Бат, Уянга хоёрыг аргадаж гарав. Харин Балбарыг загналаа. Тэгээд буланд зогсоочхов. Хөөрхий Бани бамбаруушаас хэн ч уучлал гуйсангүй. Харин ч эсрэгээр Балбарын хажууд байх цаасан хайрцаг уруу чулуудчихлаа. Балбар хэдий олон удаа уучлал гуйсан ч түүний нүд гунигтайгаар цоо ширтсээр л.

Тэр орой багш нь Балбарыг хоёр хүүхэд уйлуулсан, бусдаас тоглоом харамладаг гэх мэтчилэн ээжид нь ховлолоо. Ээж нь аавд нь ховлов. Аав нь юу ч хэлсэнгүй. Өвөр дээр нь хайртай цэргийг нь тавиад нөхөр цэрэг юу болсныг айлтга! гэвэл Балбар болсон явдлыг, гайхаж явдаг зүйлсээ аавдаа хэлэв. Аав нь тэсвэртэйгээр сонсож дуусаад толгойг нь илэн "Энэ цэрэг чиний хүүхэд , харин тэр тоглоомууд хэний ч хүүхэд биш за юу!" гэж хэлээд духан дээр нь үнсэн орон нь оруулаад яваад өгөв. Балбар орондоо цэцэрлэг дээрх тоглоомуудыг хэрхэн үрчилж авах тухай бодож гарлаа. Цүнхэндээ хийвэл багтахгүй, гэдсэндээ хийвэл бүүрч болохгүй. Халаасанд бол мэдээж яаж багтах вэ!? Цонхоор шидвэл халтар болчихно хэмээн түмэн арга сүвэгчилнэ. Гэвч нэг нь ч санаанд таарсангүй. Үүнээс хойш долоо хоног тоглоомуудаа авч явах гэж зүтгэсэн боловч нэгийг нь ч авч явж чадсангүй. Эцэст нь багш нь ээжид нь танай хүүхэд энэ янзаараа аяглах юм бол манайх хүлээж авч чадахгүй гэж хэлхийг Балбар сонслоо. Балбар шүд зуун хэний ч биш юмыг би авахад яачхаад байгаан хэмээн шулганав. Орой аав нь үлгэр ярьж өгчхөөд яагаад тоглоомуудыг авах гээд байгааг нь асуув.

-- Хэний ч биш тэр тоглоомууд аймаар өрөвдөлтэй.
-- Яагаад?
-- Хүн болгон дээрэлхэнэ, хэрэглэж дуусаад хаяна.
-- Тоглоомууд тийм юманд дасчихсан байлгүй дээ!?
-- Үгүй ээ тэд нар дасаагүй. Дасаагүй гэдгийг нь би мэджийна.
-- Миний хүү яаж мэдэж байгаа юм?
-- Хэн ч эцэг эхдээ хаягдахыг хүсэхгүй биз дээ?
-- Ээ миний хуу ухаантай шүү дээ. Харин арай өөрөөр бодож үзье.
-- Яаж?
-- Тэр тоглоомууд чинь та нар шиг олон аав ээжтэй гээд бодчих. Гэтэл нэг эцэг, эх нь өөрсдөө л хараад бусдыг нь харуулахгүй бол яах билээ?
-- Тоглоом бусад ээж, аавыгаа санана.
-- Тээр хараа биз, тэгэхээр одоо яах ёстой билээ!?
-- Хүн болгоноор тоглуулах.

Маргааш нь Балбар хайртай Иван цэргээ авч явлаа. Тэгээд багш дээрээ очоод багшаа би энэ цэргээ Бани бамбаруушаар солих гэсэн юм гэвэл багш нь гайхсан нүдээр харав. Балбар энэ миний хайртай цэрэг Иван. Би энийгээ хүүхдүүдэд өгье. Харин оронд нь Баниг аваад явчихъя тэгэх үү!? хэмээн гуйв. Багш нь угаасаа урагдчихсан тоглоом гээд хаячихсан байсан тул толгой дохив. Орой нь Балбар ээжийгээ шаналгасаар Баниг оёулж авлаа. Маргааш нь Балбар, Иван, Бани гурав зэрэгцэж суугаад тоглоомуудынхаа эцэг, эхтэйгээ тоглохыг баяртайгаар харан суулаа.

