Skip to main content

Алмас Хүн хар гөрөөсийнд зочилсон нь:

Монголд Алмас байдаггүй хэмээн Мазаалай гомдоллов. Хүн хар гөрөөс араас нь дэмжлээ. Хулсны баавгай, хулсны баавгай л гэх юм! Би ч гэсэн мөхөж байгаа амьтан шүү дээ хэмээн Мазаалай тунирхав. Хүн хар гөрөөс ард нь толгой дохилоо. Мазаалай толгой эргүүлэн Хүн хар гөрөөс өөд архиран чи ч гэсэн үг хэл л дээ! Худлаа дүмбийчхөөд хэдий удаан ингэж байх гэсэн юм бэ!? Одоо л хэлэхгүй бол бид нарт өөр боломж олдохгүй шүү хэмээв. Хүн хар гөрөөс хоолойгоо засан Мазаалайн араас гарж ирээд:

Алмас гэдэг чинь байна шүү дээ! Хойд туйлд байдаг манай төрлийн амьтан байхгүй юу! Цагаан баавгай тэр хоёр ихээхэн найзалдаг юм. Яг л Мазаалай бид хоёр шиг хэмээн сайрхав. Тэгснээ Мазаалай өөд эргэн “За хоёулаа ингэж гомдоллоо гээд юу л өөрчлөгдөв гэж дээ!? Өмнө нь ингээд яалаа золтой л шувууны хараал хүрчхээгүй биз дээ!? Хоёулаа буцъя тэгэх үү?” гээд аргадангуй харлаа. Мазаалай жижигхэн биедээ баймааргүй томоор архирснаа санаа алдан үг ч дуугаралгүй эргэн одов. Хүн хар гөрөөс араас нь дуугүй дагалаа.

Нуурын мандал дээрх хун шувууд тэр хоёрыг шоолон бүжнэ. Монголд Алмас байдаггүй гэнэ ээ … хаха. Монголд Алмас байдаггүй гэнэ ээ … хохо. Өвгөн тогоруу урт хөлөө шидлэн өнгөрч буй залуу насны буй сүр жавхлангаа гайхуулан сүүлчийн удаа сүрэг дээгүүрээ эргэлдэв. Та нар Алмас харсан юм уу?

Бид Алмас хараагүй ч Монголд байдгийг хүн болгон мэднэ шүү дээ!

Алмас Хүн хар гөрөөснийд зочилдог гэдгийг мэддэггүй юм уу?

Алмас Хүн хар гөрөөснийд зочилдог гэнэ ээ … хаха.Алмас Хүн хар гөрөөснийд зочилдог гэнэ ээ … хохо.

Өвгөн тогоруу уртаар санаа алдаад нисэн одлоо. Хун шувууд Мазаалай, Хүн хар гөрөөс, Өвгөн тогоруу гурвыг шоолон нуурын усанд бүжицгээнэ. Хүмүүс учрыг нь мэдэхгүй ч гоо сайханд нь татагдан зураг авцгаав. Дараа нь тэдгээр зураг Аз жаргалтай Хун шувууд гэсэн нэртэйгээр үзэсгэлэн болон дэлгэгджээ.

Тэр өвөл цас их унаж зуд болов. Алмас хойд туйлаас Монголд суух Хүн хар гөрөөс хамаатныдаа айлчлан ирлээ. Хөөрхий хун шувууд халуун орныг зорин одсон тул энэ тухай олж сонссонгүй. Эргэн ирэхэд нь Алмас Монголд үзэгдсэн тухай цуурхал л сонсогдох биз ээ.

