Skip to main content

Залхуурал

Залхуурал хүнийг алах юм даа. Алах ч юу байхав аажмаар мэрэх юм. Хөөрхий тэр этгээд өөрийн мэдэлгүй ертөнцийн хамгийн зальхай нөхрийн урхинд орооцолдчихоод өөрөө ч мэдэлгүй цагийг зугаатай өнгөрөөнө хэмээн баясна. Үлгэрийн гол дүр маань тийм л нэг нөхөр аж. Сүүл сүүлдээ нойр хүртэл ирэхээ болив. Унтахаасаа залхуурсандаа бус зүүдэндээ ирэх сүүдэр, мангасаас зугтаж залхаад л тэр. Сүүл сүүлдээ гол дүрийн маань зовхи нүүрс мэт болоод бие нь сулдан, сэтгэл алдрав. Залхуурал түүнд өөр сонголт үлдээсэнгүй. Гол дүр маань хорвоо ертөнцөөс залхуурлыг олон дарахаар шийдлээ.

Явсаар голын эрэгт ирлээ. Гол дээгүүр гүйсэн салхи цээжийг нь дүүргэн сэтгэлийг сэргээх тул гол дүр маань гутлаа тайлан тэнгэрт эрхлэн үлгэр шивнэн түмэн янзаар хувьсах үүлс ширтэн хөлөө урсгалд урсгав. Нар залхуутайгаар ээн намайг хараач, намайг хараач гэх мэт үүлсийн цаагуур бултайх нь таатай. Залхуурал дунд нь зүүд нойр ч ирэхээс дургүйцэн байхуйд нар уйдсандаа сажилсаар уулын цаагуур бөхийн орлоо. Хэдий тэр чигээрээ хэвтээд баймаар болов чиг аргагүйн эрхэнд гол дүр маань өндийлөө. Түүдэг бадраан, агаарт бүжих очис од болж байна хэмээн мөрөөдөн хэвтэхэд чоно тэртээд улих нь цуурайтав. Үүдийг далимдуулан түнэр харанхуйд айдас сэмээр гэтсээр гол дүрийн маань ар нурууг ороон авлаа. Гол дүрийн маань нуруугаар хүйт даан, сар хүртэл нуугдах мэт үүлсийн цаагуур шургалах аж. Өөрийгөө аргадах гэсэндээ эргэн тойрно гүйлгэн харсан ч аниргүй хөшгөө хээр тал аль хэдийнээ татжээ. Гол дүр маань залхуурч чадахгүй, тулалдаж ч чадахгүй хий доороо бөмбөгнөсөөр үүр цайлгав.

Одоо чи нэг санаа амрав уу? гэсэн шиг хоосон ходоод нь хоржигнож голын хожигнох, салхины сэрчигнэхтэй хоолой нийлүүлнэ. Идэх юм эрэхээс залхуурсандаа гол дүр маань голын уснаас гэдсээ дүүртэл залгилаад залхуугаа дарахаар цааш одлоо. Хөөрхий баатар эр маань голыг горхи болтол ууснаа анзаарсангүй. Одоо л мэдэж байгаа юм уу? Гол дүр маань баатар эр биш байсан бол үлгэрч би юунд ийнхүү өгүүлж байх билээ? Үлгэрч хүмүүс тийм ч ажилсаг нөхөд биш шүү дээ! Өдөржин цаас ширтэн гөлийн сууна, гадаа гарсан ч ялгаа үгүй зөрж өнгөрөх хүмүүс мод мэт зөрж өнгөрөхөөс цаашгүй. Гол дүр маань цааш явж байхуйд гэнэт ихээр давсаг нь чинэрнэ. Аргагүй дээ биеэ хөнгөлөх цаг болсон нь гарцаагүй. Гол дүрийг морь харж байтал тэнгэрээс гэнэт могой буух үзэгдэв. Сандарсан гол дүр маань өнөөх могойг шүүрэн аваад залхуурсандаа ч тэр үү? анхаараагүй дээ ч тэр үү? энэ чинь бохир цэнгэг усандаа оч доо гээд чулуудах гэтэл алаг эрээн могой хэлээ гозолзуулан, амаа ангалзуулан гараас нь хазаад авав. Хүний хэл ойлгоно хэмээн бодсон гол дүр маань эндүүрсэн байжээ. Ядаж байхад хортой могой байж таасанд гол дүр маань ухаан балартав.