Comments

  1. Ямар хөөрхөн блог вэ. Блог дундаас нь хамгийн гоё нэгийг сонго гэвэл энийг сонгохоор гоё блог бичсэн байна. Toy story дахиад үзмээр ч юм шиг эсвэл одоо бүх тоглоом маань байхгүй болсонд харамсмаар ч юм шиг.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Магадгүй адилхан цэцэрлэгт тоглоомоо харамладаг байсан юм уу :p

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Тэнэмэл чулуу

Гэрээс гарсан чулуу гурван жил төөрдөг. Үл мэдэх хүү өшиглөөд явууллаа. Газар үзээгүй ганган чулуу хорвоо дэлхий үзэв. Бурхан өрөвдөх юм бол өргөөд л тавьчих газар. Тавилан нь юм болохоор даанч тэнэж одов. Эцэг нь хүүгээ загнана. Гутлаа муухай болгочихлоо. Зүгээр яваа ч чи. Ёс мэддэг бол хээрийн чулуу хөнддөггүй юм. Хөндий хоосныг нь дүүргэ гээд үглэх авай. Чулуу оршин байснаа мэдэх ч гарал үүслээ эс санана. Эцэг, эх байсан уу!? Их тэсрэлтэд алдсан уу!? Тэгэвч тэр нутагтаа буцах хүсэл тэмүүлэлтэй. Буурилж тогтсон нутагтаа эглээ тэврээд хэвтэх дуртай. Одоо эргэлдэж. салхи гүйгээд гүн бодолдоо тэр дарагддаг сан. Өвөр нь өвдөж, орой нь сийгнэ. Нутгаа хайж тэр мөлхөж гарлаа. Аавын бийд хүнтэй танилц агтын бийд газар үз гэж эцэг хүү дээ зөвлөнө. Өнчин чулуунд боломж байсангүй. Аргагүй эрхэнд тэнэмэл болов. Мөлхөж явахад нь хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Хүү тэгэвч үл ухаарна. Унаад босоход нь түшээд босгох хүн байгаа болохоор эрх дураараа гүйнэ. Нутагтаа ирэв үү!? хэмээвэл үер бууж түүнийг хөөн...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

Хуримд явав

Хоёр найзын хуримд уригдав. Гэрлэлт хосууд ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Найр дэлгэрч бүжиг эхлэх цагаар монгол дээлтэй хоёр ахмад талбай тойрон эргэв. Нүүрэндээ мишээлтэй тэр хоёр өөрийн эрхгүй сэтгэл сэргээв. Бүжиглэх гэдгийг жаргал болгож ашиглаад өтөл насандаа баясалтай буй нь надад халдаа биз ээ. Хундага нэг өргөв. Хоёр өргөв. Түүнээс цааш тоолсонгүй. За одоо больё доо гэж бодоод суулаа. Хөгжим чангарч хүмүүс хөл оров. Бүжгийн талбай он цагийн хэлхээс харуулна. Дээлтэй, хослолтой, даашинзтай хүмүүс зэрэгцэн бүжнэ. Намуун ая уянгална, хип хоп үгс урсана. Хүмүүсийн сэтгэл оргил дээрээ иржээ. Бялуу тарж амттай цаг дуусав. Тар гэж хэлэхгүй тэнгэрээс бороо шаагина. Хүргэн, бэрийн талийнхан бүгд аз жаргалтай баярлана. Ураг холбож буй хүмүүс тул өөр хоорондоо дотносож буй нь тэр биз. Би харин байснаараа ирээд байгаагаараа буцлаа. Магад танихгүй хүмүүс дээр очиж хундага өргөөд танил болох ёстой байсан юм шиг. Би өөрөө тийм талдаа хүн л дээ. Өөрөө танилцаж чаддаггүй. Хүн намайг танилцуул...