Алмас Хүн хар гөрөөснийд ирэх үед Мазаалай тэднийд унтаж байлаа. Алмас Мазаалай өөд толгой дохиод сэрүүн байсан бол хэчнээн их гомдоллох байсан бол хэмээн инээмсэглэв. Хүн хар гөрөөсний нүүрэнд мишээл тодрон удаан уулзаагүй андаа тэврэн авлаа. Тийнхүү тэр хоёр хол ойрыг ярилцан сууж байгаад Хүн хар гөрөөс хойд туйлын мөс хайлан Алмас андад нь амьдрахад төвөгтэй болж байгаа тухай мэдэж авав. Алмас харин Монголд цөлжилт болоод Хүн хар гөрөөс найзынх нь амьдрал тун чиг хүнд байгааг сонсов. Тэр хоёр хуучны сайхан цагийг дурсан найрлахаар шийдэн Мазаалайг орхин гарлаа.
Бүтэн сар хөдөө талаар хэсэн ан амьтан барьж идсэн шигээ Алмас, Хүн хар гөрөөс хоёр цэнгэцгээв. Нэг үдэш тэр хоёр Хүн хар гөрөөсний хулгайлж хадгалсан нэрмэлд халчихсан, уйлж дуулан явж байтал хүний хүүхдийн уйлах дуу сонсогдов. Хэдий хүнээс зай барин амьдардаг боловч амьд амьтны зулзага болохоор өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл нь төрцгөөн чимээ дагасаар хүүхэд уйлж буй газар ирлээ. Модон дунд бяцхан жаал уйлж байв. Алмас, Хүн хар гөрөөс хоёр чи оч, чи оч хэмээн нэг нэгнийгээ түлхэлцсээр эцэст нь дэмбээ тоглон шийдэв. Хүн хар гөрөөс аргагүй Монгол газар амьдардаг гэсэндээ Алмасыг төвөггүй дийлэв. Алмас хэдий хошуугаа уншуулан учирласан нүдээр Хүн хар гөрөөсийг харсан боловч түүний ширэв татсан харцанд ташуурдуулан хүү дээр очив. Алмас яг модон дунд хаялах цас овоорон, овоорсоор цасан хүн босгосныг нь өвлийн салхи амь оруулчихсан мэт харагдана. Алмас гэтэн гэдсээр жаал хүүгийн дэргэд суув. Ямар нэг зөөлхөн үстэй амьтан дэргэд нь суухыг мэдсэн хүү дээшээ өнгийн харлаа. Ахиад нэг л насаар ахмад байсан бол жаал айсандаа зүрх нь дэлбэрэн үхэх байсан биз ээ . Гэвч аз болоход сониуч зан нь айдсаасаа илүү насан дээрээ байж. Жаал хүү хоёр нүдээ бүлтийлгэн Алмасыг цоо ширтэнэ. Алмас зөөлхөн үслэг гараа явуулан хүүгийн нулимсыг арчаад инээмсэглэлээ. Гижиг нь хүрсэн хүү айдсаа ор тас мартан Алмасын гараас зууран инээнэ. Хүн хар гөрөөс энэ бүхнийг холоос харж байсан тул аажуухан дөхсөөр хажууд нь ирэв. Бас нэг аварга биетэн гарж ирсэнд үхтлээ баярласан жаал хүү хиг хог хийлгэн хөхөрч гарлаа.

Алмас, Хүн хар гөрөөс хоёр хэчнээн оролдоод ч ухаан сууж амжаагүй балчир жаалаас хаана амьдардгийг нь мэдэж чадсангүй. Хоорондоо яахаа хэлэлцэн сууж байтал хүү ч Алмасын дулаахан өвөрт унтаад өгчээ. Хүмүүсийн хашхиралдах, нохойн хуцалдах чимээ алсад цуурайтаж эхлэв. Тэр хоёр ч учрыг ойлгон хүүг тэвэрсээр ойн зах өөд зүглэлээ. Ойн захад ирэх үед хүүг хайж байсан хүмүүсийн бараа харагдахтай болсон байв. Хүн хар гөрөөс моддын мөчир хугалан цасан дээр дэвсэж хүүд ор бэлдэв. Ноход хуцах нь чихэн дээр сонсогдоно. Алмас, Хүн хар гөрөөс хоёр хүүг газар бушуухан шиг хэвтүүлчхээд мод уруу хурдхан шиг зугтлаа. Тэгэвч балчир жаалыг орхиод явж түвдэхгүй тул холдож эс чадан алсаас ажиглав. Хүмүүс ч удалгүй хүүхдийг оллоо. Гэвч анч нохдынх нь соргог хамар Алмас, Хүн хар гөрөөс хоёрын үнэрийг нэгэнт авчээ. Эздээ чирэн тэр хоёрыг зүглэнэ. Хүмүүс хүүгийн эргэн тойрон байх мөрийг хараад үлгэрт гардаг амьтан үнэхээр хүүхдийг нь хулгайлахаар ирлээ гэж үү!? хэмээн бодоцгоон ахиж эргэн ирэхээс нь өмнө дарж авахаа амлацгаан Алмас, Хүн хар гөрөөс хоёрын мөрийг мөшгөлөө.