Нэг сэрэх нь ээ дэргэд нь түүдэг бадарна. Гол дүр маань өндийн босох гэтэл толгой дутуу жижигхэн агуйд байж таарав. Хараал урсган хавдсан толгойгоо элсээр эргэн тойрноо ажвал агуйн аманд сар хэрэгт дурлан өнгийх агаад нөгөө буланд гэрэл бүрзийнэ. Хэрэгт дурласан дол дүр маань дэнгийн эрвээхэй мэт гэгэлзсээр өнөөх гэрлийг зүглэлээ. Гэрэлд ойртох тусам бал мэт үнэр цээжийг нь дүүргэн, сэтгэл бялууруулна. Гол дүр амьдралдаа ийм үзэсгэлэнтэй бүсгүй харж байсангүй. Горхи мэт үс нь нахиа мэт нурууг нь даган урсаад уянгат дуу нь цэцэг мэт өнгөөр туяарна. Явж явж гол дүр маань эрэгтэй болж таарав. Үзэсгэлэнт бүсгүйд анхны харцаар дурлачихлаа. Гоо бүсгүй гол дүрийг харж байгааг мэдээд гол дүрийг маань хүүе гэхийн завдалгүй гэрэл сацруулан могой болон хувирав. Гол дүр маань ухасхийн могойг барьж автал Аааа гэхийн завдалгүй ахиад хатгуулчхав. Залхуурлаас зугтан байсан зүүд нойр хоёр нүдийг нь энхрийлэн, хоёр хөлийг нь тушаад газарт өлгийдөн авлаа. Гол дүр маань ахин сэрэх үед өвгөн мод мөчрөө бөхийлгөн онгироо нарнаас түүнийг хамгаална. Дурласан баатар маань залхуурлыг дарж, зүүд нойрондоо дарагдах зорилгоо солин гоо дагиныг олж гэргийгээ болгохоор шийдэв. Хээр талаар хэсэж, уул ус давсан ч үзэсгэлэнт бүсгүйг олох найдлагагүй үгүй тул эрсэн бүхнээ олдог эрдэм сурахаар шийдэв. Хайсан бүхнээ авдаг ухаан эзэмшихээр шулуудав.

Хоёр хөл нь сульдан, залхуураад сулбайсан ч тэвчээр гарган урагшилна. Хоёр гар нь сажлан, санжганасан боловч тэнхээ мэдэн зүтгэнэ. Яван явсаар үлэмж биетнээс хамгаалах мэт нүсэр том цайзад тулж ирлээ. Үүдийг нь балбан, харуулыг нь дуудсаар дотогш орвол үс сахлаа сүлжсэн навтгар хүмүүс байх юм гэнэ. Тэнхээ чадлаа гайхуулсан, булчин шөрмөсөө хөгжүүлсэн түмэн байв. Хэдий тэгэвч гол дүр маань бууж өгөлгүй, цааш явалгүй нэг жил болов. Биеэ боловсруулан, тамир нэмэв. Баатар эр гэмээр булчин шөрмөстэй болов. Хавар ахин ирж, хаалга үүд балбах үлэмж биетнүүд буцах үед анд нөхөдтэйгөө салах ёс гүйцэтгээд алс холын орныг зорилоо. Ухаан нэмж, мэдлэг олохоор тэнгэрийн хязгаарыг зүглэв.
Газар түүнийг аргадах мэт хөл доор нь бамбалзана. Гайхсан гол дүр маань доош харвал хамаг бие нь намагт шигдээд урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй болсон байв. Аяа ингээд дуусна гэж үү? хэмээн уулга алдан, үзэсгэлэнт гүнжээ сүүлчийн удаан мөрөөдөн байх үед толгой дээр нь нэг мэлхий үсрэн буув. Нэг удаа хүний хэл ойлгодоггүй могойтой ярих гээд буруутсан одоо буруутсан ч алдах юу билээ? хэмээн бодсон гол дүр маань "Хөөе мэлхий намайг аварвал мянга ялаа барьж өгнө шүү!" хэмээн сүүлчийн хүчээ шавхан хэлэв. Мэлхий өмнө нь үсрэн буугаад нэг нүдээ онийлгон "Би жин барьж байгааг харахгүй байна уу?" хэмээн бувтнаад цааш харайн одов. Аяа ингээд үхдэг юм байж хэмээн бодсон гол дүр маань нулимс дуслуулан хүний хэлээр ярих ч хүний сэтгэлгүй мэлхий юм даа чи! хэмээн сүүлчийн хорон үгсээ чулуудвал өнөөх мэлхий эргэн харж урт хэлээ харван гол дүрийн маань духанд зоогоод авлаа. Гол дүрийн маань тархийг нь сорох шиг болов нүдэнд нь оч харван аймшигтайгаар өвдлөө. Уйлж байсан нүднээс нь нулимс сад тавив. Битгий донгосоод байгаарай чи гэх ууртай мэлхийн дуу тэртээд цуурайтаад алга боллоо. Нэг нүдээ нээх нь ээ, азтай гол дүр маань хуурай газар хэвтэж байв. Гоо дагинаа олчхоод ааштай ч гэсэн амийг нь аварсан ачит мэлхийн ачийг хариулахаа амлалаа.