Тэр хоёр холдож чадаагүй байсан тул энэ бүхэнд сандран зугтахаар эргэв. Тэдгээр аварга амьтадын хөдөлгөөн модын мөчир шүргэн их дуу гаргасанд хүмүүс сандарсандаа учир зүггүй буудацгаав. Удалгүй ноход ч хуцалдахаа больсон тул тэгсхийгээд алга болсон хүүг аван гэр гэрийнхээ зүг яарцгаав. Хүн хар гөрөөс амжиж моддоос тусламж гуйсан тул нойрсож байсан модод дуртай дургүй тэр хоёрыг нуужээ. Ердийн үед дуугардаггүй модод хөөрхий Алмасын шархтахыг хараад Хүн хар гөрөөсний гуйлтыг биелүүлжээ. Хүн хар гөрөөс арай хийн Алмасыг үүрсээр үүрэндээ ирэв. Үүрэндээ оров уу үгүй юу ядарч туйлдсандаа газар тэрийн ойчсонд их дуу чимээ гарч Мазаалайг сэрлээ. Ичээнээсээ эрт сэрэхээрээ ууртай байдаг Мазаалай хөөрхий шархтсан Алмасыг хараад бушуухан шиг Сохор номиныг дуудахаар явав. Сохор номин хараагүй ч гэсэн хөвчин ойд анагаах ухаанаараа алдартай билээ. Мазаалай, Сохор номин хоёр Хүн хар гөрөөсний үүрэнд ирэхэд үед Алмасын цасан цагаан үс нь ув улаан болчхоод, цогтой хоёр нүднийх нь гал нь бууж цэхийгээд хэвтэж байв. Сохор номин Алмасын шархыг үнэрлэж нэг үзээд, сонсож нэг үзээд, долоож нэг үзээд учрыг нь олсонгүй. Хий дэмий л толгойгоо маажин урд өмнө нь харж байгаагүй зэвсгээс олсон шарх байна гэхээс өөр юу ч хэлж чадсангүй.

Загийн үндэс, Самарын ханд түрхэн бурханд залбирахаас өөр аргагүй болов. Алмас бүтэн сар халууран шаналсан боловч эцэст нь тэнхээ орон сэргэлээ. Монгол нутагт хавар цаг ирэн хөндий талаар яргуй нахиална. Усны шувууд ч дэлгэр цагийг өнгөрүүлэхээр цуглажээ. Алмас хойд туйлдаа буцах аргагүй болсон тул Хүн хар гөрөөстэй цуг ирэх өвөл хүртэл амьдрахаар болж гэнэ. Хун шувууд энэ бүхнийг мэдээгүй ч Алмасыг хараад Мазаалайг шоолон Монголд Алмас байдаггүй гэнэ ээ … хаха. Монголд Алмас байдаггүй гэнэ ээ … хохо хэмээн шулганацгаана.

Мазаалай, Хүн хар гөрөөс, Алмас гурав тэд нарыг үл тоон цагийг зугаатай сайхан өнгөрүүлсээр өвлийг угтжээ.


______________________________________
Ханпер

Алмасыг нэг үхүүлдэг юм билээ гэсэн боловч хэтэрхий гунигтай болчхоод байсан тул аварчихлаа. :Д

2011 оны 08-р сарын 20

Comments

  1. onodrin shine blog bichkuuumuuu huleeseeeeeeer

    ReplyDelete
    Replies
    1. Мэдээгүйшд. Баярлалаа. :)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч

Маргааш

Маргааш, маргааш гэсээр арваад өдөр өнгөрчээ. Хойшоо суугаад байна уу гэвэл толгой өвдөөд байх аж. Тэгэвч хүсэж байсан бол хүчлээд бичиж болох л байсан биз ээ. Сар тал болчхоод толгой дээр гэрэлтэнэ. Хэн ч байсан мэдэж болох зүйлийг бичээд юу хийнэ вэ? Хэн ч уншихгүй байж магадгүй зүйлийг тэмдэглэж үлдээгээд өөр нэг өдөр өөрөө эргэж харж магадгүй юм. Тэр үед сар өөр нэг хэлбэр дүрстэй байх нь гарцаагүй. Монголд толгой, тархи хөдөлсөн гээд хэд бариулаад л зүгээр болчхоод байдаг. Гадаадад аль нэгийг нь аваачиж байгаад спорт эмчилгээнд нь оруулаад нэг, хоёр бариад л зүгээр болгочихдог аргаа хэрэглэвэл ч уул нь нэлээд хөлжих болов уу. Бага байхад барьдаг гээд л хөгшин өвөө нар байдаг байсан санагдах юм. Одоо болохоор хайгаад олддоггүй. Хүүхэдгүй хүнээс нуугдаж амьдардаг юм болов уу. Дүнхүүргэн л хүн явна би. Намар болоод цаг агаар сэрүүсэж байгаа болохоор уншиж буй та амар байна уу? Эрүүл мэнддээ анхаарна шүү. Ажил дээр ханиадтай хүмүүс нэмэгдээд байх юм. Тоонд нь орчихгүй юм сан. Би гэдэг