Ард нь намаг амаа ангалзуулан ааштай мэлхий хараасаар хоцрох мэт бараантан үлдэв. Үүлэн дундаас солонго цацарна. Навтгаруудын оронд байхдаа гүн ухаантнууд суудаг Солонгот өргөө мөн гэдгийг ойлгосон гол дүр маань уул өөд мацаж гарав. Мартаж орхисон залхуу зан нь хамаг биеэр нь гүйн, үе мөчийг нь уяна. Дурлалт дагина нь хүндэрдэг хэмээн ятгана. Тэгэвч гол дүр маань бууж өгсөнгүй. Тэвчээр заан зүтгэсээр Солонгот өргөөнд үүдэнд ирэв. Шилэн тэр хотхоны өнцөг булан бүрээс гэрэл цацран үлгэрийн мэт үзэгдэнэ. Хаалганы дээр "Гэрэл хугаран солонго үүснэ. Бие хэмхрэн сүнс чөлөөлөгдөнө." хэмээн сийлжээ. Гол дүр маань онгорхой хаалгаар орох төдийд хоорондоо маргалдах хоёр өвгөнтэй таарлаа. Учир утгыг нь ойлгохооргүй зүйлс ярих тэр хоёрын сахал нь орооцолдоод салахын аргагүй болжээ. Тэгэвч тэр хоёр тоосон шинжгүй тэнгэр газрын явдлыг хэлэлцэнэ. Дээр байдгаараа тэнгэр эцэг, доод байдгаараа газар эх хэмээхэд нөгөөх нь аяа! доороос нь түшдэгээрээ газар эцэг, дээрээс тэтгэдгээрээ тэнгэр эх гэж сөргүүлнэ. Цаагуур нь олон түмэн хүмүүс түмэн зүйлс хэлэлцэн, буман зүйлс хийх нь үзэгдэнэ. Яахаа мэдэхгүй гол дүр маань хэсэг маанагтан зогсож байх ахуйд дэргэд нь нэг туранхай эр ирж зогслоо. Тэгээд хөшөө мэт хөшиж орхив. Яаж ч дуудсан, яаж ч оролдсон хөдөлсөнгүй. Үүнийг нь харсан бяцхан жаал гол дүр дээр маань дэгдэн ирээд шинээр ирэгч та тавтай морил. Солонгот өргөөний Хөшөөтаригч гэгч билээ бүү саад болох тун. Яахаа эс мэдэх аваас багш олж шавилан суутугай хэмээгээд дэгдэн одов. Тэндээс гол дүр маань багшаа эрэн нэг жилийг бараад багш, багш солин таван жилийг барав. Эцэс сүүлдээ гоо дагинаа ч мартаж эхэлж ахуйд хачирхалтай хэрэг болон зүүд нойронд нь могой орж ирэв. Баярлан сэрэх үест нь хүмүүс хашхиралдан, утаа баагьж байлаа. Яав, ийв гэвэл галзуу луу солиорсон мэт галаар тургин, утаа тортог баагиулна. Амь, амь бодоорой хэмээн орилон амар амгаланг сургагч багш нь хажуугаар нь гүйн одлоо. Үүнийг харсан гол дүр маань хий дэмий таван жилийг өнгөрүүлсэндээ харамсан толгойгоо шаасаар Солонгот өргөөнөөс буув. Гүн ухаантнуудын үзэн яддаг мэрэгч төлөгч нар л эцсийн найдвар болон үлдэх шив дээ.

Солонгот өргөөнд байхдаа сурсан ганц хэрэгтэй зүйл нь нисэж сурах байсан аж. Нүд ирмэхийн зуур салхи татуулан үүл мөргөчхөлгүй, модонд орооцолдчихолгүй ниссээр Тахианы яс, Цайны навч хотод ирэв. Ханын самбар дагасаар хамгийн шилдэг мэргэч дээр очихоор шийдэв. Самбар болгон өөр хүнийг хамгийн шилдэг гээд байх тул уур нь бадран, арга нь тасарсан гол дүр маань хамгийн том асарт дайран орлоо. Өргөөний голд шилэн бөмбөлөг ширтэн алтан хуруут, алтан шүдэт, цэхэр нүдэт эмгэн сууна. Гол дүрийг хараад муухан жуумалзаад төлбөрөө төл хэмээн зандрав. Солонгот өргөөнөөс авч гарсан чулуунуудаа ширээн дээр нь чулуудаад хүссэн зоригоо хэлэн, амьдралаа хүүрнэв. Эмгэн унтаж донхойн суусаар дуусах үед нь шилэндээ үлээв. Бүрзгэр үүлс л эргэлдэхээс өөр юм гол дүрд маань үзэгдсэнгүй. Эмгэн жуумалзан эндээс явсаар газрын эцэс, тэнгэрийн хязгаарт хүрч чадвал эрж яваа хүнээ олох юм байна хэмээн өгүүлэв. Зальт эмгэн дэлхий бөөрөнхий гэдгийг хэлээгүйдээ их л оодрон жуумалзана. Даанч гай газар доороос, гахай модон дундаас гэгчээр гүн ухаан сурахаас гадна юм үзэж, шинжлэх ухаан гэгчийг дуулсан гол дүр маань дэлхий бөмбөрцөг гэдгийг мэдэж байв. Тэгээд хэзээ хаана төгсгөл нь ирэх билээ хэмээн гайхан сууж байлаа. Эцэст нь эхэлсэн цэгээсээ явсаар эргээд ирэхэд газар дуусаж, тэнгэр төгсөнө хэмээн шийдээд хорвоо дэлхийг тойрохоор шийдэн эмгэний асрыг орхин гарлаа.

Нисэн ниссээр урд өмнө нь дуулж байгаагүй хачин сонин оронд ирэв. Хүн бүхэн нь гар дээрээ явах юм гэнэ. Гайхан очиж асуувал "Бид дэлхийн доор байдаг тул дэлхийг гар дээрээ өргөж явдаг юм. " хэмээн хариулав. Гол дүр маань үгүй гэж ятгаад мэдэж дуулснаа хэлэх гэтэл хөл дээрээ явагч чөтгөр гээд чулуу, мод нүүлгээд байх тул арга үгүй орхин нисэв. Мөн цааш ниссээр өөр нэгэн хачин оронд ирлээ. Аварга том халимын сүрэгтэй амьдардаг хүмүүс байх юм гэнэ. Усанд арван минут байхдаа элдэв дутуу ажлаа хийгээд агаар амьсгалах гэж мандал дээр гарч ирэхдээ сонин хачнаа солилцон хоорондоо харьцах юм гэнэ. Тэнгэрт нисэх гол дүрийг маань хараад уснаас зугтагч хэмээн хараан усанд авч орохоор оролдоцгооно. Хөөрхий гол дүр маань золтой л уургад нь өртөн далайн ёроол уруу хамтдаа шумбачихсангүй. Эцэст нь мань гол дүр хорвоо дэлхий хачин сонин ч, хүн гэдэг аюултай юм байна хэмээн шийдээд өөр бусад орноор зочлохгүй байхаар шийдэн эхэлсэн газраа эргээд очихоор тэнхээ мэдэн нислээ. Тэнгэрийн хаяанд бараан үүл цугласаар, жихүүн салхи далайг өдсөөр аянга цахилгаан гялтганаж эхлэв. Нисэж байсан гол дүр маань арга байхгүй газарт буух хэрэгтэй боллоо. Хамгийн ойр үзэгдсэн аралд ирвээс өнөөх үзэсгэлэнт дагина нь утас зүү ээрэн, үүл, давлагаа нэхэн сүлжин байх юм гэнэ. Гол дүр баясан уулга алдан дэвхэцсээр өмнө нь сөгдөн, гарыг нь атган сэтгэлийн үгээ илчлэв. Гоо дагина гэрэл цацруулан могой болон хувираад хөөрхий гол дүрийг амьсгаа авахын завдалгүй хазан одлоо.

Гол дүрийг сэрэх үед тэнгэр цэлмэчихсэн, одод түүнийг шоолон байх. Аралыг нэгд нэгэнгүй нэгжин, чулуу бүхнийг сөхсөн ч үзэсгэлэнт дагинаа олж чадсангүй. Дурлалт бүсгүйгээ эрээд олсонгүй. Тэгтэл гэнэт цээж нь хөндий хоосон оргиод явчхав. Түрүүхэн булгилан байсан зүрх нь зогсчхов. Гараа тавин үзвэл анир үгүй. Амьсгаа түгжин сонсвол лугших нь мэдрэгдсэнгүй. Гайхан зүрхээ харвал хөндий цээж нь хоосон, орь зүрх нь оргүй болсон байлаа. Гэнэт энэ бүхэн нь тийм ч сонирхолтой санагдсангүй. Хачирхалтай, ерөөлтэй юм ч байсангүй. Мөрөө хавчаад гол дүр маань эх нутгаа зорин нислээ. Хорон санаат дагина зүрх хулгайлдаг нь үнэн бөлгөө. Хулчийх зүрхгүй болсон эр баатар болсон түүх энэ ажгуу.

Comments

Popular posts from this blog

#10. Тэмээлзгэнэ

Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ. Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс...

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас ...

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч...